БНАСАУ-ыг 1994 оноос хойш удирдсан “агуу удирдагч” Ким Чен Ир энэ сарын 17-нд орон нутгийн цагаар 8.30-д таа лал төгссөн тухай тус улсын төв телевиз мэдээлснийг ВВС дамжуулав. Тэрбээр хуягласан галт тэргээрээ айлчилж явах үедээ нас барсан хэмээн эх сурвалжид онцолжээ. 69 нас хүрээд байсан Ким Чен Ирийн нас барсан тухай “Тэрбээр өөрийн цэцэглэн хөгжиж буй орны бүтээн байгуулалттай танилцаж яваад хэт ядарсны улмаас таалал төгссөн” хэмээн Умард Солонгосын агентлаг мэдээлсэн байна. Түүнд эмнэлгийн шаардлагатай бүх тусламж үзүүлсэн ч зүрх нь хаагдсан хэмээн АР онцлов. Ким Чен Ир сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчин, чихрийн шижингээр шаналж байсан ч эрүүл мэнддээ тө- дийлэн анхаараагүй, тамхи их татаж, согтууруулах ундаа хэрэглэсээр байсан аж.
Таалал төгссөн удирдагчийн цогцсыг Пхеньяны Кумсусаны дурсгалын ордон буюу Ким Ир Сений бунханд хадгалж байгаа аж. Энэ үйл явдалтай холбогдуулан Умард Солонгост энэ сарын 17-наас 29-нийг хүртэл гашуудал зарлажээ. Энэ хугацаанд гадаадын ямар ч төлөөлөгч, зочдыг хүлээн авахгүй, мөн ирэх долоо хоногийн лхагва гараг буюу энэ сарын 28-нд болох оршуулах ёслолд гаднынхныг оролцуулахгүйгээ тус улсын эрх баригчид мэдэгдсэн байна.
Ким Чен Уныг “агуу залгамжлагч”-аар зарлалаа, гэхдээ...
БНАСАУ-ын удирдагчийг оршуулах ёслол, түүнд бэлтгэх ажлыг Ким Чен Ирийн бага хүү Ким Чен Ун хариуцах гэнэ. Ким Чен Ирийг нас барсны дараа Умард Солонгосын удирдлага төрийн эрх Ким Чен Унд шилжлээ хэмээн зарлажээ. Гэхдээ засгийн эрхийг хэзээ, хэрхэн шилжүүлэх талаар мэдээлэл алга.
Өнгөрсөн онд тус улсын Хөдөлмөрийн намын ээлжит их хурал болж, Ким Чен Уныг төрийн өндөр албан тушаалд томилон, генерал цол олгосон билээ. Оросын улс төрийн тоймч, ажиглагч Андрей Ланьков “Ким Чен Ир хүүдээ засгийн эрхийг шууд биш, алгуурхан, хэдэн жилийн хугацаанд шилжүүлэн өгөхөөр тооцоолж байсан. Яг л Ким Чен Ирийн эцэг Ким Ир Сен шиг” хэмээн онцолж байсан юм. Ким Ир Сен өөрийн хүү Ким Чен Ирийн тухай олон жилийн турш ухуулга хийж, түүний тухай дуу шүлэг зохиолгон алдаршуулж, орон даяар зургийг нь өлгөн, ирээдүйн удирдагч гэдгийг нь ард түмэнд танилцуулж байсан аж. Ингэсний дүнд 1994 онд Ким Ир Сен нас барахад Умард Солонгосыг түүний хүү Ким Чен Ир удирдана гэдэг бүхэнд тодорхой болсон гэдэг. Ким Чен Ир ч эцгийнхээ жишээг дагахыг хүссэн гэдэгт ажиглагчид санал нэгдсэн билээ.
Харин үйл явдал удирдагчийн төлөвлөснөөр болоогүй тул байдал өөрөөр эргэнэ гэж гаднын зарим хэвлэлд бичжээ. Хэдийгээр Ким Чен Уныг залгамжлагч хэмээн зарласан ч тус улсын элитүүдийн дунд хагарал гарч магадгүй гэнэ. Мөн олон жил хөшигний ард байсан Ким Чен Уны нэр хүнд ард түмний дунд төдийлэн сайн биш, тэгээд ч нас залуу учир түүнийг улс удирдана гэхэд эргэлзэх хүн олон хэмээн тоймчид үзэж буй. Ким Чен Ирийг нас барсны дараа засгийн эрхийн төлөөх тэмцэл өрнөж, Ким Чен Уны хоёр ах, удирдагчийн хүргэн Чан Сон Тэк ч төрийн тэргүүний суудалд санаархаж магадгүй гэнэ. Ким Чен Ун 1984 (зарим эх сурвалжид 1983 гэж тэмдэглэсэн) онд Ким Чен Ирийн гурав дахь эхнэр, балетчин Ко Ен Хигээс төржээ.
Швейцарьд дунд сургууль төгссөнийхөө дараа тэрбээр Ким Ир Сений нэрэмжит Пхеньяны цэргийн сургууль дүүргэсэн, англи, герман хэлтэй. Түүнийг өнгөрсөн онд Чонжин мужийн уугуул бүсгүйтэй гэрлэсэн хэмээн барууны хэвлэлүүдэд бичиж байв. Юутай ч цөмийн хөтөлбөрөөс өө болж олон оронтой түнжин хагарсан, өлсгөлөнд нэрвэгдсэн, хаалттай БНАСАУ цаашид хэрхэх нь одоо “агуу залгамжлагч”-аас хамаарах нь.
БНСУ-ын хувьцааны индекс доошилж, доллар чангарав
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ир нас барсан мэдээ БНСУ-д нөлөөлж эхэллээ. Өмнөд Солонгосын хувьцааны индекс 4.87 хувиар доошилсон тухай “Bloomberg”-т мэдээлжээ. Энэ бол түр зуурын хэрэг, хоёр гурав хоногийн дараа хувьцааны индекс тогтворжино хэмээн шинжээчид мэдэгдэж байх зуур бусад мөнгөн тэмдэгтэй харьцах долларын ханш чангарчээ. Түүнээс гадна Өмнөд Солонгосын арми өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хоёр улсын хил дэх харуул хамгаалалтаа чангатгав. Тус улсын Ерөнхийлөгч И Мён Бак төлөвлөсөн уулзалт, арга хэмжээнүүдээ хойшлуулан, яаралтай хуралдах шийдвэр гаргасан тухай ВВС дамжууллаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама И Мён Бактай утсаар ярьж, Солонгосын хойгт тайван, аюулгүй байдлыг хадгалахад тусалж, дэмжихээ мэдэгджээ. Японы Ерөнхий сайд Ёшихико Нода “Юу ч болж магадгүй тул бэлэн байх ёстой”-г бүх сайд нарт анхааруулсан байна. Үүний зэрэгцээ БНАСАУ-ын худалдаа, цэргийн салбарын гол хамтрагч БНХАУ Ким Чен Ирийг таалал төгссөн талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ма Чаосюй Умард Солонгосын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлжээ. “БНАСАУ-ын ард түмэн уй гашуугаа даван туулж, улс орныхоо цаашдын хөгжлийн төлөө зүтгэнэ гэдэгт итгэж байна” хэмээн тэрбээр хэлснийг “Синьхуа” уламжилжээ.
Х.ОД