УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын бүт¬цэд албан тушаал “цэцэглүүлэх” их аян өрнөж байна. Уг жагсаалтын сүүлд ахмад зөвлөхийн албан тушаал бичигдэж буй юм. Парламентын 126 гишүүн бүгд зөвлөхтэй. Гэвч тэд хангалттай зөвлөж, чиглүүлж чадахгүй байгаа бололтой. Гишүүдэд ахмад хүмүүсийн үг, үнэт зөвлөгөө л дутаад байгаа гэнэ. Энгийн нэг малчин, тариаланчийн биш, хууль, эрх зүйн бодлого боловсруулж байсан туршлагатай, УИХ, Засгийн газар, төрийн захиргааны болон нутгийн захиргаанд удирдах албан тушаал хашиж байсан хүмүүсийн зөвлөгөө л чухал аж. Ингэхдээ эмэгтэй нь 55, эрэгтэй нь 60-аас дээш настай байх босго тавьжээ. Хуучин гишүүн, сайд байсан улс төрчдөд зориулсан бас нэг төрлийн эрх ямба бий болгох гээд байгааг эндээс харж болно.
Зөвлөх нь тухайн гишүүн, сайд, албан тушаалтны “тархи” болж, чиглүүлж ажиллах учраас тэр хэмжээний мэдлэг, чадвар, туршлагатай байх учиртай. Харин хамаатан садан, эсвэл гомдсон ахмад улс төрчдийг эрхлүүлэх албан тушаал биш юм.
УИХ-ын гишүүд, дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд бүгд тус тусын зөвлөхтэй. Тэд тухайн УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтныг зөвлөж, чиглүүлэн, “тархи” нь болж ажилладаг. Үүний тулд хангалттай мэдлэг, ур чадвар, тодорхой хэмжээний туршлагатай, төлөвшсөн хүн байх ёстой. Эл шалгуурыг хангасан зөвлөхтэй улс төрч бол өөрөө хэчнээн туршлага, мэдлэг нимгэн байсан ч зөвлөхийнхөө заасан замаар алдаагүй гишгээд явчихна. Гэтэл өөрсдөө туршлагагүй, сурч мэдэх хичээл зүтгэл багатайгаас гадна “хамаатны” зөвлөхтэй бол олон нийтэд байнга шүүмжлүүлж, хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ ороогдоод амьдрах болно. УИХ, Засгийн газрын түвшинд ийм жишээ олон байна.
УИХ-ын гишүүд: УИХ-ын тухай хуулийн 42.5д “Гишүүн батлагдсан төсөвт зардалдаа багтаан зөвлөх, туслах ажиллуулж болох бөгөөд тойргоос сонгогдсон гишүүн бие төлөөлөгч-туслахтай байж болно. Гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг УИХ батална” гэжээ. Мөн эдгээр хүн нь түүнд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа, дэмжлэг үзүү¬ лэх үүрэгтэй гэсэн байна. Зөвлөхийн тухайд гишүүний эзгүй үед орлож, сонгогчидтой нь уулзах хүртэлх эрх мэдэлтэй. Түүнчлэн хууль, тогтоолын төсөл боловсруулахад шаардагдах лавлагаа, судалгаа, мэдээллээр түүнийг хангаж, чуулган болон бусад арга хэмжээнд хэлэх үгийг нь бэлтгэнэ.
Уг парламентыг гишүүдийн тоо нь нэмэгдсэн ч чанар нь өсөөгүй хэмээн тодорхойлж буй. 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон нь ч нөлөөлж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс зөвлөж, чиглүүлэх мэргэжлийн хүний тусламж хэрэгтэй. Хэдийгээр УИХ байгуулагдаад 10 сар болж буй ч буруу үг хэлж, шүүмжлүүлэх, болохгүй үйлдэл гаргах хүмүүс байсаар байна. Гэхдээ угийн бүдүүлэг, ёс зүйгүй, хэлээд, шаардаад, сайн зөвлөх нь чиглүүлээд ч засал авахгүй хүмүүс бас бий. Юутай ч УИХ-ын гишүүн өөрөө зөвлөхөө сонгодог учраас үе үеийн парламентад л зөвлөх хэмээх албан тушаалд хамаатан, ойр дотнын хүмүүсээ ажиллуулах тохиолдол элбэг байв. Нөхрөө, дүүгээ, найзаа уг албан тушаалд томилж, төрийн албыг төрлийнх болгон, төсвийн мөнгөөр цалинжуулдаг. Бас хамаг сул талыг нь мэдэх учраас нууцаа хадгалах гэж дотнын хүнээ сонгодог жишиг ч бий. Сул гишүүдийн тухайд “тэнэглэл” нь тийм ч хол явахгүй байж мэднэ. Бас зөвлөхийнх нь шунал, хүсэл ч гай тарих нь бага биз.
Уг парламент чанаргүй, чимээгүй гишүүн олонтой. Нөгөө талд “бялуу” хуваарилах шаардлагатай. Тиймээс УИХ-ын даргын санаачилсан “Гурван төгөлдөршил”-ийн хүрээнд “Ахмад эксперт” хөтөлбөр хэрэгжүүлэхээр энэ сарын 1-нээс зар түгээжээ. Дээр дурдсан ахмад зөвлөх болохын тулд 260 гаруй хүн материалаа ирүүлсэн, эндээс 30-ыг нь сонгож авах юм билээ. Гэхдээ уг албан тушаалд нь МАН, АН, ХҮН намын ахмад улс төр¬ чид сонгогдсон байвал гайхах хэрэггүй.
