Бельгийн Льеж хотод өнгөрсөн мягмар гаригт болсон халдлагын улмаас зургаан хүн амиа ал даж, 123 хүн шархадсаны тавынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Хууль сахиулагчдын мэдээлснээр 15, 17 настай хоёр хүү хэргийн газарт амиа алдсан бол 75 настай эмгэн, 20 настай эрэгтэй, нэг настай хүүхэд эмнэлэгт нас барсан аж. Марихуан тарьсан, хадгалсан хэргээр 2008 онд шоронд сууж байгаад өнгөрсөн оны аравдугаар сард хугацаанаасаа өмнө суллагдсан, 33 настай Нордин Амрани энэ хэргийг үйлдсэн байна. Халдлага гарахас өмнөхөн цагдаа нар түүний гэрийг нэгжиж зэвсэг илрүүлсэн гэнэ.
Зарим эх сурвалжид мэдээлснээр гэмт этгээд ойролцоо байсан хүмүүс рүү гал нээж, гар бөмбөг дэлбэлснийхээ дараа амиа хорлосон аж. Льеж хотод Бельгийн Дотоод хэргийн сайд, ван II Альберт, Ерөнхий сайд Элио ди Рупо нар очиж нөхцөл байдалтай танилцжээ. AFP агентлагийн мэдээлснээр цагдаагийн ажилтнууд хотын төв рүү хүмүүсийг нэвтрүүлэхгүй байгаа гэнэ. Хотын захиргааны ажилтнуудын ярьснаар халдлага болсон газарт зул сарын баярт зориулсан худалдаа нээгдэх ёстой байсан ч цаг агаар муу байгаагаас хойшлоод байсан аж.
Хэрэв худалдаа нээгдсэн бол халдлагад өртсөн хүмүүсийн тоо хамаагүй олон байх байсан гэж тэд онцолжээ. Халдлага гарсны дараа цагдаагийнхан Нордин Амранийн гэрээс түүний хөршийн гэрийн үйлчлэгч эмэгтэйн цогцсыг олсон тухай ВВС дамжууллаа. Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар эмэгтэйг мягмар гаригийн өглөө хөнөөсөн байж магадгүй аж.
Х.ОД