Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотод хийж буй айлчлал үргэлжилж байна. Тэрбээр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын XVI бага хурлын хүрээнд зохион байгуулсан “Усны дээд түвшний уулзалт”-д өчигдөр оролцов. Тус уулзалт нь Францын Ерөнхийлөгч Э.Макроны 2017 онд дэвшүүлсэн “Нэг ертөнц” санаачилгын нэг хэсэг бөгөөд 10 орчим улсын төр, засгийн тэргүүнүүд, усны асуудал эрхэлсэн сайд нар, олон улсын болон төрийн бус байгууллагын 400 гаруй төлөөлөгч оролцжээ. Тэд хил дамнасан ус, цэнгэг усны экосистемийн асуудлаарх олон улсын хамтын ажиллагаа, ус ашиглах техникийн болон байгальд суурилсан шийдэл, инновац, технологи, ус, ариун цэврийн салбарын санхүүжилтийн зөрүүтэй байдлыг арилгах боломжийн талаар өргөн хүрээний асуудлыг хэлэлцэв.
“Усны дээд түвшний уулзалт”-д хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс 120 гишүүн орныг нэгтгэдэг “30х30” санаачилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байгаль дэлхий, хүн зоноо хамгаалах өндөр түвшний амбицын санаачилгад нэгдэн орсны хувьд энэхүү хуралд оролцож, дуу хоолойгоо илэрхийлье. Манай улс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, цөлөрхөг ба говийн бүс нутагт усан хангамжийг сайжруулахаар түншүүдтэйгээ хамтран ажиллах эрмэлзэлтэй байна. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын цөлжилтийн нөлөөллийг бууруулах чиглэлээр үндэсний түвшинд “Нэг сум-Нэг нуур” буюу “333 нуур”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн зэрэг төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Ус хангамжийн аюулгүй байдал, нөөцийг зөв зохицуулах талаар дэлхий даяарх түншүүдтэйгээ нягт хамтран ажиллахад бэлэн” гэж онцлов.
Мөн тэрбээр айлчлалын хүрээнд Саудын Арабын Хаант Улсын угсаа залгамжлах ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммад бин Салман Аль-Саудтай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Энэ үеэрээ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, зорилтоо танилцуулж, цаашид хоёр улсын хооронд сэргээгдэх эрчим хүч, нэн чухал эрдэс баялаг, барилга, хот байгуулалт, хөдөө аж ахуй, байгаль орчин зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал нэгджээ. Тэр дундаа талууд ойрын үед сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай хамтран ажиллах боломжтой гэж үзэв.
О.ОРГИЛОХ