УИХ-ын дарга: Д.Амарбаясгалан даргын хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх ажлын албатай. Энэ нь ахлах зөвлөх, зөвлөх, шадар туслах, ахлах ажилтан, ажилтнаас бүрддэг аж. УИХ-ын даргын Улс төрийн бодлогын болон ахлах зөвлөх нь Т.Төрболд, Хууль зүйн бодлогын ахлах зөвлөх нь Ц.Мөнх-Оргил юм. Хууль зүйн бодлогын орон тооны болон бус нийт долоон зөвлөх спикерийг чиглүүлж байна.
Ц.Мөнх-Оргилын тухайд УИХ-д дөрвөн удаа сонгогдсон, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан хүн. 2024 оны сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэснийх нь дараа түүнийг Элчин сайдаар явах тухай мэдээлэл цацагдсан. Гэвч одоо УИХ-ын даргын зөвлөхөөр томилогдоод буй юм. Долоон зөвлөхийн дөрөв нь эмэгтэй. Харьцангуй туршлагатай, Тамгын газарт ажиллаж байсан хү¬ мүүсээр УИХ-ын дарга зөвлүүлдэг аж.
Ерөнхийлөгч: Төрийн тэргүүн 10 зөвлөхтэй. Тэдний хоёр нь эмэгтэй. Б.Даваадалай эдийн засгийн, Э.Одбаяр гадаад бодлогын, Ч.Лодойравсал боловсрол, шинжлэх ухаан, технологийн, Н.Батхүү байгаль орчин, ногоон хөгжлийн, Д.Баасандамба аюулгүй байдал, батлан хамгаалах, Ч.Даваабаяр үйлдвэр, үйлчилгээний, Д.Даваадорж залуучууд, спортын, Б.Жавхлан төсөл, хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн, Б.Бадамцэцэг эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөхөөр тус тус ажилладаг. Мөн сэтгүүлч Ө.Золбаяр Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга билээ. Төрийн тэргүүн насны хувьд нэлээд залуу зөвлөхүүдтэй аж. Эдгээрээс мисс, жүжигчин Б.Бадамцэцэгийг эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөхөөр томилсныг олон нийт багагүй шүүмжилсэн юм. Тэрбээр 2016 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг нүүр амны их эмч мэргэжлээр төгссөн, шүдний эмчээр ажиллаж байсан. Гэвч эмч гэхээс илүү мисс, жүжигчний дүрнь иргэдэд хүрсэн тул Төрийн тэргүүнд зөвлөх хэмжээний туршлага, зангараггүй хэмээн шууд л эсэргүүцсэн юм. Тэрбээр саяхан цэргийн нэгэн байгууллагад ажиллахдаа “Хойморт нь гарч суулаа” хэмээн шүүмжлүүлээд авсан. Түүнээс өөрөөр олны анхаарлыг татах, чадваргүй, эсвэл чадварлагаараа танигдсан зөвлөх төдийлөн алга. Ерөнхийлөгчийн хувьд байн байн олны нүдэнд ил гарч ирээд байдаггүй учраас алдаа мадаг нь ч бага харагддаг. Мөн тэрбээр орон тооны бус зөвлөхүүдтэй.
Ерөнхий сайд: Ерөнхий сайд нийт 11 зөвлөхтэй, тэдний дөрөв нь эмэгтэй аж. Зөвлөхүүд ямар хүн байхаас, “даргыгаа” хэрхэн чиглүүлэхээс их зүйл хамаарах учиртай. Засгийн газрын тэргүүний ажлын албаны дарга буюу ахлах зөвлөхөөр Д.Амгаланбаатар ажилладаг. Тэрбээр Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдож байсан, Л.Оюун-Эрдэнэтэй “аймаг нэгтэй” хүн. Ерөнхий сайдын хүний хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх нь гишүүн асан П.Анужин. УИХ-ын сонгуулиар тойргоо сольж, зүүн бүсэд өрсөлдөөд бүдэрсэн юм. Сонгогдож чадаагүйнх нь бурууг МАН залруулж, ямар нэгэн албан тушаалд томилох “өртэй” бололтой. Япон руу консулаар явах гэнэ гэсэн чимээ гарсан ч тэрбээр Ерөнхий сайдын зөвлөх болсон юм. Гэхдээ хаа нэг өөр албан тушаалын сураг ажиг тавьсаар буй бололтой, байнга л нэр нь “горилогчдын жагсаалт”-д байдаг. Мөн эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Ирмүүн нь МҮХАҮТ-ын дарга асан С.Дэмбэрэлийн том хүү гэнэ. Улс төрийн бодлогын зөвлөх нь Н.Энхбаяр даргын талын хүн болох Э.Эрдэнэжамьяан. Намын даргынхаа төлөө үнэнчээр зүтгэж явсан энэ хүн Ерөнхий сайдын улс төрийн бодлогыг чиглүүлдэг байх нь.
Ямартай ч Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд сэтгүүлчдэд шууд ярилцлага өгөх, ил тод байхаас байнга зайлсхийдэг. Тэгсэн атлаа эрх мэдлээ нэмэгдүүлэх, бэхжүүлэх, өөрийг нь шүүмжилснийг чимээгүй болгох, дарах чиглэлээр “мэргэшсэн”. Зөвлөхүүд нь л ийнхүү чиглүүлж, аль болох нуугдмал байж, хөшигний араар ажиллах зөвлөмж өгдөг бололтой. Бага багаар эрх мэдлээ нэмж, ноёрхлоо тогтоогоод буйг нь бодоход энэ чиглэлээр тэд гайгүй сайн зөвлөдөг байж мэдэх. Харин гүйцэтгэх засаглалын тэргүүний үндсэн ажлаа хийж, иргэдээ сайхан амьдруулах чиглэлээр тэдний зөвлөгөө нэг л дутаад байна.