Япон Улсын зүүн хойд хэсэгт уржигдар 23.15 цагт газар 7.5 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас 30 гаруй хүн гэмтэж, Аомори мужийн 2700 орчим айл өрх цахилгаангүй болжээ. Тус улсын Цаг уурын агентлагаас мэдээлснээр газар хөдлөлтийн голомт нь Аомори мужийн Номхон далайн эргээс холгүй, 54 км-ийн гүнд бүртгэгдсэн аж. Улмаар атомын цахилгаан станцуудтай ойролцоо амьдардаг 90 000 хүнийг нүүлгэн шилжүүлэв. Аомори, Иватэ, Хоккайдо зэрэг мужид чичирхийлэл хамгийн их мэдрэгдсэн бөгөөд сэрэмжлүүлэг зарласан ч гурван цаг хагасын дараа түвшнийг нь бууруулж, өчигдөр 06.20 цагт бүрэн цуцалсан байна
Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар газар хөдлөлт Хоншю арлын доор байрлах Номхон далайн тектоникийн хавтан шилжин хөдөлсний улмаас үүссэн гэнэ. Энэ нь Санрикү эргийн дагуух бүс нутагт цунамигийн сэрэмжлүүлэг зарласан анхны тохиолдол тул тус улсын Засгийн газраас иргэдэд онцгой байдлын үед ашиглах хэрэгслээ базааж, шаардлагатай тохиолдолд нүүхэд бэлдэхийг анхааруулсан аж.
Ташрамд дурдахад, тус бүс нутагт 2011 онд есөн магнитудын хүчтэй аймшигт газар хөдөлж, 20 мянга орчим хүн амиа алдаж, 2500 гаруй иргэн сураггүй болсон билээ.
Э.Сүйлэн