Засгийн газраас санаачлан боловсруулсан Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд олон улсын гэрээний дагуу нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын тогтолцоог сайжруулах, аюулг үй ажиллагаа, үр ашигтай хөгжлийг дэмжихэд чиглүүлэн хууль, эрх зүйн орчныг нь шинэчлэхээр тусгасны дагуу дээрх төслийг боловсруулжээ.
Иргэний нисэхийн тухай хуулийг 1999 онд баталж, зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байв. Шинэчилсэн найруулгын төсөлд иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг чиг үүргийнх нь дагуу Засгийн газрын тохируулагч агентлаг болгон өөрчлөн зохион байгуулахаар тусгажээ. Өдгөө тус байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн статустай. Бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор улсын төсөвт дарамт үүсэхгүй бөг өөд орон тоог дунд хугацаанд нэмэхгүй байхаар тооцсон аж.