Сэтгүүл зүйн салбарт гэрэл зургийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан, манай сонины гэрэл зургийн албанд фото сэтгүүлчээр ажиллаж байсан Цэрэндоржийн Батбаатартай ярилцлаа. Тэрбээр “Монголын фото сэтгүүл зүйн хөгжлийн судалгаа” сэдвээр саяхан сэтгүүл зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Ц.Батбаатар нь Монголын сэтгүүл зүйн түүхэнд фото сэтгүүл зүйн анхны доктор болсон юм.
-Та Монголын фото сэтгүүл зүйн салбарын түүхийг өгүүлэх томоохон судалгаа хийжээ. Энэ судалгааны гол зорилго, ач холбогдол нь юу бол?
-Монголын фото сэтгүүл зүйн хөгжлийн судалгааг анх 2016 онд эхлүүлж, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимд докторантаар бүртгүүлсэн. Үүнээс хойш ажил, амьдралын элдэв шалтгаанаар судалгаагаа эрчимтэй үргэлжлүүлж чадаагүй. Ингэж явсаар 2020 оноос л төвлөрч ажиллалаа. Судалгаандаа Монголд фото сэтгүүл зүй хэдий үед нэвтэрснээс эхлээд хөгжил, фото нийтлэлийн төрөл зүйлийн судалгаа, онцлог гэх мэт бүхий л талыг нь хамруулах гэж хичээсэн. Энэ төрлийн судалгааг манай улсад өмнө нь тоймтой хийж байгаагүйгээрээ онцлогтой. Гэрэл зургийн үечлэлийг бэлтгэл болон үндсэн хэсэгт хуваан үзсэн. Бэлтгэлд нь Богд хаант засгийн үе буюу 1870-1921 оныг хамруулсан юм. Ер нь гэрэл зураг манай нийгмийн гурван үечлэлийг дамжин иржээ. Феодалын үе, Богд хаант Монгол Улс болон БНМАУ бүтээн байгуулалт социализмын мөн өнөөгийн ардчилсан нийгэм гэх гурван томоохон үечлэлд хуваав. Эдгээрийг харгалзан, гэрэл зураг манай улсад 1874 онд нэвтэрсэн гэж тооцвол өдгөө 150 гаруй жилийн түүхтэй гэсэн үг. Ингэхдээ миний хувьд тогтмол хэвлэлд гэрэл зураг хэдий үеэс нэвтэрснийг голчлон судаллаа. 1920-2020 он хүртэл буюу 100 жилийн дотор Монголын сонин хэвлэлийн гэрэл зурагт гарсан өөрчлөлт, шинэчлэл, төрөл зүйл, үечлэл, төлөвшил, өнөөгийн хөгжил зэргийг судлахдаа “Үнэн” сонины жишээнд үндсэндээ тулгуурласан. Энэ сонинд 1920-1930-аад оны дунд үе хүртэл гэрэл зураг маш бага нийтэлдэг байж. Ингэж явсаар 1937 оноос л гэрэл зургийг тодорхой хэсэгт оруулдаг болжээ. Ер нь бол Монгол Улсад Кино, гэрэл зургийн албыг 1935 онд байгуулснаар түүх нь эхэлсэн гэж үздэг. Өнөө жил энэ албыг байгуулсны түүхт 90 жилийн ой тохиож байна.
Мөн манай улсад 1970-аад он хүртэл гэрэл зургийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх боломж хомс байж. Дотоодын буюу өөрсдийн зурагчдаараа л зургаа авхуулж байлаа шүү дээ. Харин 1970-1990 оныг Монголын фото сэтгүүл зүйн оргил үе гэж хэлж болох юм. Учир нь энэ үеэс л бид гэрэл зурагчдаа гадаадад дээд боловсрол эзэмшүүлдэг болсон.
-Нийгмийн гурван үечлэлийг харуулсан гэхээр нэлээд өргөн хүрээ хамарсан байх нь ээ?
