
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Монголын урчуудын эвлэл жил бүрийн аравдугаар сарын 23-нд тохиодог Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдрөөр хамтарсан үзэсгэлэн дэлгэхээр болжээ.
Энэ үеэр мэргэжлийн уран бүтээлчдийн туурвисан “уулын эзэн”-ий сэдэвт, дүрслэх урлагийн бүх төрлийн бүтээлийг нэг дороос олон нийтэд танилцуулах юм байна. Манай улс цоохор ирвэсийн гол тархац нутгуудын нэгт тооцогддог. Эл амьтны тоогоор дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг.
Тиймээс монголчуудад “уулын эзэн”-ийг хамгаалах, устахаас сэргийлэх онцгой үүрэг ногддог юм. “Ирвэсийн эх нутаг” үзэсгэлэнгийн гол зорилго нь ч урлаг, уран бүтээлээр дамжуулан эл ховордсон амьтныг хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулж, сурталчлан таниулах аж.