“Амгалан” дулааны станцад гэмтэл гарснаас Баянзүрх дүүргийн зарим хорооны иргэд уржигдар халуун усгүй, халаалтгүй болжээ. “Цахилгаан станцад гэмтэл гарч, дулааны болон хэрэглээний халуун ус түр тасалдана” хэмээх мэдэгдлийг энэ сарын 2-ноос эхлэн Баянзүрх дүүргийн аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн аж. Гэмтлийг засварлаж, 2-3-нд шилжих шөнө айлуудын дулааныг холбосон байна. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Амгалан” дулааны станцад бага хэмжээний гэмтэл гарсан. Үүнийг бүрэн зассан. Айлуудыг цахилгаан, дулаанаар хангахад нөлөө үзүүлээгүй” гэв.
Эл станцын үйл ажиллагаа байсхийгээд л доголддог явдал уламжлал болох нь. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн хоёрдугаар сард гэмтэл гарч, айл өрхүүдийн хэрэглээний халуун усыг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж байлаа. Уг станц нь Баянзүрх дүүргийн 50 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангадаг юм.
А.ДӨЛГӨӨН