Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)- аас энэ оны сүүлийн улирлын цаг агаар, уур амьсгалын урьдчилсан төлөвийг танилцууллаа. Үүнд дурдсанаар жилийн төгсгөлийн саруудад дэлхийн хуурай газрын бараг бүх бүс нутагт агаарын температур олон жилийн дунджаас дулаан байх магадлалтай гэнэ. Ази, Европ, Хойд болон Өмнөд Америкийн нийт нутгаар агаарын температур ердийнхөөс өндөр байх магадлал 60-80 хувьтай гарчээ.
Харин Төв Америк, Европын баруун бүс нутгийг хамарсан хэт халалт Эль Ниногийн нөлөөгөөр арванхоёрдугаар сард оргилдоо хүрч, ирэх оны нэгдүгээр сард энэ төлөвөө хадгалан, хоёрдугаар сараас эрчим нь саарахаар байгаа аж.
Хур тунадасны хомсдолоос үүдэлтэй хуурайшилт нийт бүс нутгийн 40 орчим хувьд өндөр байх төлөвтэй. Тухайлбал, Энэтхэгийн хойг, Төв Америкийн өмнөд хэсэг, Карибын тэнгисийн арлууд болон Өмнөд Америкийн баруун хойд нутгаар олон жилийн дунджаас харьцангуй бага хур тунадас орж, хуурайших төлөв ажиглагджээ.
Ж.Сувд