УИХ дахь АН-ын бүлгийнхэн нийт гишүүний цалинг улсын, сайд нарынхыг салбарынх нь дундажтай нийцүүлэн бууруулах санал гаргасан. Монгол Улсын хэмжээнд дундаж цалин 2.7 сая төгрөг байдаг аж. Тэгвэл УИХ-ын гишүүдийн цалин долоон сая төгрөгөөс эхэлж буй. Ажилласан жил, эрдмийн зэргээсээ хамаараад нэмэгдэл орно. Тэгэхээр энгийн иргэдийн дундаж цалингаас гурав, түүнээс дээш ну¬гарсан цалин авдаг байх нь. Нэмээд үндсэн ажлаа хийснийхээ төлөө хууль санаачилсны урамшуулал хүртэнэ.
Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг зургаан хувиар нэмэхээр оруулж ирсэн. Цалин нэмэх боломж байхгүй гэсэн учраас эмч, багш нар олон хоног эсэргүүцэн жагсав. Ахмадууд ч нэмэгдлээ “чамлан” тэмцлээ. Энэ зуурт цалин, тэтгэвэр нэмэхэд зориулах зардлыг хүүхдийн мөнгөнөөс хасаж “босгох” саналыг ч УИХ-ын зарим гишүүн гаргаад авсан. Гэхдээ хэн нь ч өөрийнхөө цалингаас хасуулъя гээгүй юм. Төрийн ордонд хөл тавьмагцаа тэд өөрсдийгөө бусдаас давуу эрхтэй, онцгой хүн болсон хэмээн бодож, үүнийгээ улам нэмэх, өсгөх тухай л ярьсаар буй.
ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХГҮЙ Ч ЭРХЭЭ ЭДЭЛНЭ
Эмч, багш нар цалингаа 3.5, ахмадууд тэтгэврээ 1.5 сая төгрөг болгохоор шаардаж буй. Улмаар багш нар ажил хаяж, дунд нь хүүхдүүд бараг 15 хоног хичээлгүй, сурч боловсрох эрхээ хасуулан хохиров. Эцэст нь эрх баригч намын бүлгээс өнгөрсөн даваа гарагт багш нарын цалинг 2.8 сая төгрөг болгон энэ сараас шууд хэрэгжүүлэх, эмч нарынхыг 2026 оны нэгдүгээр сараас 15, тэтгэвэр, тэтгэмжийг 8.6 хувиар нэмэх тооцоолол хийснээ танилцуулсан. Үүнд 1.1 их наяд төгрөг шаардлагатай, төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлаас танах замаар уг мөнгийг гаргана гэсэн юм. Улсын төсвийг ирэх долоо хоногт багтаан батлах учиртай. Хүүхдүүдээ боловсролгүй үлдээхгүйн тулд дээрх саналаа ажил хэрэг болгох биз.
