Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн Толгой, хүзүү нөхөн сэргээх, мэдрэлийн мэс заслын тасгийн, мэдрэлийн мэс засалч, эмч Б.Баттөртэй ярилцлаа. Тэрбээр ОХУ-д мэдрэлийн мэс заслын чиглэлээр суралцаж төгсөөд, эх орондоо эрүүл мэндийн салбарт анхан шатны нэгжээс нь эхлээд улсын гуравдугаар шатлалын эмнэлэг хүртэл ажилласан туршлагатай нэгэн.
-Та Монголдоо анагаах ухааны чиглэлээр суралцалгүйгээр хилийн дээс алхсан юм билээ. Орос хэл мэдэхгүй, дээрээс нь анагаахын чиглэлээр “А”- ч үгүй хүн хойно сураад бүр докторын зэрэг хамгаалаад ирсэн гэхээр бахархалтай санагдаж байна.
-Баярлалаа. Би 2002 онд аравдугаар ангиа төгсөөд ОХУ-д суралцахаар явсан юм. Тэр цагаас хойш хоёр улсын хооронд ирж, очин, мэдлэг, боловсролоо дээшлүүлсээр өдий хүрлээ. Хэлний бэлтгэлээс нь эхэлж суралцаад, докторын зэрэг хамгаалсан. Анх Орост сурахыг ээж минь санал болгосон юм. Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад ийм шийдвэрт хүрсэн л дээ. Ингээд Орост хоёр сургууль дамжиж сурсан. Нэг нь Кемеровогийн Улсын анагаах ухааны академи. Тэнд хэлний бэлтгэлтэйгээ нийлээд гурван жил сурсан. Дараа нь 2005 онд Новосибирскийн Улсын анагаах ухааны их сургуульд элссэн. Энэ сургууль бол чансаагаараа ОХУ-даа эхний тавд ордог. Анагаах ухааны сургуулиуд дундаа эхний гуравт жагсдаг. Хатуу, чанга дэглэмтэй, сургалтын хөтөлбөр сайтай гэдгээрээ алдартай. Манай сургуульд сурах гэж зорьж очдог олон хүн байдаг ч “босго өндөртэй” тул 95 орчим хувь нь төгсөж чаддаггүй. Сүүлийн жилүүдэд эл сургуульд сурч, төгссөн хүүхдийн тоо бага багаар нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Ихээхэн хичээл зүтгэл шаарддаг, “шандас” сорьдог доо. Сургууль маань сургалтын хөтөлбөрөө хоёр ч удаа өөрчилж, улам сайжруулсан.
-Анагаахын шинжлэх ухааны мэргэжлийн үг хэллэг, өвчин, эмгэгийн нэршил нь хэлний мэдлэгийн нарийн ур чадвар шаардах байх. Орчинд нь очоод сурахад дөхөм байв уу?
-Тийм ээ. Эхэндээ их хэцүү байсан. Шинэ хөрштэйгөө хүртэл ойлголцож, хэл нэвтрэлцэх гэж зовсон шүү. Хөгжилтэй нь, хөрш маань “Хаалганыхаа түлхүүрийг олшруулаад ирье” гэхийг надад ойлгуулах гэж бараг хоёр цаг болсон. Тэгээд сүүлдээ намайг үлдээгээд ганцаараа яваад өгөв. Түлхүүрээ олшруулж ирчхээд түүнийгээ харуулаад, тайлбарлаж өгч билээ. Монголдоо орос хэлний олимпиадаас медаль хүртсэн хүүхдүүд хүртэл хичээлээ ойлгохгүй, хүндрэл бэрхшээлтэй тулгарч байсан. Ер нь хэл сурахад орчин хамгийн чухал. Орос хүмүүсийн хоорондын харилцаа, зан, төрх, амьдрал ахуйд нь уусаад ирэхээр чих онгойж, нэг л мэдэхэд оросоор давгүй сайн ярьдаг болчихсон. Ойр зууртаа учраа олж байтал мэргэжлийн хичээл үзээд эхлэхээр дахиад л “гацаанд” орсон. Мэргэжил бүр өөр өөрийн гэсэн үг хэллэгтэй, онцлогтой.
