92 настай Поль Бийя Камерун улсын Ерөнхийлөгчөөр долоон жилийн хугацаагаар найм дахь удаагаа сонгогдлоо. Сонгууль аравдугаар сарын 19-нд болсон ч Үндсэн хуулийн шүүх нь дүнг албан ёсоор 15 хоногийн дараа зарлахад тэрбээр сонгогчдын 56.6 хувийн санал авсан байжээ. Санал хураах ажил тайван амгалан байдалд болсон бөгөөд сурталчилгааны үеэр Бийя ердөө нэг удаа л цуглаан хийж, 10 хоногийг Европт хувийн айлчлал хийж өнгөрөөсөн аж.
Түүх сөхвөл, алс холын Москвад Леонид Брежнев амьсгал хураахаас хэдхэн хоногийн өмнө Бийя Камеруны Төрийн тэргүүний суудалд анх удаа суусан. 43 шахам жилийн дараа дахин сонгогдохоор шийдсэнээ олон үндэстний Камерун улсын бүх бүс нутгийн иргэдийншаргуу хүсэлтээр хийж буй алхам гэж тэрбээр мэдэгдсэн байна. Камеруны нийслэл Яунде хотын гудамжаар холхих хүмүүсээс Ерөнхийлөгчийн энэ мэдэгдлийн талаар ямар бодолтой байгааг нь сонирхоход эвгүй юмтай учрахгүйн тул амаа хамхиж явах нь дээр гэж үзэж байв. Түүнчлэн зарим хүн нэрээ хэлэхийг хүсэхгүй байсан гэнэ. “Дэлхийн улс орнуудын улс төрийн түүхэнд хэзээ нэгэн цагт ийм насны хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлснийг үзэж, сонсоогүй юм байна” гэж хэлсэн хүн нэрээ нууцлахыг хүсжээ. Нэрээ хэлэхээс болгоомжлоогүй Камиль Эсселем “Тэр залуу үед эрх мэдлээ шилжүүлээд амрах байх гэж би бодсон юм сан” гэжээ. Поль Бийя Төрийн тэргүүнээр дахиад долоон жил ажиллах болсонд баярлаж буй хүн ч бас байгаа юм. Төрийн албан хаагч Нюно Марпус “Ерөнхийлөгч маань Камеруны ард түмэнд олон юм хийж өгч чадах байх. Нэрээ дэвшүүлсэн юм чинь улс орноо удирдах чадалтай л байгаа хэрэг” хэмээв. Зөвлөхөөр ньажилладаг Сильвия Типа болохоор засгийн эрхийг шилжүүлэхэд ардчилсан зарчим хэрэгтэй гэдэгт итгэдэг ч одоогоор Бийягаас илүү Ерөнхийлөгч байхгүй байж болох юм гэсэн бодолтой аж. Тэрбээр Бийяг бурхан бидэн рүү илгээсэн байх, тэр хүн олон зөрчил тэмцлийг нааштайгаар шийдвэрлэхэд их үүрэг гүйцэтгэснийг бид мэднэ гэж Типа нэмж хэлсэн байна.
Поль Бийяг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Ерөнхийлөгч байсан хүн түүнийг Төрийн тэргүүний албанд санамсаргүйтомилчихжээ. Түүнээс хойш Ерөнхийлөгчийн сонгууль болох бүрдБийя болон түүний талынхныг булхай луйвар хийсэн, сөрөг хүчнээ нухчин дарсан гэж дотоодод нь шүүмжилж иржээ. Авлигын индексээр 180 улсаас Камерун 140-д ордог байна. Одоо 92 настай өтөл хүн 99 хүртлээ улс орныг удирдана гэдэгт эргэлзэх хүн чолон бий. Өнгөрсөн онд Бийя зургаан долоо хоног олон нийтэд харагдахгүй байхад нь хүнд өвчтэй, бүр нас барсан гэх яриа ч гарч байж. Улсынхаа умард бүс нутгийн хоёр удирдагч-сайд Исса Чирома Бакари, Ерөнхий сайд асан Белло Буба Майгари нартай маргалдсаны дараа Бийя Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр шийдсэнээ зарласан байна. Нөгөө хоёр нь ч эрх баригч эвслээс бас нэрээ дэвшүүлэхээр шийджээ. Түүгээр ч барахгүй 2018 онд Бийяд ялагдсан сөрөг хүчний удирдагч Морис Камто нэрээ дэвшүүлэх болов. Сонгуульд бас есөн хүн нэрээ дэвшүүлсний хоёр нь сайдын суудал горьдсон Бийягийн холбоотон байлаа.