Эдүгээ эрүүл мэндийн салбарт ажиллагсдын дундаж цалин 2.5, багш нарынх хоёр сая төгрөг байгаа. Манай улсад уул уурхайн салбарынхан хамгийн өндөр буюу дунджаар таван сая төгрөг авч буй. Тиймээс сайд нар нь салбарынхаа, гишүүд улсын дунджаар цалинжвал тэдний зовлонг биеэр мэдрэх, улмаар сайжруулах, өөрчлөхийн төлөө бодитоор ажиллана хэмээн сөрөг хүчнээс санал гаргасан юм. Нэг ёсондоо “хэтэвчтэй нь ярьж” байж цочрол өгнө гэж үзжээ. Гэтэл эрх баригчдын олонх нь эсэргүүцэв. УИХ-ын гишүүн халдашгүй дархан байх эрхтэй, түүний бүрэн эрхийг хуулиар хамгаалдаг. Гэхдээ нөгөө талдаа тэд бас онцгой үүрэг, хариуцлагатай. Үндсэн хуулийн дагуу тэд нийт ард түмний элч болж, иргэдийн болон улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн ажиллах үүрэг хүлээсэн юм. Үүргээ бүрэн биелүүлээд, эрхээ эдэлж буй бол өөр. Харамсалтай нь, УИХ-ын зарим гишүүн нийт ард түмний биш, намын, тэр дундаа бүлэглэлийн эрх ашгийг хамгаалах болсон. Үүнийг батлах олон ч үйл явдал өрнөж байна. МАН дахь 1980-аад оны бүлэглэлийнхний “ажиллагаа” бол үүний тод жишээ. Тэд хамтраад Үндсэн хуулийг уландаа гишгэж, Засгийн газрыг хууль бусаар огцруулах гэж оролдсоныг бид мартаагүй. Эрхбиш хуультай, бүгд “галзуурчихаагүй” учраас тэдэнд түрүүчээс нь хагас хугас ч болов хариуцлага хүлээлгэхээр хичээж байна. Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөнийг Цэцээс тогтоосон ч УИХ-ын дэд даргаас нь огцруулаад, гишүүнээс нь эгүүлэн татахгүй авч үлдэхээр эрх баригч намынхан тохиролцжээ. УИХ-ын дэд даргыг огцруулж, томилох асуудлыг мягмар гаргийн нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан.
Мөн ард түмний эрх ашигт нийцсэн, ачааллыг хөнгөлсөн ямар хууль тогтоомжийг энэ парламент гаргав. Тоймтой юм алга. Үүний оронд татвар нэмж иргэд, аж ахуйн нэгжүүдээ улам дарамтлах шийдвэр л санаачилдаг. Түүнчлэн ажилдаа цагтаа ирдэггүй, эсвэл байнга тасалдаг гишүүд бий. Гэхдээ цалингаа бүтэн авдаг.
Үүрэг, хариуцлагаа ийнхүү умартдаг атлаа бүрэн эрхээ давуулан эдлэх талаар тун санаачилгатай. Гишүүн байсан хүмүүс ажил эрхлээгүй бол 12 сарын турш хууль тогтоогчийн цалинг 100 хувиар авахтай холбоотой УИХын тухай хуулийн 41.9 дэх заалтыг олон нийт эдүгээ эсэргүүцэн шүүмжилж байна. Гэтэл тэтгэмжээсээ татгалзахгүй хэмээн эсэргүүцэх гишүүн олон. “Төрийн нууцтай харьцаж байсан хүмүүс үүнийгээ хадгалахын тулд тэтгэмж авах ёстой” гэсэн “ер бусын” логикийг МАН-ын зарим гишүүн дэвшүүлсэн юм. Ц.Даваасүрэн гишүүний тайлбар л даа. Ж.Баярмаа гишүүн энэ талаар нь “Нууц хадгалуулахын тулд гишүүн аснуудад мөнгө төлдөг гэнэ. Ёс суртахуун гэж юм байна уу, үгүй юү. Үүнийг огт ярихаа болилоо. Улс төрч хүний соёл гэж бий. Ийм өндөр албан тушаал хашсан учраас ёс суртахуунаараа төрийн нууцыг хадгалах үүрэгтэй. Мөнгө авбал нууцыг хадгална, өгөхгүй бол задална гээд байгаа юм уу. Ёс суртахууныг мөнгөөр хэмжихгүй. УИХ-д өндөр ёс суртахуунтай хүмүүсийг сонгох ёстой гэдэг нь эндээс харагдаж буй. УИХ-ын гишүүн байсан хүн давуу эрх эдлэх ямар ч үндэслэл байхгүй” гэжээ. Энгийн иргэд ажилгүйдлийн тэтгэмжийг авч байсан цалингийнхаа 50-70 хувиар тооцуулж, гурван сарын хугацаанд авдаг. Гэтэл “гахай илүү эрхтэй” тул 12 сарын турш 100 хувиар авна хэмээн зүтгэсээр байна.
