Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн (ОУЦЭХА) мэргэжилтнүүд Иранд айлчилж байна. Тус улсын хэрэгжүүлж буй цөмийн хөтөлбөрийн талаар илүү ихийг мэдэхийг зорьсон төлөөлөгчдийг ОУЦЭХА-ийн ерөнхий захирлын орлогч Герман Накертц ахалж байгаа аж. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тэрбээр Австрийн Вена хотод тавьсан илтгэлдээ Иран улс цөмийн зэвсэг үйлдвэрлэхээр уран баяжуулж байна хэмээн мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ зэвсэг гаргаж авахын тулд бус, энхийн зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж буй гэдгээ Тегеран мэдэгдсээр байгаа билээ. ОУЦЭХА-ийн төлөөлөгчдийн эл айлчлалын дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан талт хэлэлцээрийг үргэлжлүүлэх эсэхээ шийдэх юм.
Зургаан талт хэлэлцээр удахгүй үргэлжилнэ гэдэгт найдаж буйгаа Ираны Гадаад хэргийн сайд Али Акбар Салехи илэрхийлснийг ВВС уламжлав. АНУ тэргүүтэй барууны орнууд Ираныг цөмийн зэвсэг гаргаж авахаар уран баяжуулж байна хэмээн үзэж, олон төрлийн хориг арга хэмжээ авсаар байгаа билээ. Хамгийн сүүлд Европын холбоо Ираны нефтийн импортод хориг тавих шийдвэр гаргасан юм. Уг шийдвэрийн дагуу ирэх долоодугаар сарын 1 гэхэд Европын орнууд Иранаас нефть импортлохоо бүрэн зогсоох аж. Ираны эрх баригчид үүний хариуд Европын холбооны улсууд руу газрын тос нийлүүлэхээ зогсоох хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.
Хэрэв энэ хуулийн төсөл батлагдвал Европын холбоо долоодугаар сарын 1 хүртэл өөр импортлогч олох шаардлагатай болж байна. Үүний зэрэгцээ Турк улс Европын холбооны хоригтой санал нэгдэхгүй байгаагаа илэрхийллээ. Тус улсын Гадаад хэргийн сайд Ахмет Давутоглу энэ тухай албан ёсоор мэдэгдсэн байна. Түүнчлэн Турк улс Ираны эсрэг авч буй ямар нэгэн хориг арга хэмжээнд нэгдэхгүй гэж тэрбээр онцоллоо. Турк улс газрын тосны хэрэглээнийхээ 30 орчим хувийг Иранаас хангадаг аж.
Х.ОДОНЧИМЭГ