Испанийн “Реал” баг ерөнхий дасгалжуулагч Х.Алонсогийн ирээдүйн талаар авч хэлэлцэх гэж байгаа аж. ESPN-ийн мэдээлснээр өнгөрсөн даваа гарагт багийн ерөнхийлөгч Ф.Перес удирдах зөвлөлтэй уулзаж, тааруу форм болон Х.Алонсог хэрхэх талаар ярилцсан бололтой. Испани мэргэжилтний хувь заяаг шийдэхэд “Аваргуудын лиг”-т “Манчестер сити” багтай хийх тоглолтын үр дүн асар их нөлөөлөх аж. Хэрэв тэр халагдвал оронд нь А.Арбелоа, З.Зиданы хэн нэгнийг томилох өндөр магадлалтай гэсэн яриа ч гараад эхэлжээ. “Реал” сүүлийн үед амжилт тааруу байгаагийн хариуцлагыг дасгалжуулагч болон түүний тоглолтын арга барилыг ойлгож, сурч чадаагүй тоглогчид адилхан үүрэх ёстой гэсэн байр суурь багийн удирдлагад давамгайлж байгаа гэнэ. Түүнээс гадна Х.Алонсо тоглогчидтойгоо хэт зөөлөн харьцаж байгаа нь асуудлын нэг шалтгаан хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.