Филиппинд дэгдсэн “Ваши” хар салхины улмаас одоогийн байдлаар 560 гаруй хүн амиа алдсан тухай олон улсын “Улаан загалмай” нийгэмлэгийн ажилтнууд мэдэгдсэнийг CNN дамжуулав. Тус улсын Минданао арал, Кагаян-де-Оро, Илиган хот гамшигт илүү нэрвэгдсэн аж. Гэрчүүдийн ярьж буйгаар зарим хотын байшин барилгын нэгдүгээр давхар бүхэлдээ усанд автсан гэнэ.
Филиппиний Байгалийн гамшигтай тэмцэх газрын дарга Бенито Рамоса “Гамшгийн улмаас амь үрэгдсэн, бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо цаашид ч өсөж магадгүй” гэж мэдэгдлээ. Түүнээс гадна 106 мянган хүн орон гэргүй болсон бөгөөд тэдний 34 мянга нь түр хоргодох байранд байна. Хар салхи дэгдсэн бүсэд цэргийн 20 мянган ажилтан, аврагч ажиллаж, сураггүй болсон хүмүүсийг эрж, бэртэж гэмтсэн хүмүүст тусламж үзүүлж байгаа аж.
Мөн замууд усан автаж, олон машин, тэр дундаа зорчигч тээврийн автобус зорьсон газартаа хүрч чадалгүй гацаад байгаа тухай эх сурвалжид онцолжээ. Жил бүрийн зургаагаас арванхоёрдугаар сар хүртэл Филиппиний бүлэг аралд борооны улирал тохиодог бөгөөд энэ үед 20 гаруй удаа хар салхи дэгдэн, үер болж, их хэмжээний хохирол учирдаг билээ. 1991 онд тус улсад болсон хар салхины улмаас зургаан мянган хүн амиа алдаж байсан юм.
Х.ОД