Түрүүч нь 2025.12.16-ны ¹231 (8295) дугаарт
ХЯТАДААС ГАРАЛТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙСНЫГ ЭРДЭМТЭН СУДЛААЧИД НЯЦААВ
Тухайн олдворуудыг манай улс өөрийнх гэдгээ нотлох ажиллагааг эрдэмтэн судлаачид, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын орлогч прокурорын шийдвэр зэрэгт тулгуурлан хангалттай хийж чадсан юм. Хэрэв ингэж нотлоогүй бол Хятадын үлэг гүрвэлийн олдвор хэмээн тус улсад өгөх нөхцөл байдал үүссэн байж.
Монголынхоос гадна Бельги, Францын палеонтологийн чиглэлийн эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор Өмнөговийн нутгаас гаралтай тарбозавр батаар болон бусад үлэг гүрвэлийнх гэдгийг тогтоосон нь шинжлэх ухааны ач тус. Манай говийн элсний ширхэг, шороон хурдас зэрэг нь бусад орныхоос тэс ондоо байдагт тулгуурлан, олдворын хадгалалт нь ч өөр гэдгийг үндэслэн Монголынх гэдгийг шинжээчид баталсан юм. Түүгээр ч зогсохгүй Францаар дамжин АНУ руу Монголын гаралтай 20 гаруй олдвор гарсан байж болзошгүй талаар анх палеонтологич М.Болорцэцэг мэдэгдсэн нь ч бий.
Монгол орны палеонтологийн олдвор гэдэг нь нэгэнт тодорхой болсон үлэг гүрвэлийн яснуудыг хууль бус эзэмшигчдээс нь хураан авах шийдвэрийг Францын Лион хотын шүүх гаргаснаар 2015 оны аравдугаар сард эхлүүлсэн мөрдөн шалгах ажиллагааг цаашид үргэлжлүүлж, 2017 оны аравдугаар сард битүүмжлэн хадгалжээ. Шалгалтын явцад Хятад, Ливан, Турк, Мадагаскар, Бразилаас их хэмжээний чулуужсан олдвор импортолж, дундын зуучлагч франц иргэдээр дамжуулан БНФУын хилээр нэвтрүүлсэн нь тогтоогдсон байна. Тодруулбал, манай улсаас хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Өмнөд Солонгосоор дамжуулан хүлээн авсан Францын аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд 2012-2016 оны хооронд дээрх орнуудаас хууль бусаар гаргасан, эртний чулуужсан эд зүйлийн наймаа хийсэн бололтой. Тиймдээ ч Францын хууль хяналтын байгууллагаас тухайн аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтнуудад гаалийн мэдүүлгийг хуурамчаар мэдүүлсэн гэж үзсэн. Мөн хуурамч баримт бичиг ашиглан эд зүйлийн гарал үүслийг худал бүрдүүлсэн, зохион байгуулалттайгаар бүлэглэн хориотой бараа, бүтээгдэхүүн импортолсон, хууль бусаар олж авсан эд хөрөнгийг нуун дарагдуулсан гэж буруутган өдгөө ч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй юм билээ.
