Монгол, БНХАУ, ОХУ-ыг дамнасан Дагуурын хээрийн шороон замын сүлжээ сүүлийн 56 жилд хоёр дахин нэмэгдсэнийг экологичид тогтоожээ. Тодруулбал, монгол, хятад, орос, америк, бразил судлаачид хамтран Дагуурын хээр тал дахь шороон замын өөрчлөлтийг 1970-аад оны үетэй харьцуулан судалж, энэ талаарх өгүүллээ “Biological conservation” олон улсын сэтгүүлд нийтлүүлсэн байна.
Судлаачид 1972 болон 2024 оны хиймэл дагуулын зургийг харьцуулан шинжилснээр тухайн бүс дэх шороон замын хэмжээ хоёр дахин нэмэгдсэнийг баримтжуулжээ. Сонирхолтой нь, олон нийтэд нээлттэй буй замын мэдээллийн сангуудад уг судалгаагаар илрүүлсэн шороон замын сүлжээний ердөө 4–20 хувь нь л бүртгэлтэй байсан гэнэ.
Дагуурын хээр тал байгалийн өвөрмөц хэв шинж бүхий экосистем, зэрлэг амьтдын нүүдлийн гол бүс нутаг. Тухайн бүс дэх шороон замын сүлжээ өргөжин тэлэхийн хэрээр цагаан зээрээс эхлээд нүүдлийн олон амьтны амьдрах орчин хумигдаж, нэг газраас нөгөөд чөлөөтэй шилжих, бэлчээр сэлгэн идээшлэх боломж хязгаарлагдах эрсдэлтэйг экологичид анхааруулжээ. Өөрөөр хэлбэл, шороон замаас үүдэлтэйгээр зэрлэг амьтдын амьдрах орчинд олон дарамт үүсэх гэнэ. Гурван улс дамнан оршдог Дагуурын хээрийн экосистемийг хамгаалахын тулд замын сүлжээг илүү нарийвчлан зураглах, учирч болзошгүй сөрөг нөлөөллийг газар ашиглалтын төлөвлөлтөд тооцдог, хянадаг болох нь чухал гэдгийг тэд дурджээ.
Ж.Сувд