Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны (МҮЦАЭХ) гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны захирал Э.Мөнх-Өргөөтэй ярилцлаа. Тэрбээр АНУ-ын Аляскийн их сургуулийг бизнесийн удирдлагын мэргэжлээр төгсөн, 2022 оноос МҮЦАЭХ-нд ажиллаж буй билээ.
-Тогтвортой санхүүжилтийн талаар товчхон мэдээлэл өгөөч?
-НҮБ-аас тогтвортой хөгжлийн 17 зорилт дэвшүүлж, үүнийг биелүүлэхийн тулд гишүүн орнууд нь амлалт өгсөнтэй холбогдуулан тогтвортой санхүүжилт гэх ойлголт түгэн тархсан. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд асар их хэмжээний хөрөнгө шаардлагатай. Гэхдээ хөрөнгөө олж, санхүүжилтээ “босгох”-доо улс орнууд, хувийн хэвшлийнхэн, санхүүгийн байгууллагууд аль нь ч зөвхөн ашиг харах биш, байгаль орчин, нийгэм, засаглалд үзүүлэх сайн үр нөлөөг заавал тооцох шаардлагатай болсон. Ийм хандлага, зорилготой тогтвортой санхүүжилтийн тогтолцоо дэлхий даяар хөгжиж, манай улс ч мөн энэ чиглэл рүү бодлогоо эрчимтэй уялдуулж байна. Тогтвортой хөгжил гэдэг бол монголчуудын хувьд шинэ ойлголт биш. Нүүдлийн соёл иргэншилтэй бид эртнээсээ байгальтайгаа зохицож, бэлчээрээ зохистой ашиглаж, ус болон хөрсөө хайрлаж, уур амьсгалын тэнцвэрийг хадгалахыг хичээж ирсэн амьдралын хэв маягтай. Тогтвортой санхүүжилт бол энэ уламжлалт ойлголтыг орчин үеийн санхүүгийн менежмент, эрсдэлийн үнэлгээтэй хослуулсан шинэ хэлбэр л юм.
-Уламжлалт санхүүжилтийн хэрэгслүүдээс юугаараа өөр вэ?
-Уламжлалт санхүүжилт нь зээлийн эргэн төлөлт, барьцаа, ашигт ажиллагаа зэрэг зөвхөн санхүүгийн үзүүлэлтэд тулгуурлан шийдвэр гаргадаг. Харин тогтвортой санхүүжилт нь нэмээд байгаль орчин, нийгэм, засаглалын (бонз/esg) нөлөөллийг заавал үнэлж, эрсдэлийг урт хугацаанд тооцдог. Тогтвортой санхүүжилт нь ашигтай бөгөөд байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, эрсдэл багатай төслийг дэмждэгээрээ онцлог.
-Ийм санхүүжилтийг өсгөх нь улс орны эдийн засаг, иргэдийн амьдралд ямар өгөөжтэй вэ?
-Тогтвортой санхүүжилт бол зөвхөн байгаль орчны асуудлыг шийдэх хэрэгсэл биш, улс орны эдийн засгийг илүү тэсвэртэй, эрчимтэй өсгөх санхүүгийн шинэ орчин юм. Тухайлбал, юуны түрүүнд эрчим хүчний хэмнэлт, “ногоон” дэд бүтэц зэрэгт чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгвэл манай улсын шатахууны болон эрчим хүчний хамаарлыг бууруулж, төсвийн дарамтыг багасгана. Энэ нь макро түвшинд валютын урсгалыг тогтворжуулж, эдийн засгийн эрсдэлийг бууруулах өгөөжтэй. Хоёрдугаарт, цахилгаан, дулааны хэмнэлттэй барилга, дулаалгын ажил, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хөдөө аж ахуй, байгальд ээлтэй үйлдвэрлэл зэрэг нь урт хугацааны, чанартай ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийн орлогыг өсгөдөг. Үүнээс гадна иргэдийн өдөр тутмын амьдралд ч шууд нөлөөтэй. Жишээлбэл, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцад амьдарснаар айл өрхийн цахилгаан, дулааны зардал буурах бол хөдөө аж ахуйн салбарт “ногоон” технологийг нэвтрүүлснээр бүтээгдэхүүний чанар, хүнсний аюулгүй байдал сайжирдаг. Мөн уур амьсгалын эрсдэлийг бууруулсан төсөл, хөрөнгө оруулалт нь зуд, ган, үер зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлээс улс орны эдийн засаг, амьжиргаанд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, тогтвортой санхүүжилт бол зөвхөн байгаль хамгаалах арга биш, харин улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх стратегийн хөрөнгө оруулалт юм.
-Хөрөнгийн зах зээлээр дамжуулан тогтвортой хөгжлийг хэрхэн хангах вэ?
