Төв шуудангийн орой дахь цаг 13.00-ыг зааж хонх цохилоо. Түгшүүртэй мэт эл чимээ хотын иргэдийг улам яаруулах шиг. Эргэн тойрон нэг нэгнийхээ урдуур дайрах машинууд, дуут дохионы чарлаан, жихүүн салхинд хөөгдсөн мэт түргэн түргэн алхах хүмүүс. Энэ бол их хотын өдрийн хэмнэл. Улаанбаатарчуудын хамгийн завгүй энэ үеийг эрчимлэг, түргэн хэмнэлт метал рок хөгжимтэй зүйрлэж болох юм. “Метал рок” урсгалын дундуур явсаар хотын зүрхэн хэсэгт орших сонгодог урлагийн ягаан байшингийн хаалгыг нээлээ. Хэдхэн алхмын цаана хүнд хөгжим нүргэлж байгаа ч энд тайван амгалан байдал ноёрхоно. Удалгүй танил аялгуу танхим даяар эгшиглэж эхлэхийг сонсмогц,
Сүүний үнэр шингэсэн
Сэвлэг даахьтай байхад минь... хэмээх мөртийг өөрийн эрхгүй аялсан юм. Төрийн соёрхолт Э.Чойдогийн “Миний ээж” бүтээлийг Н.Туулайхүүгээр удирдуулсан ДБЭТ-ын симфони оркестр тоглож буй нь энэ. Тайзны төвд лимбэтэй төстэй хөгжим тоглох бүсгүй зогсоно. Симфони оркестрийн сүрлэг хөгжим дотроос цээл нарийн аялгуу онцгой сонсогдох нь содон. Яг л Уоллес Стивенсийн “Тэнгисийн эрэг дээр бүсгүй хүн дуулна Тэр хоолойн суу билиг давалгаанаас өндөр...” мөрт шиг. Гэхдээ энэ удаа давалгаа нь симфони оркестр, суу билигт хоолой нь гобой хөгжим байв. XVII зууны үед өрнөдөд үүссэн уг хөгжим өдгөө оркестрийн салшгүй чухал зэмсэг болжээ. Моцарт, Гайдн, Бах нарын суутан гобойд зориулсан бүтээл олныг туурвисан нь хөгжмийн цараа, нөлөөг илтгэх биз. ХБК-д гобой хөгжмийн анги анх 1970 оны дунд үед нээгдсэн гэдэг. Тэгвэл гобой хөгжмийн бие даасан тоглолт Монголд анх удаа буюу энэ сарын 3-нд ДБЭТ-д болох гэж байна. Гобойчин Г.Долгорсүрэнгийн уг тоглолтын сургуулилтын үеэр бид зочилсон юм. Гобойн цээл аялгуу онцгойрч сонсогдсоны учир энэ.
“Гобойн бусад үлээвэр хөгжмөөс ялгарах онцлог нь нарийхан, давхар хулсаар үлээдэг. Ийм нарийн хулсаар амьсгаагаа тааруулж үлээсний дүнд тийм уянгалаг, цээл аялгуу эгшиглэдэг юм. Тийм ч учраас тоглоход хэцүү хөгжимд тооцогддог” хэмээн Г.Долгорсүрэн ярив. Хэцүү гэх энэ хөгжмийг тоглох болсон нь түүний аавтай холбоотой. ХБК-д хүүхэд шалгаруулж авна гэх зарыг радиогоор сонсоод аав нь Г.Долгорсүрэнг дагуулан очиход цохилуур, гобой хөгжмийн хоёр анги л үлдсэн байж. Эмэгтэй хүүхдэд цохилуур хөгжим дэмий гэж бодсон аав нь түүнийг гобойн ангид шалгуулсан аж. Эхэндээ тэрбээр хөгжмөө ойлгодоггүйгээр барахгүй энд тэнд мартаад явчихдаг байсан ч тоглох тусам гүнд нь орж, гобойд “хайр зарласан”- аа инээмсэглэн өгүүлсэн юм. Тэр “хайр” нь түүнийг 2006 онд Герман руу хөтөлжээ.
