Монголын түүх, соёл, археологи, палеон логийн олдворыг хууль бусаар хил да лан арилжиж, цуглуулагчид нь түүгээрээ гайхуулах явдал бишгүй.Өмнийн цэнхэр говийн элс, шороон доор хэдэн сая жилийг өнгөрөөсөн палеонтологийн олдвор болох үлэг гүрвэлийн чулуужсан яс, өндөг зэргийг анх өнгөрсөн зууны эхээр алс холын Америк тивээс ирсэн судлаачид олж, буцаан олгох гэрээг Богд хаантай байгуулан,далайн чанадад хүргэсэн ч өнөөг болтол эргүүлж аваагүй гэдэг.
Тэгвэл шинэ мянган эхлээд 10-аадхан жил ч болоогүй байхад арилжааны палеонтологич нэртэй эрт галавын эд өлгийн зүйлсийг наймаалагчид Монголоос Америк руу Тарбозавр батаар үлэг гүрвэлийн чулуужсан яс, өөр нэг ийм төрлийн динозаврын толгой зэргийг борлуулж, хууль бусаар эх орноос нь гаргаж, тэнд дуудлага худалдаанд оруулж байв. Үүнийг нь геологич, палеонтологич, шинжлэх ухааны доктор М.Болорцэцэг анх олон нийт, төр засагт хүргэснээр Холливудын од Николас Кэйжийн худалдан авсан динозаврын толгой болон Тарбозавр батаарын чулуужсан бүтэн хэлхээ ясыг Монголынх гэдгийг батлах, хэрхэн хил давуулсныг тогтоох ажиллагааг холбогдох яам, цагдаагийн болон шинжлэх ухааны байгууллага эхлүүлсэн. Улмаар Эрик Прокопи, Холлис Батс, Крис Мүүри, Яан зэрэг орон орны иргэд манай улсын харьяат Т, түүнд олдвор өгсөн Ө, Ө зэргээс худалдан авсан болохыг тогтоосон юм. Хэдийгээр гадаадын хүмүүсийн нэг нь Монголынх биш, тус улсад очиж байгаагүй хэмээн шүүхийнхээ өмнө мэлзэж байсан ч манай тухайн үеийн ЭЦГ, УМБГ-ын “чекист”-үүд Англи, Америк, Япон, Солонгос зэрэг үндэстэн дамнасан хууль бус сүлжээ, бүлэглэлийн үйл ажиллагааг илрүүлэн хөдөлбөргүй тогтоож байсан билээ. Энэ бүхний эцэст АНУ-д дуудлагаар худалдах гэж байсан Тарбозавр батаар Монгол Улсын, тэр дундаа Өмнөговь аймгийн нутаг, Нэмэгтийн хотгороос гаралтайг баталж, хууль бусаар хил давуулан худалддаг сүлжээний нэг гол төлөөлөгч Эрик Прокопид шүүх нь хариуцлага хүлээлгэсэн түүхтэй. Монголд ч энэ хэргийг илрүүлэхэд онцгой гавьяа байгуулсан цагдаагийн алба хаагчдад төр хайр хишгээ хайрласан билээ. Гэвч үндэстэн дамнасан энэ хэргийг илрүүлэхэд голлож ажилласан алба хаагчдын олонх нь цагдаадаа ажиллахаа больсон нь харамсалтай.
Батаарын дуулиан дэгдэж байсан 2012-2013 оны үед АНУ-ын долоон мужид Монголоос гаралтай палеонтологийн 21 олдвор байгааг тогтоон, Дотоод аюулгүй байдлын департаментаас нь хураан авч, Монголд шилжүүлэн өгсний бодит жишээ болгож Төв талбайд үзэсгэлэнгийн танхим нээн Тарбозавр батаарыг олон нийтэд үзүүлж байв. Түүнээс хойш манай сонин 2016 оны нэгдүгээр сард “Т.Батаарын хэргийн баларсан мөрөөр” цуврал нийтлэлээрээ Монголоос гаралтай үлэг гүрвэлийн чулуужсан яснуудыг “Монгол гэр” гэсэн гаалийн бүрдүүлэлттэйгээр хилээр гаргасан нь зөвхөн АНУ-аар тогтохгүй Өмнөд Солонгос, Бельги, Франц зэрэг улсад маш олноороо хураагдсан талаарх мэдээллийг уншигчдадаа хүргэж байсан юм. Тухайн үед Монголын гэдгийг нотолсон баримтаа гаргаж өгвөл Франц, Өмнөд Солонгосын талаас манайд шилжүүлэхээ ч илэрхийлж байв. Тэгвэл Францын Лион хотын шүүхийн шийдвэрээр манай улсад палеонтологийн олдворуудыг буцаан олгосныг өнгөрсөн долоо хоногт Францын нийслэл Парис хотноо тус улсын Төрийн сан, үйл ажиллагааны сайд, хатагтай Амели дэ Мончалин Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү тэргүүтэй албаны хүнд хүлээлгэн өгсөн. Энэ үйл ажиллагааг газар дээр нь сурвалжлахын сацуу хэрхэн, ямар замаар тус улсад очсон тухай мэдээллийг сонсон уншигчдадаа хүргэх боломж олдсон юм.