-Мэдрэлийн мэс засалч мэргэжлийг яагаад сонгов?
-Орост сурч байхад минь надад зөвлөгөө өгч, тусалдаг нэг ах маань мэдрэлийн мэс засалчаар үргэлжлүүлэн сурахад нөлөөлсөн л дөө. Тодруулбал, Монгол дахь Мэдрэлийн мэс заслын нийгэмлэгийн ерөнхийлөгч, эмч “Боловсон хүчин бэлдмээр байна, нарийн мэргэжил эзэмшсэн залуу эмч олж өгөөч” гэж түүнд хэлж л дээ. Ах надад энэ талаар дуулгаснаар тухайн сургуульдаа үргэлжлүүлэн мэдрэлийн мэс заслын чиглэлээр суралцсан юм. Дараа нь “Битүүрсэн тархины усжилтын үед мэс заслын эмчилгээгээр шийдэх нь” гэсэн сэдвээр докторын зэрэг хамгааллаа. Тухайн үед “Ковид-19” цар тахал дэгдэж, улсын хил нэвтрэхэд хүндрэлтэй байсан шүү.
-Новосибирскийн Улсын анагаах ухааны их сургуулийн онцлог, давуу тал гэвэл?
-Новосибирскийн Улсын анагаах ухааны их сургууль (NSMU) нь бүс нутгийн шилдэг сургуулийн нэг. 1935 онд байгуулагдсан, олон судалгааны лаборатори, эрдэм шинжилгээний төвүүдтэй, эм биобэлдмэл, эрүүл мэндийн шинжлэх ухаан, эм зүйн салбарт судалгаа, шинжилгээ хийх боломжтой томоохон бааз юм. ОХУ-ын анагаахын шинжлэх ухаан хүчирхэг шүү дээ. Шинжлэх ухааны бусад салбар нь ч хүчирхэг. Оросууд хичээж байгаа, суралцахын хүсэж буй хүнд өөрсдийн хуримтлуулсан туршлага, мэдлэгээсээ харамгүй хуваалцдаг. Мэдлэгээ харамладаггүй, бүгдийг нь хэлж, зааж өгдөг өвөрмөц соёлтой ард түмэн. Харин сурахыг хүсэхгүй, хичээл зүтгэлгүй нэгэнд цагаа дэмий хоосон үрэхгүй байхыг ил шударгаар хэлдэг. Хэрэв Орост үнэхээр сурахыг хүсвэл харамсахааргүй боловсрол, мэдлэг өвөртлөөд ирэх боломжтой. Түүнээс сурахын зэрэгцээ худалдаа наймаа хийх, өөр зорилгоор очвол амжилт олохгүй.
Үзэсгэлэнт Сибирьт байрладаг, энэхүү сургуульд маань оросоос гадна буриад, якут багш нар хичээл заадаг. Сургуулийн үүдээр орох бүрд “Эмч болохын тулд хүн бай” гэх өгүүлбэр нүдэнд тусдаг байж билээ. Одоо миний баримталдаг зарчим энэ болсон шүү дээ. Новосибирскийн Улсын анагаах ухааны их сургуулиас хамт төгссөн найз маань одоо эм, эмнэлгийн хэрэгслийн шинэ технологи, бүтээгдэхүүн нэвтрүүлж, Казахстанд салбар компаниа нээгээд амжилттай ажиллаж байна. Новосибирскийн их сургууль бол эрдэм шинжилгээ, соёл, урлагийн томоохон төв. ОХУ Дэлхийн II дайнд ялагдлын ирмэгт ирмэгцээ эрдэм шинжилгээнийхээ бүхий л төвийг Сибирьт нүүлгэсэн байдаг. Агуу ялалтын дараа энэ бүхэн нь тэндээ “шингэж” үлдсэн түүхтэй хот. Залуус нь өндөр боловсролтой, соёлтой, элгэмсүү зантай. Манай улстай ойрхон, галт тэргээр хоёрхон хоноод л очдог нь тэнд сурахыг хүсэж буй залууст мөн давуу тал болох биз. Ойр орчимд нь азиуд олноороо амьдардаг. Тува, Алтай, Якут, Казахстаны иргэд суурьшдаг.