Үүнээс гадна С.Ганбаатар “Гишүүн бүрэн эрхийнхээ дөрвөн жилд гэмт хэрэг үйлдсэн ч хууль, хяналтын байгууллага шалгахгүй” гэсэн санал гаргаж үзэв. Өөрөө гэмт хэрэгт шалгуулж, яллагдагчаар татагдсан, эрх ашгийн зөрчилтэй хүн. Тэгвэл түүний эл санаархлыг Хууль зүйн байнгын хорооны гишүүд олонхоороо дэмжсэн. Бүрэн эрхээр халхавчлаад гэмт хэрэг хий¬ чихээд шалгуулахгүй байх хүсэлтэй л гэсэн үг. Харин уг асуудал олон нийтийн анхааралд хүрч, эсэргүүцэж эхэлмэгц чуулганы үеэр Ц.Даваасүрэнгээс өөр улайм цайм дэмжих хүн гараагүй юм.
ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ
Гишүүд үндсэн цалин 6.1, онцгой нөхцөлийн нэмэгдэл 30 хувь болох 1.8 сая төгрөг авдаг гэжээ. Долоон сая төгрөгийн цалинтайгаа тэд нуусангүй. Энэ бол суурь цалин гэдгийг санах хэрэгтэй. Мөн УИХ-ын тухай хуулийн 42.3т “Гишүүн тойрогт ажиллахтай холбогдсон зардлын хэмжээг УИХ тогтоох бөгөөд Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу хуваарилах хөрөнгийг уг зардалд үл тооцно” гэсэн. Улмаар 2024 онд 44 дүгээр тогтоол баталж, гишүүний зардлыг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнах журмыг баталсан аж. Үүний дагуу 2025 онд нэг гишүүнд 21.8 сая төгрөгийн зардал төсөвлөсөн байна. Тэгэхээр нэг гишүүн эл зардал, цалин нийлээд 30 орчим сая төгрөг авдаг байх нь. Үүнд түүний туслах, зөвлөх, бие төлөөлөгчийн цалин, унааны зардал гэх мэт багтдаг. Тэгэхээр гишүүдийн төсөвт жилд 40 тэрбум төгрөг зарцуулдаг гэж ерөнхийд нь тооцож болно. Ийм давуу эрх эдэлж буйдаа гэвч тэд ханасангүй. Цалинг нь бууруулах санаачилгыг сөрөг хүчнээс гаргамагц УИХ-ын зарим гишүүн “үгээгүй ядуу” болж хувирав. Цалингүй ажиллуулах нь хэмээн уурслаа. Улсын дундаж цалин болох 2.7 сая төгрөг тэдний хувьд цаас бололтой. Ц.Даваасүрэн гишүүн “Цалингүй ажиллая ухааны юм ярьж эхэлж байна. Энэ бол баян хүмүүс цэнгэж жаргадаг газар биш, төр улсаа авч явах гэж цугладаг газар. Тийм баян байгаа бол өргөдлөө өгөөд зайл” гэв. А.Ариунзаяа гишүүн “УИХ-ын гишүүд тийм баян хүмүүс биш. Цөөхөн хэдэн хүнээр бүгдийг нь хоморголон, хүний эрхэд халдаж байна” гэлээ. Гишүүдийн цалинг бууруулж, хөрсөн дээр нь буулгахыг АН-ынхан эрмэлзсэн. Гэтэл амьдрал мэдэрмээргүй байгаа аж. Бас “Хүний эрх зөрчих нь” хэмээн уурсах.