-Хэвлэлийн гэрэл зураг ямар үе шат дамжин, хэрхэн төлөвшсөнийг дагнан судалсан. Ингэхдээ “Үнэн” сонины 105 жилийн хэвлэлийн хувьсал, дунд үеэс гэвэл “Ардын эрх”, “Зууны мэдээ” “Өнөөдөр”, “Өдрийн сонин”-оос эхлээд 20 орчим сонинд тулгуурлан судалгаагаа хийлээ. Эдгээр сонинд гарсан фото нийтлэлийн өөрчлөлт болон бүтцийг голчлон харуулахаар зорьсон гэж ойлгож болно. Тухайлбал, сонины нэг дугаарт хэд орчим зураг орсноос эхлээд хэн, хэзээ авсныг нь хүртэл судлах хэрэгтэй болсон. Жишээлбэл, 1940-өөд онд сонинуудад зураг маш цөөн ордог байж. Дөрвөн нүүр сонинд 1-2 зураг орно. 1-3 дугаар сард гаргасан 15 дугаарт ажиглалт хийхэд 85 гэрэл зураг орсон байв. Үүний дотор судалбар болон хөрөг зураг давамгайлжээ. Гадаад дотоодын судлаачдын төрөл, зүйл ангиллыг бүхэлд нь авч үзэж, фото сэтгүүл зүйг мэдээллийн болон нийтлэл уран сайхны гэх хоёр төрөлд ангилсан. Үүнээс харахад улс төрийн сэдэвт зургийг ямар ч үед тэргүүн нүүрэнд байршуулсаар иржээ. Дараа нь эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл урлагийн сэдэвтэй зураг орно. Тэгэхээр гэрэл зургийн үечлэлээс мэдээний болон хөрөг зураг нэлээд сайн хөгжсөнийг харж болох нь. Харин фото сурвалжилга харьцангуй бага. Түүнчлэн сүүл үе рүүгээ сонинд эвлүүлэг ашиглах нь нэмэгдсэн. Бас идэвхгүй буюу бичвэр дагасан цээж зураг түлхүү хэвлэгдэж байв. 1960 оны дөрвөн нүүр сонинд 12 зураг орлоо гэж бодоход 4-5 нь идэвхгүй буюу цаад хүний өгсөн цээж зураг. Ер нь бид энэ жишгээр л ажиллаж иржээ. Одоо ч нэг их өөрчлөгдөөгүй хэвээрээ.
Түүхэн үечлэлээр нь авч үзвэл 1980-1990 оны эхэн үед сонинууд маш сайн гарч байв. Харин 2000 оноос техник, технологийг сонин хэвлэлд нэвтрүүлснээс хойш гэрэл зурагт анхаарах нь багасаж, идэвхгүй зураг нэмэгдсэн. Чөлөөт хэвлэлийн тухайд гэвэл өдөр тутмын сонинтой харьцуулахад борлуулалтдаа анхаарч, загвар дизайнаа нэлээд өөрөөр шийдэж, макетаа хүний анхаарал татсан, эрээн мяраан байдлаар хийдэг болж ирсэн. Харин тогтмол хэвлэл нь илүү стандартаа баримталж ажилласан гэж үзэж болно.
-Тэгвэл фото сэтгүүл зүйн салбарт гарсан дэвшил, бас ухралт нь юу байсан бол?
-Бид техник, технологийн хувьд үсрэнгүй хөгжиж байна. Хэвлэх үйлдвэрийн хүчин чадал ч дагаад нэмэгдсэн. 40-60 жилийн өмнөх сонинуудтай харьцуулахад технологийн хувьд сайжирсан нь илт мэдэгдэх боловч фото сэтгүүлчдийн ур чадвар болон боловсон хүчний хангамж мууджээ. Өмнө нь 2000 оны дунд үе хүртэл “Өнөөдөр” сонин л гэхэд таван зурагчин, албаны даргын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж. “Зууны мэдээ”, “Өдрийн сонин” гээд л бүгд гэрэл зургийн албатай. Эдгээрийн дотор хамгийн хүчтэй нь МОНЦАМЭ агентлаг байлаа шүү дээ. Гэтэл 30 гаруй жилийн хугацаанд бид боловсон хүчний дутагдалд орсон байна. Байгууллагуудын олонх нь фото сэтгүүлчдээ цөөлж, зурагт анхаарах нь ч дагаад багасжээ. Тухайн үед фото сэтгүүлч нь л зургаа авдаг байлаа. Харин өдгөө сэтгүүлч нар зургаа бэлдэж буй. Тухайлбал, “Өнөөдөр” сонин гэхэд ганц гэрэл зурагчинтай. Бусад сонины тухайд бүр зурагчингүй болчихсон шүү дээ. Тиймээс үүнийг өмнөх нийгмийнхтэй харьцуулахад ухарч, боловсон хүчний бодлого алдагдсан гэж үзэж болох юм.
-Тогтмол хэвлэлийн хөгжлийн явцыг тодруулахад үр дүн нь хэрхэн гарав. Судалгаа хийхэд хүндрэлтэй зүйл тулгарав уу?
