Могойноос айдаггүй хүн ховор болов уу. Гэхдээ могойг хараад бахдах сэтгэл төрж шүлэг бичсэн зохиолч байдаг. Ивидо Мокафико гэдэг гэрэл зурагчин могойн өнгө алагласан дүрсийг хальсанд буулгахдаа сэтгэл нь их хөдөлдөг аж. Чухам түүний авсан зургийг та бүхэн харж байна.
Хаан могой гэж байдаг. Түүнийг Калифорнийн могой ч гэж нэрлэх нь бий. Ийм могой АНУ-ын Калифорни, Невада, Аризон муж болон Мексикт л байдаг. Энэ могой ой, уулын хөтөл, нуга, гол горхины эрэг, элсэн цөл, тал хээр, хот, тосгоны ойролцоо элбэг тохиолддог. “Хаан” гэхээр хүмүүс их том (урт) юм байх гэж бодож магадгүй. Түүний урт нь ердөө 80 см-ээс хэтрэхгүй. “Хаан” гэж нэрлэх болсон нь түүний өнгө зүстэй холбоотой. Маш гоёмсог эрээн өнгөтэй. Хээ угалзтай мэт харагдана. Өдрийн амьдралтай амьтан. Халуунд тэсвэр муутай учраас ялангуяа гандуу үед шөнө авд гардаг. Өдөр чулуун дор нуугдана. Жижиг мэрэгч, гүрвэл, бусад могойгоор хооллоно. Өндөг төрүүлдэг. 2-3 насандаа үржлийн чадвартай болдог. Өндгөө 50-65 өдөр тээнэ. Нэг удаад 3-15 өндөг гаргана. Хаан могойн шинжлэх ухааны нэр нь Lampropeltis. 16 хүртэлх зүйлийн хаан могой бий. Ихэнхдээ улаан, хар, цагаан өнгө алагласан байна. Энэ эрээн өнгө ямар учиртайг судлаачид яг таг тайлбарлаж чадахгүй байгаа. Тод өнгийг нь хортой юм уу хүнсэнд хэрэглэж болохгүйг сэрэмжлүүлэх чанартай гэж хүмүүс үздэг. Тэгэхдээ хаан могойд хортой шүд байхгүй. Энэ могой дайснаа өвдтөл нь “цохиод” авч, муухай үнэртэй шингэн зүйл “цацаж” айлгадаг.
Сормууслаг загалмайт могой бас бие багатай ч айхтар хортой. Нүднийхээ дээд талд сормуусыг санагдуулам урагш дордойсон хайрстай учраас “сормууслаг” гэж нэрлэдэг. Мод бутны орой дээгүүр маш чадварлаг явна. Мөчрийг сүүлээрээ чанга ороож, модноос дүүжлэгдэж байгаад шувууг нисэж явахад нь амаараа шүүрээд авч чадна. Ухасхийн олзоо алдахгүй барьдаг нь дуран мэт нүдтэй нь холбоотой. Нүд нь гурвалжин толгойнхоо урд хэсэгт байдаг. Харанхуйд халуун цустай амьтныг нүд, хамрын нүх хоёрынхоо дунд байх мэдрэмтгий эрхтэнийхээ тусламжтайгаар мэдэрнэ. Хар ногоон, шар, улаавтар зэрэг олон өнгөтэй байдаг учраас ургамал ногоон дунд нуугдахад хялбар. Зулзаган могойн сүүлний нь үзүүр ихэвчлэн цайвар байна.
Хар, цагаан эрээн кобра бол Африкийн хамгийн том, хортой могой. Хад асган дээгүүр сайн явна, өндөр биш модонд ч сайн авирна. Нуруу нь гөлгөр хар хайрстай, толгой хийгээд хэвлийн нь урд хэсэг сааралдуу, судалтай аж. Усны болон хуурай газрын амьтнаар хооллоно. Мэрэгчид, газар үүрээ засдаг шувуудыг ч залгина. Түүний нэг удаа ялгаруулах хор нь зэрлэг үхрийн дайтай амьтныг үхүүлж чадна. Тэгэхдээ өөрийгөө хамгаалах зорилгоор хороо хамгийн амь дүйсэн үед л ашиглана. Хатгахаасаа өмнө дайснаа айлгаж биеэсээ холдуулах гэж оролдоно. Биеийнхээ цээжин (урд) хэсгийг дээш өргөж, “юүдэнгээ” хийгээр дүүргэнэ. Дуу чимээ гаргаж, хуурамч довтолгоон хийнэ. Юуны түрүүнд хороо ялгаруулах гэдэггүй нь түүний хор гаргадаг “хэрэгсэл” нь загалмайт могойных шиг боловсронгуй биштэй нь холбоотой. Загалмайт могой шиг нүд ирмэхийн зуурт хатгачихаж чаддаггүй гэсэн үг. Энэ могой хорт шүдээ тухайн амьтны биед гарцаагүй зоож, шаардагдах хэмжээний хороо шахахын тулд хатгах зүйлээ эхлээд жаахан “зажилж” үздэг байна.