Тэгвэл УИХ-ын гишүүд яг ямар онцгой нөхцөлд ажилладаг вэ. Тэд Төрийн ордонд, тусгай хамгаалалттай бүсэд тохилог өрөө, ширээ сандалд тухалж байна. Гэтэл нөгөө талд хүний амь аврахын тулд гал, усан дундуур өөрийгөө үл хайрлан зүтгэдэг онцгой байдлын алба хаагчид, мэс заслын ширээн дээр иргэдийн амийг хариуцан, хүнд нөхцөлд ажиллаж буй эмч нар юу болох вэ. Тэдний нөхцөл байдлыг л жинхэнэ онцгой гэж үзмээр. Гэтэл амиараа дэнчин тавин бусдыг аврахын төлөө зүтгэдэг эдгээр хүний онцгой нөхцөлийн нэмэгдэл хангалтгүй. Онцгой байдлын алба хаагчдын нэмэгдлийг өнгөрсөн есдүгээр сард 40 хувь болгож нэмсэн. Өмнө нь 30 хувь байсан юм. Тэдний хувцас, техник хэрэгсэл одоо ч хангалтгүй байгаа. Харин дулаан, тухтай орчинд, хамгаалалт дунд ажиллаж буй 126 хүнд онцгой нөхцөлийн нэмэгдэл хэрэгтэй юү. Тиймээс тэдний цалингаас ядаж энэ нэмэгдлийг хасаж болмоор санагдана. Тэгэх юм бол боломжийн төсөв хэмнэж чадна.
Манай улс төрчид эрх ямбаа хасуулах биш, нэмүүлэх талаар л “гоншигнож” байх зуурт Японы шинэ томилогдсон Ерөнхий сайд Такаичи Санае Засгийн газрын тэргүүнд олгодог нэмэлт урамшууллаасаа татгалзаж, төсвийн хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлнэ гэжээ. Тэрбээр парламентын гишүүдийн түвшнээр цалинжина гэсэн байх юм. Ёс зүйн өндөр жишиг болдог япончуудаас манай ичих нүүргүй улс төрчид суралцах учиртай. Уг нь Ерөнхий сайд Г.Занданшатар төсвийн хэмнэлтийг төр өөрөөсөө эхэлнэ гэсэн билээ. Гэвч төсвийн ерөнхийлөн захирагчдын үр ашиггүй зардлыг л бага зэрэг танаж, 1.1 их наяд төгрөг гаргахаас илүүг хийж чадсангүй.
Д.Үүрийнтуяа гишүүн “Албан тушаалын ялгаа, цалингийн сүлжээ хэрэггүй юм бол бүх төрийн албан хаагчдад 2.7 сая төгрөг өгчихгүй юү” хэмээн хэгжүүрхжээ. Б.Тулга гишүүн ч “УИХ-ын гишүүн тодорхой үүрэг, хариуцлага хүлээж байгаа, тиймээс үүндээ тохирсон цалинтай байх ёстой” гэв. Албан тушаалын ялгаагаар эрх ямбаас гадна үүрэг, хариуцлага нэмэгддэг юм. Тэр ялгаагаа харуулж, үүргээ бүрэн гүйцэтгэж байж эрхээ бүтэн эдлэх нь шударга ёсонд нийцнэ. Гэтэл хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагаа 100 хувь биелүүлж чадаж байгаа юу гэдэгт хариулахыг, энэ өнцгөөс хандахыг хэн нь ч хүссэнгүй. Жил гаруй болж буй уг парламентад мэргэжлийн ёс зүйтэй, ажил хэрэгч, хариуцлагатай гишүүн тун цөөн бий. Эсрэгээрээ эрх мэдлийн төлөө талцаж, өөрсдөдөө давуу байдал олж авахын төлөө л “ажиллаж” байгаа нь олонх.
АН-ын санал зарим талаар “попорч” буй мэт сонсогдож болох ч тэд төсвийн хэмнэлтийг өөрсдөөсөө эхэлье хэмээн дуугарч байгаа нь зүйн хэрэг. Мөн сөрөг хүчний ажлаа хийж байна. Парламентын олонход цалингаа бууруулах биш, бүр нэмэх л хүсэл бий. Тиймээс бодит байдалд сөрөг хүчний санал дэмжлэг авч чадахгүй. Гэхдээ бага ч болов цочроо өгч, эрх, үүргийн хамаарлыг нь сануулсан гэж найдна.