Хамгийн хүчтэй өрсөлдөгч сөрөг хүчний удирдагч 71 настай Морис Камтог сонгуульд оролцуулсангүй. Үүнийг Үндсэн хуулийн шүүх баталгаажуулсан ч өрсөлдөгчөө зайлуулсан заль мэх гэж олон хүн үзэв. 2018 оны сонгуульд Камто өөрийгөө ялсан гэж мэдэгдээд олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байжээ. Анх Ерөнхийлөгч болсноосоо хойш ялагдал гээчийг үзээгүй Бийяг ялна гэдэгт эргэлзэх хүн ховор байсан ньсөрөг хүчнээс нэрийг нь дэвшүүлсэн сайд асан Исса Чирома сонгуулийн эцсийн дүн гараагүй байхад өөрийгөө ялсан хэмээн зарлахад саад болсонгүй. Албан ёсны баримтаар Чирома 35.2 хувийн санал авчээ. Дэлхий дахинаар тархан суурьшсан камерунчууд Чиромаг дэмжиж, Ази, Ойрх Дорнодод 68.2, Европт 62.7, АНУ-д 66.75 хувийн санал авсан байна. Камерун хүмүүс оршин суудаг Этиопоос Сенегал хүртэлхАфрикийн орнуудад санал өгөх эрхтэй хүмүүсийн тал хүрэхгүй хувь нь сонгуульд оролцсон ч Чиромаг 55 шахам хувь нь дэмжсэн байв.
Камерун улс 30 сая хүнтэй, түүний 60 хувь нь 25-аас залуу настай. Гэтэл камерунчуудын олонх нь Бийягаас өөр Төрийн тэргүүнийг мэдэхгүй гэнэ. Улсад нь мөнгөний ханш уначихсан, аюулгүй байдал нь хангагдаагүй, нийгмийн орчин нөхцөл муу, авлига, ажилгүйдэл их байгаад сэтгэл дундуур байдал хүн амынх нь дунд нэмэгдсээр буйаж. Ялангуяа залуучуудын дунд ажилгүйдэл хурц асуудал болоод байна. 15-35 насны камерун хүмүүсийн 40 хувь нь одоо ажилгүй. Олон улсын дүрвэгчдийн байгууллагад буйбаримтаар дээд сургууль төгсөгчдийн 23 хувьднь ажил олдохгүй байгаа гэнэ. Тэгвэл иргэдийнхээ амьдралын нөхцөлийг сайжруулахын төлөө хүчин чармайлт гаргалгүйгээр эрх мэдлээсээ зууралдаж байх нь Бийягийн гол зорилго гэж ВВС-гийн сэтгүүлчдийн асуултад хариулсанКамеруны улс төрчид хэлсэн байна.
Поль Бийя 1933 онд төрсөн, 1975-1982 онд Камеруны Ерөнхий сайдаар ажиллаж дараа нь Ерөнхийлөгч болжээ. Тунисийн Ерөнхийлөгч байсан Бежи Каид Эс-Себсийг өөд болсны дараа 2019 оны долоодугаар сараас үүргээ гүйцэтгэж буй хамгийн хөгшин Ерөнхийлөгч Бийя болоод байгаа. Британийн хатан хаан II Елизавета амьсгал хурааснаар 2022 оны есдүгээр сарын 8-наас дэлхийн хамгийн ахимаг настай Төрийн тэргүүн боллоо.