“Германы Берлин, Мюнстер, Любек хотын хөгжмийн дээд сургуулиудад элсэх өргөдөл явуулсан. Мюнстер, Любекийн сургуульд тэнцсэн учраас Берлин дэх шалгалтад ороогүй. Учир нь Любекийн хөгжмийн дээд сургуульд Герман төдийг үй дэлхийд алдартай гобой - чин Диетнэлм Йонас багшилдаг байсан юм. Багш маань 20 насандаа сургуулиа төгсөж, гобойчноор ажиллаж байгаад төрөлх хотдоо амьдрахаар ирсэн нь тэр юм билээ. Намайг анх очиход “Хаа байсан Монголоос гобойчин болохоор оюутан ирлээ. Монголчуудыг морь унаж, эсгий гэрт амьдардаг гэж боддог байтал сонгодог урлаг хэдийнэ хөгжсөн соёлтой орон юм” хэмээн тун гайхан хүлээж авсан. ХБКийг би профессор, гобойчин Г.Шир чинбаатар багшийн удирд лага дор төгссөн. Г.Ширчинбаатар багш маань Орост боловсрол эзэмшиж, хожим мөн л Германд мэргэжил дээшл үүлэх сургалтад олонтаа явж байсан. Хөгжмийн цагаан тол гойноос эхлээд үүрэг, ёс зүй, хариуцлагатай байх чанарыг багш маань надад өгсөн бол Германд очоод романтизм, барокко үеийн хөгжмийг хэрхэн тоглодгийг гүнзгийрүүлэн сурсан. Бах, Моцартыг яаж тоглох вэ, гарын барилт, техник ямар байхыг сургадаг нь ХБК-ийн орос дэгээс ялт гаатай байв. Түүнчлэн гобой бусад хөгжмийн зэмсэг, дуучинтай хэрхэн хослох тухай эрдмийг өвөртлөн ирсэн” гэж Г.Долгорсүрэн ярилаа.
Хөгжмөөс гадна германчуудын цаг нарийн баримталдаг зан, аливаа зүйлийг хариуцлага тай хийх чанарыг ч тэр өөр төө шингээжээ. Монголчуудын том дутагдлын нэг нь цаг барьдаггүй зан. Гэсэн ч энэ нь зөвхөн монголчуудын буруу гэж тэр боддоггүй. Цагаа барихыг хэчнээн хичээвч замын түгжрэл, хүнд суртал зэрэг гаднын хүчин зүйлс зайлшгүй нөлөөлдөг тухай тэр хэлж байлаа. Герман залуусын нэг минутыг ч дэмий өнгөрөөдөггүй зан, хариуцлагатай чанарыг тэрбээр Монголд төлөвшүүлэхийг хүсдэг гэсэн. Монголд гобой хөгжимчний мэргэжлээр төгсөгч олон байгаа ч ажлын байр хангалтгүйн улмаас ихэнх нь өөр ажил эрхэлдэг. Гобой нь оркестрийн гол хөгжмийн зэмсгийн нэг. Тэгвэл манайд одоогоор ДБЭТ, Улсын филармони, ЦДБЭЧ-д л симфони оркестр байгаа юм. Гобойд зориулсан бүтээл гадаадад цөөнгүй. Харин Монголд төрийн соёрхолт Э.Чойдог “Саальчин бүсгүй”, “Миний ээж” дуугаа анхны гобойчдын нэг н.Жар галсайханд зориулж энэ хөгжимд зориулсан хэлбэрээр дахин найруулж байжээ. Түүнчлэн дуурь, бүжгэн жүжгийн зохиолд гобойн гоцлох хэсэг цөөнгүй бий аж. Г.Долгорсүрэн Моцарт, Ж.Калливода нарын сонгодог бүтээлээс гадна “Саальчин бүсгүй”, “Миний ээж”-ийг тоглох гэж буй. Сонгодог урлагийн үзэгч, ажлын байр цөөн байгаа энэ нөхцөлд залуу уран бүтээлч зөвхөн хөгжмөө тоглож амьдрах боломж бий эсэх тухай тэрбээр “2000 оны эхэн үе буюу ХБК-ийг төгсөөд ажил дээр гарах үед зөвхөн ДБЭТ төдийгүй нийгэм тэр чигтээ л хэцүү байсан. Тэгвэл өнөөдөр сонгодог урлагийг таашаагчид олшрохын хэрээр үнэлэмж ч нэмэгдсэн байна. Энэ тохиолдолд хөгжимчин өөрийгөө улам хөгжүүлж, бие даан шинэ бүтээл туурвих, ажлынхаа хажуугаар жижиг тоглолтуудад оролцох боломж бий гэж үздэг. Хэдийгээр бид төсвийн цалинтай ч урлаг, хөгжимд өгсөн сэтгэлийг юугаар ч хэмжээлшгүй” хэмээсэн.