-Хөрөнгийн зах зээл тогтвортой хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх хамгийн үр ашигтай суваг бөгөөд банкны богино хугацааны, хязгаарлагдмал эх үүсвэрийг давж, урт хугацааны, их хэмжээний хөрөнгө татах боломжийг нээдэг. Тогтвортой санхүүжилтийн бодлогыг хэрэгжүүлснээр компаниуд “ногоон”, тогтвортой бонд гаргаж, зорилтот төслүүдийн эх үүсвэрийг дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчдаас татах нөхцөл бүрдсэн. Үүнээс гадна esg (environmental social governance) буюу байгаль орчин, нийгэм, засаглалд эерэг нөлөөтэй хөрөнгө оруулах хандлага, зарчимд нийцсэн хөрөнгө оруулалтын сан, eft (exchange traded fund) буюу хөрөнгийн зах зээлээр арилжаалдаг хөрөнгө оруулалтын сан зэргийг бий болгосноор институтийн болон олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татна. Хөрөнгийн зах зээл дэх ийм бүтээгдэхүүнүүд хөгжихийн хэрээр компаниуд улам ил тод байж, засаглалаа сайжруулж, эрсдэлээ бууруулах шаардлагатай болдог
-Манай улсын хөрөнгийн зах зээлийн салбарт тогтвортой санхүүжилт татах боломж байна уу?
-Хөрөнгийн зах зээлийн орчин сүүлийн жилүүдэд чанарын хувьд шинэ шатанд гарч, тогтвортой санхүүжилт татах суурь бодитоор бүрдсэн гэж болно. Банкуудын IPO-г амжилттай зохион байгуулж, зах зээлийн үнэлгээ эрс өссөн нь хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлж, ил тод байдлын шинэ стандартыг тогтоолоо. Нөгөө талаас Санхүүгийн зохицуулах хороо, санхүүгийн дэд бүтцийн байгууллагууд, мөн салбарын мэргэжлийн холбоодуудтай хамтран “ногоон” бондын журам, тайлагналын заавар зэрэг эрх зүйн баримт бичгийг олон улсын шаардлагад нийцүүлсэн. Тогтвортой санхүүжилтийн үндэсний бодлого, таксономи, банкны эрсдэлийн үнэлгээний систем зэрэг нь үнэт цаас гаргагч компаниудыг илүү хариуцлагатай, ил тод ажиллахад чиглүүлж, хөрөнгө оруулалт татах бэлтгэлийг хангасан. Мөн “ногоон” бонд гаргах туршлагыг нэвтрүүлж, дотоодын аж ахуйн нэгжүүд гадаадын томоохон хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татаж чадсан нь энэ чиглэлийн боломж нээгдсэнийг харуулсан. Товчхондоо, манай хөрөнгийн зах зээл тогтвортой санхүүжилт татахад шаардлагатай эрх зүй, засаглалын орчныг бүрдүүлж, оролцогчдын чадавх, хөрөнгө оруулагчдын сонирхлын хувьд өмнөхөөсөө харьцангуй сайжирсан гэж хэлнэ. Гэхдээ хийх ажил их бий.
-Дотоодын хөрөнгийн зах зээл өргөжин, үнэлгээ нь сүүлийн хэдэн жилд огцом өссөн. Үүнийг улам хөгжүүлж, ялангуяа том компаниуд илүү олон хүнд хувьцаагаа эзэмшүүлэх боломжийг яаж бий болгох вэ?
-Монголын хөрөнгийн зах зээлийн арилжааны идэвх, үнэлгээ, оролцогчдын тоо эрчимтэй өсөж, богино хугацаанд чанарын шинэ шатанд гарсан. Шинэ компаниуд үнэт цаас гаргах сонирхол нь нэмэгдэж, санхүүжилт татах боломжоо хөрөнгийн зах зээлээс эрэлхийлж, зах зээлийг илүү төрөлжүүлж байна. Энэ өсөлтийг үргэлжлүүлэхийн тулд том, дунд компаниудын идэвхийг сайжруулах, олон нийтэд нээлттэй хувьцааны хэмжээг нэмэгдүүлэх нь чухал. Ингэснээр ил тод байдал сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, иргэд илүү ашиг хүртэх боломж бүрдэнэ. Мөн төрийн өмчит компаниудыг хувьцаат болгож, биржээр үнэт цаасыг нь арилжсанаар зах зээл тэлэхэд бодит түлхэц болно. Үүнээс гадна компанийн засаглал, тайлагналын чанарыг сайжруулах нь хөрөнгө оруулагчдыг татахад чухал нөлөөтэй.
-Жижиг, дунд аж ахуйн нэгжүүд тогтвортой санхүүжилт татах боломж хэр байдаг бол. Ийм санхүүжилт татах, олон улсын хөрөнгө оруулагчидтай холбогдох боломжийг хэрхэн бүрдүүлж, ямар шаардлага биелүүлж ажиллах вэ?