МӨРДӨГЧИД: БИД ШУДАРГА ЁСЫГ Л ХҮСЭМЖИЛЖ ЭНЭ ХЭРГИЙГ МӨРДӨН ШАЛГАСАН
Парис хотноо Францын Төрийн сан, үйл ажиллагааны сайд, хатагтай Амели дэ Мончалин манай Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү тэргүүтэй албаны хүмүүст энэ сарын 8-нд Монголоос гаралтай чулуужсан олдворуудыг хүлээлгэн өгөх арга хэмжээ болсон. Энэ үеэр тус улсын Гаалийн цагдаагийн газрынхан, манай улсын эрх ашгийг хамгаалахаар ажилласан өмгөөлөгч гээд олон зочин ирсэн байв. Уг хэргийг илрүүлэхэд голлон ажилласан БНФУ-ын Гаалийн цагдаагийн албаны хоёр мөрдөгчөөс зарим зүйлийг тодрууллаа. Тэд “Манай гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний албаныхан эртний чулуужсан олдворууд Францын нутаг дэвсгэрт ирсэн цагаас нь эхлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Энэ шалгалтын явцад чулуужсан олон тооны олдвор хадгалж байгаа аж ахуйн нэгж, хүмүүсийн тухай мэдээллийг баримтжуулан цааш нь нарийвчлан шалгаж, хаанаас гаралтай, хэн хүлээн авсан бэ гэдгийг тогтоох ажиллагаа явуулсан юм. Үүний үр дүнд Монголоос гаралтай, Францын нутагт хууль бусаар оруулж ирсэн олон тооны чулуужсан олдворыг хэрэгт холбогдон шалгуулагч аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд хадгалж байгаа нь тодорхой болсон. Энэ хэргийг маш удаан хугацаанд шалгасаар байна. Өөрөөр хэлбэл, 2012 оноос хойш мөрдөн шалгах ажиллагаа явуулж, одоо л үр дүнд хүрч, үлэг гүрвэлийн чулуужсан араг яс болон бусад олон олдворыг эх оронд нь шилжүүлэн өгч буйд баяртай байна. Бид шударга ёсыг л хүсэмжилж энэ хэргийг мөрдөн шалгасан. Үлэг гүрвэлийн чулуужсан энэ олдвор бол Монгол Улсын түүх, өв. Тиймээс эх оронд нь буцаан олгож буйд туйлын их баярлаж байна. Одоо ч хэргийн холбогдогчдын үйлдлүүдийг шалгасаар, шүүх эцэслэн шийдвэрлээгүй. Хэрэгт холбогдогчид чулуужсан ясыг цуглуулан боловсруулж, угсрахад бэлэн болгоод цааш нь худалдах зорилготой байсан нь тодорхой болсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн зөвшөөрлөөр хоёр ч удаа эд зүйл хураан авч битүүмжилсэн. Шалгалтын явцад шинжээчдээр дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан. Тиймээс Францын байгалийн түүхийн музейнхэн болон өөр бусад есөн шинжээчийг оролцуулан дүгнэлт гаргуулснаар Монгол Улсаас гаралтай гэдгийг хөдөлбөргүй тогтоолгосон. Хэрэгт холбогдогч аж ахуйн нэгжийн байранд нэгжлэг хийхэд маш их чулуужсан олдвор байгааг хараад шинжээчид маань хүртэл “шок”-нд орсон шүү. Бүр мэл гайхсан гээч. Шинжээчдийн дүгнэлтээр 28 хайрцаг бүхий 200 гаруй олдвор Монголынх гэдэг нь тодорхой болсны дараа шүүх албан ёсоор Монгол Улсыг хохирогчоор тогтоон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж эхэлсэн.
Хэрэгт холбогдсон аж ахуйн нэгжийнхэн удаа дараа давж заалдснаар шүүхээр шийдвэрлэх ажиллагаа удааширч, өнгөрсөн зургаадугаар сард эцсийн шийдвэрээ гаргаж, Монголд чулуужсан олдворуудыг ийнхүү өнөөдөр хү лээлгэн өгч байна” хэмээсэн юм.
МАНАЙ ЭСЯ-ЫХАН ОНЦГОЙЛОН ОРОЛЦОЖ ПАЛЕОНТОЛОГИЙН ОЛДВОРУУДАА БУЦААН АВАХ ШИЙДВЭР ГАРГУУЛАВ

