ОХУ-ын Төрийн Думын сонгуулийн дүнг эсэргүүцэж буй “Шударга сонгуулийн төлөө” хөдөлгөөнд Москва хотын жолооч нар нэгдлээ. Цагаан тууз, бөмбөлгөөр чимсэн 300 орчим машин, 3500 гаруй хүн хотын төвөөр явж, шударга сонгууль явуулахыг эрх баригчдаас шаардсан тухай “РИА Новости” мэдээлжээ.
“Цагаан тойрог” нэртэй уг арга хэмжээнд оролцохоо 5000 хүн интернэтээр дамжуулан илэрхийлж байсан аж. Арга хэмжээний үеэр ямар нэгэн зөрчил, мөргөлдөөн болоогүй аж. “Цагаан тойрог”-ийг сөрөг хүчнийхэн, төрийн бус байгууллага, Борис Акунин, Леонид Парфенов, Юрий Шевчук, Сергей Пархоменко, Татьяна Лазарева тэргүүтэй алдартнуудтай хамтран санаачилсан юм.
Үүний зэрэгцээ Оросын сөрөг хүчнийхэн ирэх сарын 4-нд ээлжит жагсаалаа зохион байгуулахаар Москва хотын захиргаанаас зөвшөөрөл авсан байна.
Х.ОДОНЧИМЭГ