-Судалгааны ажлын явцад хүндрэлтэй зүйл багагүй тохиолдсон л доо. Тухайлбал, 20 орчим сонины хэдэн арван жилийн дугаарыг шүүхэд механик ажиллагаа их орсон. Өмнө нь энэ төрлийн судалгаа хийж байгаагүй. Хэрэв өмнө нь хийсэн ямар нэгэн судалгаатай жишсэн бол илүү ул суурьтай үр дүн гарна шүү дээ. Миний хувьд энэ судалгаандаа ховор нандин гэрэл зураг олохын тулд тодорхой хэмжээнд цаг зарцууллаа. Монголын фото сэтгүүл зүйн түүхэнд анхны гэрэл зурагчин хэн байв гэдгээс судалгаагаа эхлүүлсэн. Анх 1920-иод онд Судар бичгийн хүрээлэн буюу Шинжлэх ухааны хүрээлэнгийн дэргэд Гэрэл зургийн тасаг байгуулсан байдаг. Эндээс л анхны зурагчдыг бэлтгэсэн түүхтэй. Анхны гэрэл зурагчин 1911 оны Богдын засгийн газраас эхлээд хоёр төрийн үед ажиллаж байсан Буриад Вапилов Бадам гэдэг хүн байжээ. Түүний дараа 1927 онд Б.Доржийг Ленинград хот, М.Гомбожавыг Франц улсад илгээж гэрэл зургийн мэргэжил эзэмшүүлж байсан. Ингэж явсаар ЗХУ, БНАГУ, Польш зэрэг улсад гэрэл зурагчныг цөөнгүй бэлтгэсэн байна. Гэтэл 1990 онд зах зээлийн эдийн засагт шилжиж, сэтгүүлчдээ гадаадад сургах боломжгүйд хүрсэн. Улмаар боловсон хүчний бодлого алдагджээ. Тиймээс хэн нэгэн гэрэл зураг авч суръя гэвэл арай туршлагатай, ахмад нь зааж өгч, дараа дараагийн үеэ бэлддэг байж. Түүнээс биш фото сэтгүүл зүйн чиглэлээр дээд мэргэжил эзэмшсэн хүн маш цөөн. Сүүлийн жилүүдэд хөгжингүй оронд фото урлагаар суралцсан залуус бий болоод байна.
Тиймээс анхны удаа, бүх зүйл шинэ гэдэг утгаараа хэт нарийвчлахгүй ерөнхийд нь судалсан юм. Мөн фото сэтгүүлчдийн авсан гэрэл зургийг задлан шинжиллээ. Судалгаанаас харахад социализмын үед суртал ухуулгын шинжтэй мэдээлэл нэлээд байсан боловч маш зохион байгуулалттай ажилладаг байжээ. Харин 2000 оноос хойш ихэвчлэн улс төр болон энтертайнмент чиглэлийн гэрэл зураг ашиглах нь нэмэгдсэн. Улмаар судалбар зураг маш бага оржээ. Мөн олон улсад фото сэтгүүл зүй хэдийд үүссэнээс эхлээд манай хөрш орнуудад энэ салбар хэрхэн хөгжиж буйг харьцууллаа. Дэлхийн жишгээр манайх хаана явааг тодорхойлоход ижил түвшинд гэж ойлгож болох ч бас л асуудалтай. Социализмын үед фото сэтгүүл зүй эрчимтэй хөгжсөн. Нэг ёсондоо фото сэтгүүл зүйн оргил үе гэсэн үг. Үүнээс хойш тогтворжжээ. Ер нь хэвлэл мэдээллийн байгууллага хэт олширч замбараагүй болсон гэх юм уу. Фото редакторын орон тоо үгүй болж, үгүйлэгдэж ирсэн.
-Энэ салбарын чанарыг сайжруулж, хүний нөөцийг нэмэгдүүлэхийн тулд цаашид ямар арга хэмжээ авбал үр дүн гарах бол?
-Чанартай, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд анхаарах нь нэн тэргүүний асуудал. Ер нь мэргэжлийн гэрэл зурагчдаа системтэйгээр бэлтгэх цаг болжээ. Тиймээс их, дээд сургууль болон мэргэжлийн холбоод хамтран дур сонирхолтой гэрэл зурагчдыг фото сэтгүүлч болгон мэргэшүүлэх хэрэгтэй. Мөн өдөр тутмын сонин болон хэвлэл мэдээллийн байгууллагынхан редакцдаа сургалт явуулж, тэдгээр хүмүүсийг чадавхжуулахад анхаарах ёстой. Сонины гэрэл зураг ийм жанртай, ингэж хөгжмөөр байна гэдэг санаагаа тэдэнд ойлгуулах хэрэгтэй гэж боддог.