КВАРЦ ЧУЛУУГААР ХАЛХАВЧИЛСАН ПАЛЕОНТОЛОГИЙН ОЛДВОРЫН НАЙМААНЫ СЭЖҮҮР
Хойд Атлантын далайн эрэг дэх Францын Ле Авр (Le Havre) боомт хотод 2013 оны наймдугаар сард Бразил Улсаас усан онгоцоор тээвэрлэж ирсэн чингэлэгт гаалийн үзлэг шалгалт хийгээд “кварц чулуу” гэх гаалийн бүрдүүлэлттэй ачаан доор палеонтологийн их хэмжээний олдвор нуун тээвэрлэснийг илрүүлжээ. Францын холбогдох байгууллагын эрдэм шинжилгээний ажилтнууд тэдгээрийг “Цэрдийн галав”-ын үеийн амьтан, ургамлын чулуужсан олдвор хэмээн тодорхойлж, улмаар тус улсын хуулийн дагуу хуурамч бүрдүүлэлтээр хориотой бараа, бүтээгдэхүүн импортолсон гэж нарийвчилсан шалгалт эхлүүлсэн аж. Мэдээж Францын эрх зүйн тогтолцоо манайхаас өөр болохоор мөрдөн шалгах эрх бүхий Гаалийн байгууллагын мөрдөгчид нь холбогдох баримтыг бүрдүүлэх, шүүх, прокуророосоо зөвшөөрөл авах гэх мэтээр нэлээд удааширч. Ингээд 2015 оны эхээр ачааг хүлээн авагч аж ахуйн нэгжийн байранд нэгжлэг хийхэд есөн хайрцагтай Тарбозавр батаарын чулуужсан яс байгааг илрүүлэн, битүүмжилжээ. Улмаар манай холбогдох байгууллагад мэдэгдэж, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийнхэн газар дээр нь буюу Франц улсад очиж битүүмжлэгдсэн Тарбозавр батаарын чулуужсан ястай танилцсан байна. Зөвхөн тэр есөөс гадна өөр 28 хайрцагтай 200 гаруй олдвор байсантай нь манай эрдэмтэн судлаачид танилцан шинжээчийн дүгнэлт гаргахдаа дэлхийн өөр аль ч улсынх бус, зөвхөн Монголын Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс олддог чулуужсан үлэг гүрвэлийнх болохыг баталж өгөв.
Харин энэ хооронд Францын хууль сахиулах байгууллагынхан шалгалтын ажиллагаагаа өргөжүүлсэн нь ачааг хүлээн авагч аж ахуйн нэгжийн эзэд болох франц, германы иргэд Монгол, Бразилаас төдийгүй өөр олон орноос археологи, палеонтологийн олдвор хууль бусаар авч, хадгалж, дамжуулсан үйл ажиллагааг илрүүлсэнтэй холбоотой. Шалгалтын явцад тэд Хятад, Итали, Мадагаскар, Пакистан, Грек, Аргентин, Туркээс ч чулуужсан эд зүйл их хэмжээгээр авч, Францын хилээр нэвтрүүлсэн нь тогтоогдсон гэнэ. Өөрөөр хэлбэл, кварц чулуу гэх халхавч доор Францад үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгж палеонтологийн олон тооны олдвор хүлээн авч, шорооноос нь цэвэрлэж, үзэсгэлэнд тавих боломжтой болгоод цааш худалддаг байсан олон улс дамнасан сүлжээний нэг төлөөлөл болох нь тодорхой болсон аж. Үүнийгээ ч хэрэгт холбогдогчдын нэг нь хүлээн зөвшөөрч, цааш нь ХБНГУ-ын иргэнд худалдах гэж байснаа мэдүүлсэн гэдэг.