Бийя генерал Леклеркийн нэрэмжит лицейг 1956 онд төгсөж, философчийн диплом авчээ. 1956 оноос Парист Сорбонны их сургуульд суралцав. Түүнчлэн Парисын улс төрийн шинжлэх ухааны их сургуулийн хуулийн салбарт нь суралцсан. 1962 онд эх орондоо ирж Ерөнхийлөгч Ахмаду Ахижогийн Тамгын газрын онцгой даалгавар хариуцсан ажилтан болж дараа нь 1964 онд Үндэсний боловсрол, залуучууд, соёлын яаманд танхимын эрхлэгчээр томилогдож, 1965 онд яамныхаа ерөнхий нарийн бичгийн дарга болжээ. 1967 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт буцаж ирж, иргэний танхимын захирал болсон байна. 1968 оны эхнээс Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, 1970 оны зунаас Төрийн сайдын зиндаанд очив. 1975 оны зургаадугаар сарын сүүлчээр Ерөнхий сайдаар томилогдож, 1980 оноос тус улсын ганц нам болох Үндэсний холбооны орлогч даргаар ажиллав. Ахмаду Ахижо огцорч буйгаа 1982 оны эцсээр гэнэт зарласнаар Үндсэн хуулийн дагуу Поль Бийя түүний суудалд очлоо. 1983 оны намар Ахижог Төрийн эргэлт хийхээр оролдсон хэмээн Бийя буруутгаж, хоёр хамтрагчийнхнь хамт цаазын ял оноосон ч хожим нь бүх насаар нь хорих шийтгэлээр сольсон байна. 1985 онд Камеруны ард түмний ардчилсан нэгдэл гэж нэрээ сольсон Үндэсний холбоо намыг Бийя 1983 оны есдүгээр сараас даргалах боллоо. Цэргийн эргэлт хийх гэсэн нэг оролдлогыг 1984 оны дөрөвдүгээр сарын эхээр дарж, БНУ-ын гвардыг Бийя тараав. 1984 оны нэгдүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд 99.99 хувиар ялж, 1988 онд 98.7 хувийн саналаар улиран сонгогдсон. 1992 онд харин 39.98 хувийн санал авсан ч өрсөлдөгч нь 36.8 хувийн дэмжлэг хүлээснээрмөн ялжээ. 1996 онд Африкийн нэгдлийн байгууллагын даргаар нэг жилийн хугацаагаар сонгогдов. 1997 онд 92.5 хувийн, 2004 онд 70.9 хувийн саналаар Ерөнхийлөгч болжээ.
Нефть ихтэй Бакасси гэдэг хойгийн маргаантай газар нутгаас болж Камерун улс 1994, 1996 онд Нигеритэй зэвсэг зөрүүллээ. Олон улсын шүүх 2002 онд Камеруныг зөвтгөж, 2006 оны зун Поль Бийя, Нигерийн Ерөнхийлөгч Олусегун Обасанжо нар холбогдох гэрээнд гарын үсэг зурсан ч уг баримт бичгийг Нигерийн парламент батлахаас татгалзжээ. Маргаан болоод байсан хойгийг 2008 онд Камерунд шилжүүлж өгөв. 2011 онд Бийя 77.9 хувийн саналаар ялж Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Эдийн засгийн хувьд Хятадтай Камерун нягт харилцаатай, Хятад хөрөнгө оруулдаг төдийгүй зээл олгодог, зах хязгаарын мужуудыг нь цахилгаанжуулах төсөлд ихээхэноролцдог байна. Бийягийн засаг захиргааг авлига ихтэй гэж үздэг. 2009 оны байдлаар дарангуйлагч дэглэмийг нь дэлхийн хэмжээнд 19-д оруулсан байдаг. 2018 онд Бийя 71.2 хувийн санал авч ялж, сонгуулийн хууль зөрчсөн хэмээн эсэргүүцсэн өрсөлдөгч Морис Камтог баривчилж, шүүхийн шийдвэр хүлээн есөн сар шоронд хорив. 2019 оны намар түүнийг хэсэг хамтран зүтгэгчидтэй ньсуллав. Ийм маягаар сөрөг хүчнийхээ чихийг зөөлрүүлэхийг оролддог гэж ажиглагчид үздэг.
Тодруулга: Төв Африкт оршдог Камерун улс Францын колони байгаад 1960 онд тусгаар тогтносон. Тэр жилээ НҮБ-ын гишүүн болсон байна. Албан ёсны хэл нь англи, франц. Нефтийн нөөц болон хөдөө аж ахуйн таатай нөхцөлтэйгөөс тус улс Африк тивдээ нэлээд хангалуун орны тоонд ордог. Тэгэхдээ л хүн амын бараг тэн хагас нь ядуурлын түвшнээс доогуур амьдралтай, ажилгүйдлийн түвшин 30 хувь. Хөдөлмөрийн чадвартай хүмүүсийн 70 хувь нь хөдөөажахуйнсалбартажиллаж, дотоодыннийтбүтээгдэхүүний20 хувийг үйлдвэрлэдэг. Хөдөөажахуйд ньжимс, хүнсний ногоо, малажахуй, мод бэлтгэл зонхилдог.
Нефть, мод, какао, гадил голчлон экспортолдог, гол худалданавагч нь Франц, Хятад, Итали, Белги, Люксембург, Нидерланд улс.
Р.Жаргалант