Хамрархаг загалмайт могой уулархаг газар нутаглана. Тэгэхдээ дээш их өгсөхгүй, чулуурхаг онь хөтөл, мод буттай
газарт байх дуртай. Түүний хор хүнийг үхүүлж чадахгүй ч Европ тивийн хамгийн хортой могой гэгддэг. Энэ могой тайван амгалан амьтан. Орооныхоо үед л эр нь ихээхэн догшин түрэмгий болдог. Эвцэлдэх үедээ хорт шүдээрээ хазахаа огт байчихдаг. Оршин байх дуртай газар нь ховордсоноос түүний тоо толгой цөөрсөн. Нүдээр олж харахад түвэгтэй болсон. Тэгээд эрдэмтэд түүнийг байгалийн биш орчинд үржүүлэх болжээ. Ихэвчлэн саарал дэвсгэртэй бор хүрэн эрээн өнгөтэй байх бөгөөд нурууг нь дагасан муруй сарий юм уу гурвалжин хэлбэртэй хээтэй. Зулзагаа хэвлийдээ бойжуулж, хор ялгаруулах, бие даан амьдрах чадалтай болсон хойно нь төрүүлнэ. Нэг удаад 4-12 зулзага гаргана.
Нарийн сүүлт могой бие томтой, 2,7 метр хүртэл урт, хоргүй байдаг. Түүнийг Elaphe төрлийн могой гэх бөгөөд нэрийг нь латин хэлнээс хөрвүүлбэл “гулсамтгай” гэсэн утгатай. Энэ нэр уг төрлийн могойн хөдөлгөөнд ихэд тохирсон. Нурууг нь дагасан хоёр бараан судалтай. Мод, бутны навч мөчир дамжиж явахдаа чадамгай. Ан хийхдээ газар бууна. Бүх төрлийн мэрэгчээр хооллодог. Нарийн сүүлт могой байгаа газар харх үзэгдэхээ больдог. Тиймээс Хятад, Тайваньд энэ могойг хөдөөгийн оршин суугчид ихэд хайрлаж дээдэлнэ. Шанхай мэт том хотуудын цэцэрлэгт хүрээлэнд төдийгүй хашаанд ч түүнийг харж болно.
Зэс толгойт, бамбай мэт хоншоортой могой Умард Америкт байдаг. Энэ бол хортой могой. Түүний нэг дусал хор мэрэгч амьтныг агшин зуур алж чадна. Харин хүнд ийм нөлөө үзүүлэхгүй. Гэхдээ л индиан нар хоржигнуурт могойноос илүү түүнээс болгоомжилно. Хоржигнуурт могой өөрийнхөө хаана байгааг дуугаараа мэдэгддэг болохоор түүнээс зайлахад хялбар. Дуу сүүл хавиас нь гарна. Аюул тохиолдсон үед чимээгүй болчихно. Газар унасан хуурай навчис дотор биеэ нуун ангаа отно.
Бамбай хоншоорт могой латин цагаан толгойн S үсэг шиг хэлбэртэй болсон байвал аюул учруулахын дохио гэж байгаль судлаачид үздэг. Жеймсоны мамба гэдэг могой модтой газар амьдарна. Жижигхэн толгойтой, дугуй нүдтэй нарийхан сүлжмэл юм шиг биетэй. Хоёр метр гаруй урттай. Том биетэй ч хөдөлгөөнгүй байх үед нь түүнийг анзаарах бараг боломжгүй. Энэ нь түүний өнгөтэй нь холбоотой. Аюул тулгарсан үед нэг мөчрөөс нөгөө мөчрийг дамжин дээш авирна. Гарцаагүй байдалд орвол довтолно. Ганц хатгаад болихгүй, хэд хэд хатгахыг оролдоно. Хорынх нь үйлчлэх байдал кобрагийнхтай адил. Хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн тусламж авахгүй бол үхэлд хүргэх аюултай. Өдрийн амьдралтай. Шувуу болон сүүн тэжээлт жижиг амьтдаар хооллоно. Шөнө нь модны хонгил мэт газар хоргодно.
Р.ЖАРГАЛАНТ