МОНГОЛЫН ОЛДВОРУУДЫГ ЯАЖ ФРАНЦАД ХҮРГЭСЭН БЭ
Энэ сүлжээний гол хүмүүсийг Монголын хууль сахиулагчид өмнө нь тогтоож, АНУ-ын иргэн л хариуцлага хүлээснээс биш, манай улсын иргэдийн холбогдсон хэрэг нэг бус нь нас барсан, нөгөө хэдэн хүний үйлдэл нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Харин “Монгол гэр” гэсэн бүрдүүлэлтээр чулуужсан олдвор гаргасан гаалийн албан тушаалтнуудтай холбоотой хэргийг шалгасан ч тухайн байгууллагыг удирдаж байсан улс төрчидтэй орооцолдож эхэлсэн учраас тэгсхийгээд хаагдсан түүхтэй.
Бидний авсан мэдээллээр Франц улсад хураагдсан Тарбозавр батаарын чулуужсан бүтэн, бусад 28 хайрцаг бүхий 217 олдворыг манай талаас дээрх бүрдүүлэлтээр гаалиар гаргаж, БНСУ руу хүргэсэн нь холбогдох санхүүгийн баримтуудаар тодорхой болсон юм билээ. Харин БНСУ-аас олон улсын ачаа тээвэр ашиглан Францын Ганна гэх хотод хүргэж, тус улсын иргэн хүлээн аваад зогсохгүй, хэрэгт холбогдогчидтой танилцан цааш дамжуулсан нь холбогдох нотлох баримтаар тодорхой болсон байгаа юм.
Манай сонин 2016 оны нэгдүгээр сард “Т.Батаарын хэргийн баларсан мөрөөр” нийтлэлдээ “2013 онд дуулиан шуугиантайгаар эх орондоо ирсэн Т.Батаарын “ихэр” Францад байгаа. Өдгөө тус улсын хууль хяналтын байгууллага гарал үүслийг нь тогтоохоор шалгаж буй гэнэ. Харин энэ хугацаанд уг олдворыг Францын Лион хотын “Музей де Комплюс”-т хадгалж байгаа аж” хэмээн бичиж байсан. Тэгвэл уг музейд битүүмжлэн хадгалж байсан Тарбозавр батаарын чулуужсан олдворт шинжилгээ хийлгэхээр тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас шинжээч томилсны дагуу Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Х.Цогтбаатар болон Эрүүгийн цагдаагийн газрын ахлах мөрдөгч, хошууч Э.Нэмэхжаргал нар “Музей де Комплюс”-т очиж, Францын гаалийн алба, Бельгийн вант улсын Байгалийн шинжлэх ухааны хүрээлэнгийн шинжээчид хамтран газар дээр нь үзэж шинжилжээ. Улмаар Тарбозавр батаарыг хараахан нас бие гүйцээгүй амьтан байсан гэдгийг тогтоосон аж. Өөрөөр хэлбэл, АНУ-аас эх оронд нь авчирснаас арай жижиг хэмжээтэй байсан нь ийн дүгнэхэд хүргэсэн юм билээ. Түүнчлэн “Тарбозавр батаарын яс хэлхээтэйгээ олддог тохиолдол дэлхийд ховор бөгөөд зөвхөн Монгол орны Алтайн цаадах говиос л илэрдэг. Хил залгаа Хятадын нутгаас олддог нь хадгалалт муу, хагас дутуу байдаг бол АНУ, Канадын нутаг дэвсгэрээс илэрдэг Тарбозаврын яс морфологийн хувьд өөр байдаг” гэж дүгнэсэн байна.
Ингэснээр Монголын холбогдох байгууллага болох тухайн үеийн БСШУСЯ, ГХЯ, УЕПГ, ЦЕГ, Парис дахь Монгол Улсын ЭСЯ-ныхан Францын хууль, шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргах боломж бүрдэж, тус улсын шүүх ч шударга ёсыг тогтоохын тулд мөрдөн шалгах ажиллагаанд Монгол Улсыг хохирогчоор тооцон оролцуулахаар шийдвэрлэсэн юм.
Үргэлжлэл бий.