-Жижиг, дунд аж ахуйн нэгжүүд тогтвортой санхүүжилт татах боломж хангалттай бий. Нэн тэргүүнд аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангаа ил тод, тогтмол гаргадаг, бизнесийн төлөвлөгөө нь бодит тооцоотой байх шаардлагатай. Мөн байгаль орчин, нийгмийн эрсдэлийг энгийн түвшинд ч болов тодорхойлж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ төлөвлөх нь чухал. Олон улсын хөрөнгө оруулагчидтай холбогдохын тулд “ногоон” таксономитой нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний чиглэлээ тодорхойлж, төслийн эерэг үр дүнг тоон үзүүлэлтээр харуулах хэрэгтэй. Түүнчлэн байгууллагын засаглал, ил тод байдлыг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүний эрхийн талаарх үндсэн шаардлагыг биелүүлэх нь тогтвортой санхүүжилтийн гол шалгууруудын нэг. Хэрэв эдгээр суурь нөхцөл бүрдвэл жижиг, дунд үйлдвэрлэгчид олон улсын хөгжлийн сан, “ногоон” санхүүгийн байгууллагууд, мөн дотоодын банкны “ногоон” зээлийг авах бүрэн боломжтой.
-Байгаль орчин, нийгмийн эрсдэлийг үнэлнэ, эрсдэлийн удирдлагыг сайжруулж, “ногоон” санхүүжилтийн болзол хангана гэхээр ажиллагаа ихтэй, “хол” санагдах нь бий.
-Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх нь төвөгтэй ажил мэт санагддаг ч үнэндээ өдөр тутамд байдаг л зүйл. Тухайлбал, эрчим хүчний хэрэглээ, ажилчдын аюулгүй байдал, хог хаягдлын зохицуулалт зэрэг хэдэн гол зүйлээ тодорхойлж сурах шаардлагатай юм. Эдгээр жижиг сайжруулалтыг төлөвлөж чадвал “ногоон” санхүүжилтийн шаардлагаас хангах бөгөөд банкууд, олон улсын байгууллагуудын бэлэн загвар үнэлгээг ашиглаж ч болдог.
-Иргэд, аж ахуйн нэгжүүдэд энэ талаар мэдээлэл өгч, мэдлэг олгодог, улмаар хөрөнгө оруулалт татахад зуучилдаг байгууллага бий юү?
-Иргэд, аж ахуйн нэгжүүд тогтвортой санхүүгийн талаар мэдлэг, мэдээлэл авах боломж сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Банк, зохицуулагч болон олон улсын байгууллагууд сургалт, зөвлөмж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, тогтвортой санхүүгийн ойлголт, шаардлага, ач холбогдлыг олон нийтэд хүргэж хэвшсэн. Ийм сургалтаар иргэд, жижиг, дунд аж ахуйн нэгжүүд нийгмийн эрсдэлийн үнэлгээ, тогтвортой санхүүгийн үндсэн зарчим, дэлхийн чиг хандлага зэрэг бодитой, хэрэгтэй мэдээллийг авах боломжтой.
-Хөгжиж буй орнуудаас тогтвортой санхүүжилт “босгож”, энэ талаар ахиц дэвшилтэй ажиллаж, эдийн засгаа сайжруулж буй ямар улс байна. Бид тэднээс юу суралцах боломжтой вэ?
-Бангладеш, Вьетнам, Кени зэрэг хөгжиж буй цөөнгүй орон тогтвортой санхүүжилт татах нь хэцүү ажил биш, харин хөгжлийн бодит хэрэгсэл гэдгийг нотолж буй. Тэд эрчим хүчнийхээ хэрэглээ, зардлыг бууруулж, жижиг бизнесүүдийг дэмжин, ажлын байрыг олшруулж, уур амьсгалын эрсдэлд тэсвэртэй эдийн засгийг бий болгон, жишиг болж, хурдацтай хөгжиж эхэлсэн. Бидний хувьд заавал хөгжиж буй орноос гэлтгүй бүх улсад л хэрэгжүүлж байгаа сайн туршлага, жишээг ашиглаж, нэвтрүүлж болно. Дээр дурдсанчлан банкууд, олон улсын санхүүгийн байгууллагуудын бэлэн загвар, үнэлгээг шууд хэрэгжүүлэх боломжтой.
-Монголын ҮЦАЭХ сүүлийн үед ямар ажлууд хийж байгаа бол?
-Манай холбоо хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих олон талт ажлыг тогтмол хэрэгжүүлдэг. Бид зуучлагч, андеррайтер компаниудын мэргэжлийн чадавхыг сайжруулах сургалт, арга хэмжээ зохион байгуулж, үйлчилгээний чанар, стандартыг хангахыг зорьдог. Мөн хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчны шинэчлэл, шинэ бүтээгдэхүүн, инновац нэвтрүүлэх бодлогын хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, өрсөлдөх чадварыг сайжруулахад салбарын зөвлөмж, дүгнэлт гаргадаг. Үүнээс гадна тогтвортой санхүү, esg зарчмыг салбартаа түгээх чиглэлээр сургалт, мэдлэг олгох ажлыг өргөжүүлж, 2026 онд нээлттэй, үнэ төлбөргүйгээр тогтвортой санхүүжилтийн сургалтыг улирал тутам тогтмол зохион байгуулах бэлтгэлээ хангалаа.
С.Дулам