Гобой нь анх бароккогийн үед үүсэж, энэ урсгал чиглэлийн нэг төлөөлөл болсоор иржээ. Гэсэн ч романтизм, классизм төдийгүй орчин үеийн хөгжмийн чиглэлд ч байр сууриа алдаагүй байна. Хэрвээ цаг хугацааны аялал хийх боломж олдвол хөгжмийн аль үе рүү явах вэ гэхэд Г.Долгорсүрэн “Боломжтой бол бароккогийн үед очмоор байна. Германд очиход би бусад үеийн хөгжмийг тоглож чадсан ч ганцхан барокког л тоглох хэцүү байсан. Ноот хараад тоглож болно л доо. Гэхдээ тухайн үеийн соёл, арга барил, дэг жаягийг мэдэж, хөгжмөө чин сэтгэлээс мэдэрсэн үед л сайн тоглолт гарна. Багштайгаа олон сар бэлтгэсний дүнд барокко хөгжим тоглож сурсан ч тэр үед очвол сонирхолтой” гэв. Төгс төгөлдөр гэж үгүй ч түүнд дөхөхийн тулд тэрбээр Германд очиж, суралцсан тухайгаа ярилаа. Монголын гобой хөгжмийн хөгжлийг дэлхийн жишигт хүргэх, хуучирсан сургалтын материалуудыг шинэчлэх том зорилго түүний өмнө бий. Үүнд хүрэхийн тулд өөрчлөлтийг өөрөөсөө эх лэн хийж байгаагийн нэг баталгаа нь түүний тоглолт. Г.Долгорсүрэн ДБЭТ-ын хөгжимчин болохыг багадаа мөрөөддөг байжээ. Н.Туулайхүү багштай уулзах нэрийд лээр театрт ангийхантайгаа “туулайчлан” орж дуурь, балет алгасахгүй үзнэ. Түүний хамгийн дуртай дуурь нь Ж.Пуччинигийн “Богема” бөгөөд П.И.Чайковскийн “Хунт нуур” бале тын үнэнч үзэгч. Аав ээж, Г.Ширчинбаатар багш, ДБЭТ-ын хамт олон нь түүний төлөвшил, хүмүүжилд хамгийн их нөлөө үзүүлснийг тэрбээр онцолсон. “Хүн чамд хариуцуулж, ажил даалгасан бол итгэлийг нь хөсөрдүүлж болохгүй. Дуртай зүйлээ чин сэтгэлээсээ хийхэд амжилт заавал ирдэг” гэж тэр хэлдэг. Тоглолтын дараа тэрбээр Германы Любек хотын хөгжмийн дээд сургуулийг ХБК-тай хамтын ажиллагаа тай болгох, профессор Диет нэлм Йонасыг Монголд урьж, мастер класс зохион байгуу лах төлөвлөгөөтэй байгаа гэ сэн. Диетнэлм Йонас зөвхөн гобой төдийгүй камерный буюу цөөхүүл найрал хөгжимчдөд багшлах, уралдаан, тэмцээнд бэлтгэх арвин туршлагатай аж. Бэлтгэлийн завсарлага дуусах дөхлөө. Гобойг чамин, тансагтай зүйрлэдэг тэрбээр ярилцлагын туршид хөгжмөө хажуунаасаа салгаагүй. Биднийг явахад ч хөгжмөө тэвэрсэн чигтээ “Хэрвээ би гобойчин болоогүй бол одоогийнх шигээ аз жаргалтай байхгүй биз” гэсээр үдсэн юм.
Б.ЭГШИГЛЭН