Косовогийн хойд хэсэгт серб жагсагчид НАТО-гийн энхийг сахиулах хүчин болон цагдаа нартай мөргөлджээ. Энэ тухай BBC мэдээлэв
Мөргөлдөөн бүс нутагт албани үндэстэнд амбан захирагч нарыг томилсноос болж олон хоног үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалаас үүдэлтэй.
Жагсагчид Звекан хотын орон нутгийн зөвлөлийн байр руу нэвтрэхийг оролдсоны дараа тэдний эсрэг нулимс асгаруулагч хий, чимээт гранат ашигласан байна.
НАТО-гийн цэргүүд орон нутгийн хоёр барилгын эргэн тойронд хамгаалалтын бүс байгуулжээ.
4-р сард Косовогийн серб үндэстнүүд орон нутгийн сонгуулийг бойкотлосноор хямрал эхэлсэн байна. Энэ нь сонгууль 4%-иас бага ирцтэй байсан ч албаничуудад орон нутгийн засаг захиргаанд хяналтаа тогтоох боломж олгожээ.
Даваа гарагийн мөргөлдөөний үеэр шархадсан хүмүүсийн дунд Италиас ирсэн НАТО-гийн 11 цэрэг байгаа бөгөөд тэдний гурвынх нь биеийн байдал хүнд байна. Нийтдээ 25 энхийг сахиулагч, 50 орчим жагсагч шархадсан гэх мэдээлэл байна.
“France Press” агентлагийн мэдээлснээр, Звекан дахь НАТО-гийн энхийг сахиулагчид эхэндээ жагсагчдыг цагдаа нараас холодуулах гэж оролдсон ч дараа нь бороохой ашиглан цугласан олныг тараажээ.
Жагсагчид энхийг сахиулагчид рүү чулуу, шилтэй шатамхай шингэн шидсэн гэж тус агентлаг мэдээлэв.
НАТО эдгээр үйлдлүүдийг "байж боломжгүй"зүйл гээд бүх талуудыг " хурцадмал байдлыг улам өдөөх үйлдлээс татгалзаж", яриа хэлэлцээ хийхийг уриалав.
Зарим жагсагчид Украины эсрэг Оросын түрэмгийллийн бэлгэ тэмдэг болох Z үсгийг НАТО-гийн машин техникууд дээр бичжээ.
Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич эл мөргөлдөөний улмаас зэвсэгт хүчнээ бүрэн бэлэн байдалд оруулж, зарим анги нэгтгэлүүдийг Косовотой хиллэдэг хилд байрлуулахыг тушаасан байна.
Косовогийн 1.8 сая хүн амын 5 орчим хувийг эзэлдэг сербүүд дөрөвдүгээр сарын 4-нд болсон орон нутгийн сонгуулийг бойкотлосны дараа эмх замбараагүй байдал эхэлсэн юм.
Серб болон голдуу Албани үндэстнүүдийн хооронд олон жил мөргөлдөөн гарсны эцэст Косово 2008 оны хоёрдугаар сард Сербээс тусгаар тогтнолоо зарласан юм.
Косовог дэлхийн олон улс, тэр дундаа АНУ болон Европын холбооны ихэнх гишүүн орнууд хүлээн зөвшөөрсөн.