Харин Францын нутагт Монголоос гаралтай үлэг гүрвэлийн чулуужсан олдвор байгаа талаарх мэдээллийг манай цагдаагийнхан анх олж авч, ЦЕГ-аас ГХЯ-нд албан ёсоор мэдээлсэн байдаг. Үүний дараа нь манай сонин 2016 оны нэгдүгээр сард “Т.Батаарын хэргийн баларсан мөрөөр” нийтлэлдээ Францын Лион хотын музейд тарбозавр батаарын яс хадгалж, олон нийтдээ хүргэж буйг мэдээлсэн билээ. Энэ бүхний дараа Монгол Улсын хилээр нууцаар гаргаж, Францад хүргэсэн палеонтологийн олон тооны олдвор манайх мөн, эсэхийг шалгуулахаар тус улсын талаас Эрх зүйн туслалцааны хү сэлт 2016 онд ирүүлсэн байдаг. Үүний дагуу УЕПГ-аас талийгаач Т болон түүнтэй хамт чулуужсан олдвор ухаж наймаалж байсан Ө, Ө нарт холбогдох хэргийг сэргээн шалгаж эхэлсэн юм. Үр дүнд нь Монголоос гаралтай үлэг гүрвэлийн чулуужсан яснуудыг БНСУ-аар дамжуулан “Минералны аукцион”-ы дараа нууцлагдмал байдалд болдог палеонтологийн олдворын наймаа эрхлэгчдийн гарт хүргэж, зарсан болохыг тогтоон, 2018 оны нэгдүгээр сард УЕПГ-аас Францын талд албан ёсоор мэдэгдсэн байдаг. Тухайн үеийн БСШУСЯ-наас ГХЯ-нд үлэг гүрвэлийн чулуужсан олдворуудыг буцаан авах боломжийн талаар мэдээлэл хүргэж. Улмаар ГХЯ-наас БНФУ-д суугаа ЭСЯныханд мэдэгдсэнээр 2018 онд анх Элчин сайд А.Баттөр Лион хотын шүүхэд Монголоос гаралтай палеонтологийн олдворуудыг эх оронд нь буцаан авах хүсэлтэй байгаагаа албан захидлаар хүргүүлсэн юм. Гэвч дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахал дэгдэж, хөл хорьсон, хэрэг хянан шийдвэрлэж байсан шүүгч нь өөрчлөгдсөн зэргээс шалтгаалан манай талын хүсэлтийг шийдвэрлэлгүй 2022 оны сүүлч хүргэсэн гэнэ. Тухайн оны арванхоёрдугаар сард хэргийг сэргээн шалгаж эхэлснээр манай талын эрх ашгийг хамгаалах асуудал ч сөхөгдөж. Ингэснээр манай УЕПГ-аас тарбозавр батаарын араг ясыг эргүүлэн авах талаар Эрх зүйн харилцан туслалцааны хүсэлт гаргасныг Францын Европ, Гадаад хэргийн яаманд Парист суугаа манай ЭСЯ-ныхан дамжуулан хүргүүлсэн юм билээ.

Монгол Улс холбогдох байгууллагуудаараа дамжуулан палеонтологийн олдворуудаа буцаан авах хүсэлтээ илэрхийлж байсан ч 2019 онд Францын Риом хотын шүүхээс хэргийн холбогдогчдод чулуужсан яснуудыг буцаан олгох, мөрдөн шалгах ажиллагааг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Ийнхүү бид палеонтологийн олдворуудаа алдах эрсдэлтэй тулгарав. Харин Францын хууль сахиулах байгууллагынхан өөр олон нотлох баримт цуглуулан Лион хотын шүүхэд өгснөөр мөрдөн шалгах ажиллагааг сэргээж, дахин шинээр явуулах болжээ. Энэ үед буюу 2022 онд өдгөө тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү хариуцсан шүүгчид нь албан захидал хүргүүлж, эх орныхоо палеонтологийн олдворын хадгалж байгаа нөхцөл байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн оролцох боломжийн талаар судалсан байна. Эдгээрийн үр дүнд Лион хотын шүүх Монгол Улсыг албан ёсоор хохирогчоор тогтоон оролцуулах шийдвэр гаргаж, палеонтологийн олдворуудыг буцаан олгох шийдвэр 2023 оны зургаадугаар сард анх гаргажээ. Үүний хүрээнд Монгол Улсыг төлөөлж иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Парист суугаа ЭСЯны Консулын ажилтан А.Ганхэтийг томилон оролцуулж, Францын “Soulez Lariviere Avocats” өмгөөллийн фирмийн өмгөөлөгч Ауриллиа Гриньонтой гэрээ байгуулж, хамтран ажиллаж эхэлсэн байна.

Гэтэл хариуцагч буюу үлэг гүрвэлийн чулуужсан олдворын бизнес эрхлэгч Франц, Германы иргэдийн хамтарсан аж ахуйн нэгжийнхэн давж заалдах гомдол 2023 оны зун гаргасны дагуу Монголын талд хүлээлгэн өгөх шүүхийн шийдвэрийг түдгэлзүүлжээ. Энэ бүхний эцэст энэ оны зургаадугаар сарын 10-нд Францын Лион хотын шүүх эцсийн шийдвэрээ гаргаж, Монгол Улсаас гаралтай тарбозавр батаарын бүтэн араг яс болон 28 багц чулуужсан олдворыг эргүүлэн олгох шийдвэрээ эцэслэн баталсан аж.