Шинэ Зеландын уугуул иргэд хэмээгддэг Маори омгийн 20 дайчны толгойг Францын эрх баригчид эх оронд нь эргүүлэн өгсөн тухай ВВС дамжуулав. Европын музейнүүдэд хадгалагдаж байсан энэ толгойнуудыг XVIII зуунд далайчид олсон гэдэг. Толгойнуудыг Шинэ Зеландад буцааж өгөх ёслолын үеэр Францын Соёлын сайд Фредерик Миттеран “Маори омгийнхны түүх, ёс заншлыг харуулсан энэ өвийг эх оронд нь буцааж байгаа нь колоничлолын үе дуусаж, хоёр улсын түүхэнд шинэ үе ирснийг гэрчилж буй явдал” хэмээн өгүүлжээ. Дашрамд сонирхуулахад, нас барсан хүмүүсийн толгойг занданшуулан хадгалах нь талийгаачийг мөнхөлж буй хэрэг хэмээн маоричууд үздэг байсан гэнэ.