-Та ажлын гараагаа хаанаас эхэлж байв. Гадаадад сурч төгсөөд ирсэн шинэхэн боловсон хүчнийг ажиллуулах хүсэлтэй эмнэлгүүд “шүүрээд” авсан болов уу?
-Сургуулиа амжилттай төгсөөд эх орондоо хүсэл, эрмэлзэл, мөрөөдөл дүүрэн ирсэн ч миний санасан шиг байгаагүй. Монголд хаана, ямар мэргэжил эзэмшсэн, хэр боловсролтой нь хэнд ч хамаагүй байсан. Одоо ч ийм. Төгсөөд ирэхэд ажлын байр олдоогүй. Мэргэжлээрээ ажиллахын тулд эмчлэх эрхийн шалгалт өгөх шаардлагатай болсон. Монголдоо анагаахын сургуульд сураагүй учир орос хэл дээр олж авсан мэдлэгээ эх хэлээрээ “ойлгох” гэж багагүй зовсон. Хэдэн шөнө нойргүй сууж бэлдсэний ачаар шалгалтдаа тэнцсэн. Тэр өдөртөө Баянгол дүүргийн IV хорооны өрхийн эмнэлэгт анх ажилд орж байлаа. Тэндээсээ сум дундын эмнэлэгт очиж ажилласан. Манай эхнэр Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул. Тухайн үед эхнэр маань жирэмсэн байсан тул Улаанбаатарын агаарын бохирдол урагт нөлөөлөх аюултай гэж үзээд бид цэвэр агаарт, зүүн хойд хязгаар очиж ажиллаж, амьдарсан юм. Сумын эмч дийлэнхдээ мэс засал, гэмтэл хариуцаж ажилладаг ч дотор эрхтэн, шарх, буглаа гээд бүхий л тусламж, үйлчилгээг үзүүлдэг байлаа.
-Та өдгөө ХСҮТ-д мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээг багийнхныхаа хамт эхлүүлж байгаа гэв үү. Сүүлийн үед нэвтрүүлсэн шинэ эмчилгээ юу байна?
-Мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээ хавдраар хязгаарлагдахгүй. Зөвхөн төвийн биш, захын мэдрэлийн мэс засал, нурууны ивэрхий, эмгэгийн мэс заслыг хийж эхэлж байна. Монголд эмчлэх боломжгүй 26 төрлийн өвчний ангилал бий. Үүнээс хоёрыг нь ХСҮТ-ийнхөн нутагшуулж байгаа. Өөрөөр хэлбэл, тархи, нугасны хавдрууд, толгой хүзүүний дахисан хавдрын үеийн стереотактик туяа эмчилгээ, тархи, нугасны гүний түвэгтэй байрлалтай, мэс заслаар авах боломжгүй болон бусад ажиллавар, эмчилгээ шаардагдах хавдар, хавдар төст эмгэгийн мэс засал эмчилгээ гэсэн хоёр заалтыг хасаж, эмчилгээний аргыг Монгол Улсад нэвтрүүллээ. Монголд эмчлэх боломжгүй өвчнийг анаадаг болохын тулд улсын мэргэжлийн эмч нар гададад суралцаж буй. Манай тасгийн эмч нар Хятадад сураад ирсэн. Дараагийн ээлжийн сургалтдаа ирэх хавраас явах юм.