Ер нь тодорхой хэмжээнд шинэчилж байж гэрэл зургийн нийтлэлийн төрөл, жанрт анхаарч чадна шүү дээ. Тэгэхгүй бол сүүлийн үед мэдээ, сурвалжилгын болон хөрөг зураг л авдаг боллоо. Тэгэхээр мэдээний болон нийтлэл уран сайхны гэсэн ерөнхий хоёр төрөлд таван зүйлийн зураг багтаагаад байна гэсэн үг. Гэтэл хөрөг зураг дагнан авдаг хүн ч цөөрч, судалбар ч дагаад багасжээ. Сүүлийн үед техник, технологийн хурдацтай хөгжлөөс үүдэн дроноор зураг авдаг болсон. Тиймээс агаарын болон спортын зэргээр төрөл зүйлээ нэмж, хөгжүүлэх шаардлагатай юм. Нөгөөтээгүүр, гэрэл зурагчдын сан хөмрөгийг нэгдсэн системд бүртгэн, эдийн засгийн эргэлтэд оруулж болно. Үүний тулд фото сэтгүүлчид нэгдэн агентлаг хэлбэрээр ажиллах боломжтой. Нэг ёсондоо өдөр тутмын сонин, сайтуудад зураг өгдөг нэгдсэн сан үүсгэх юм. Үүний нэг жишээ нь “MPA” агентлаг. Тэд энэ үүргийг гүйцэтгээд 10 гаруй жил боллоо. Өдгөө мэдээллийн 5-6 сайт болон “Ройтерс” зэрэг олон улсын мэдээллийн агентлагууд руу ч зургаа явуулж буй. Гэхдээ энэ хэрэгцээг ганцхан газар хангаж хүчрэхгүй байна шүү дээ. Тэгэхээр боловсон хүчний асуудлаа л эн тэргүүнд шийдэх ёстой.
-Яагаад энэ мэргэжлийг сонгосон талаараа хуваалцахгүй юу?
-“Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж бол миний төрсөн ах. Намайг энэ ажил руу Бал ах маань чиглүүлсэн юм. Миний багш Магсарын Цэрэнжамц хэмээх гэрэл зургийн мастер байлаа. Тэрбээр “Ардын эрх” сонины гэрэл зургийн албанд ажилладаг байв. Энэ хүнтэй одоогоос 30 гаруй жилийн өмнө багш, шавь бололцож, 1993 оноос фото сэтгүүлчээр ажиллаж эхлэв. Миний хувьд 1993-2004 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хэвлэл мэдээллийн албанд гэрэл зургийн сурвалжлагчаар ажилласан. Манайх сонин, телевизтэй мэдээний бүх л жанраар ажилладаг байлаа. Тэнд нэлээд их зүйл сурч, дадлагажаад 2004-2010 он хүртэл “Өнөөдөр” сонинд ажилласан. Фото сэтгүүлч гэх жинхэнэ утга учрыг тэндээс л сурсан. Тухайн үед гэрэл зургийн албаны даргаар Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Чулуун ажиллаж байлаа. Манайх 4-5 фото сурвалжлагчтай, хамгийн хүчирхэг гэж хэлж болохуйц “Фокус” гэх мэдээний агентлагтай байсан юм. Тэр үед одоо ажиллаж буй Э.Харцага, С.Энхжаргал, Г.Эрдэнэтуяа, Тошка буюу Б.Тогтохдэмбэрэл, П.Баттулга, Б.Бямба-Очир, Д.Эрдэнэцэцэг зэрэг фото сэтгүүлч, мөн Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Чимгээ нартай хамт ажиллаж байв. Үүний дараа 2012 оноос Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлд орж, одоо хүртэл 10 гаруй жил ажиллаж байна.
-Таны хамгийн их хүчин чармайлт шаардсан бүтээл юу бол?
-Сонины гэрэл зурагчин нийгэм, эдийн засаг, улс төр гээд л бүх төрлийн зураг авна шүү дээ. Миний хувьд “Өнөөдөр” сонинд ажиллаж байхдаа улс төрийн гэрэл зураг авах нэлээд сонирхолтой байсан юм. Тэгээд л 2004-2008 онд тухайн үеийн парламентын зургуудаар цомог хийсэн. “Монгол төрийн түшээд” хэмээх энэ цомгийн санааг ах минь анх хэлж байлаа. Тухайн үед манай сонины Улс төрийн албаны даргаар А.Баасандорж ажиллаж байв. Тэрбээр редакторлаж Монголын улс төрийн сүүлийн 20 жилийг багтаасан цомог хийлээ. 1990-2008 онд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд зэрэг төр барилцаж явсан эрхмүүдийг багтааснаараа онцлогтой. Миний хийсэн хамгийн нандин, хүч хөдөлмөр шаардсан бүтээл гэж боддог. Мөн 2008 оны парламентын гишүүдээр “Нэг ангийнхан” хэмээх үзэсгэлэн гаргаж, түүнийгээ баяжуулаад цомог болгосон юм. Энэ л миний хамгийн амжилттай бүтээл дээ.
У.Цэцэгсүрэн