ХҮЧНИЙ СПОРТООС ХҮНДИЙГ ӨРГӨЛТТЭЙ НӨХӨРЛӨСӨН ТҮҮХ
Эрчүүд ч зориг гаргаж, тэр бүр хөл тавьдаггүй хүндийг өргөлтийн спортоор эмэгтэй хүн хижээл насандаа хичээллэнэ гэдэг гайхалтай. Маш их тэсвэр тэвчээр гаргаж, дэлхийн үзэгчдэд ур чадвараа харуулан, амжилтаа нэг бус удаа баталсан туйванч бол ОУХМ Ц.Оюунчимэг. Хүн хичээж чадвал хэдэн насандаа ч амжилт гаргаж болдгийг тэрбээр олон залууст болон үеийнхээ нөхдөд өөрийн биеэр үлгэрлэсэн. Түүнийг Хил хамгаалах ерөнхий газарт бригадын генерал Д.Ганбаатарын туслахаар ажилладаг байхад 2011 онд цэргийн байгууллагад ажиллаж буй 45-аас дээш насны эмэгтэйчүүдийг гавьяаны амралтад гаргах тушаал гарчээ. Ц.Оюунчимэг гэртээ нэг хэсэг амарч, нам гүм суусан юм. Тухайн үед тэтгэвэрт гарсан ч нас залуу байсан тул ажил хийх хүсэлтэй байж. Гэхдээ чухам юу хийхээ мэдэхгүй, эргэлзэж байсан тул 10 жилийн анд болох тухайн үед ХХААХҮЯ-ны сайд байсан, сүүлд Ерөнхийлөгч болсон Х.Баттулгатай уулзахдаа “Чи миний насанд тохирох ажил санал болгооч. 50 насны босгоор алхах гэж буй би гэрт зүгээр суух уйтгартай санагдаж байна. Жин нэмж, бие ч өвдөөд байх юм” гэжээ. Харин түүнд “Чи бидний насанд одоо ямар ажил олдох вэ. Ажил хайхын оронд хүндийг өргөлтийн спортоор хичээллэ. Чамд удам, бяр, тэнхээ байна. Спортын төв ордонд бэлтгэл хийдэг заал бий. Яваад оч. Би дэмжье” хэмээн зөвлөжээ. Багадаа биеийн тамирын хичээлээс зугтдаг байсан түүнд спорттой нөхөрлөнө гэдэг эхэндээ санаанд багтаагүй гэдэг. Түүнээс хойш нэлээд өдөр бодож байгаад хүндийг өргөлтөөр хичээллэхээр шийдэн дасгалжуулагч Я.Дөрвөнжинтэй уулзахаар бэлтгэлийнх нь заалыг зорив.
ДЭЛХИЙН ТАВЦАНД ӨРСӨЛДӨНӨ ГЭЖ ХЭН Ч ТӨСӨӨЛӨӨГҮЙ
Тухайн үед амьдралын зөв хэвшилтэй болохоор эрүүл мэнддээ анхаарал хандуулснаас биш, дэлхийд улсаа төлөөлж өрсөлдөх шилдгүүдийн нэг больё гэж бодоогүй гэдэг. Хүндийг өргөлт байтугай спортын ямар ч ойлголтгүй тэрбээр 2011 оны тавдугаар сард хичээллэхээр ирж, дөрвөн сар бэлтгэл хийн намар нь Орхон аймагт болсон УАШТ-д оролцохдоо огцом өргөлтөөр 45, түлхэлттэй өргөлтөөр 59 кг-ыг өргөхөд хүмүүс “Чи өмнөхөөсөө сайжирсан байна” гэж урам өгчээ. Тэрбээр ийн 49 насандаа, 2011 онд тамирчин болох гараагаа ийн эхлүүлсэн юм. Өөрийгөө амжилт гаргана гэж төсөөлөөгүй тэрбээр жилийн дараа Украйнд хөл тавьж, ДАШТ-ий талбарт аваргуудтай эн тэнцүүхэн хүч сорино гэж зүүдлээ ч үгүй явсан биз ээ. Тэмцээний хоёр дахь өдөр тэнд ирсэн оролцогчдоос Британийн тамирчин, долоон жил дараалж түрүүлсэн “босоо аварга” Сандра Смиттэй өрсөлдөхдөө огцом өргөлтөөр 53, түлхэлттэйд 60 кг-ыг өргөж, мөнгөн медаль хүртсэн юм. Монголоос явсан тамирчдаас хоёр нь медаль зүүсэн нэг нь тэрбээр байв.
Монголд ирснийхээ дараахан нэг өдөр бэлтгэл хийхээр зааланд ирэхдээ ХБНГУ-ын Франкфурт хотод олон улсын эмэгтэйчүүдийн хүндийг өргөлтийн гран при тэмцээн болох зар олж харлаа. Шинэ он гаргаад хоёрдугаар сард нэг ч хүн танихгүй, хэл ч мэдэхгүй түүнийг тус улсад хөл тавихад Элчин сайдын яамнаас нэг хүн тосож авав. Түүний жинд олон тэмцээнд оролцсон туршлагатай тамирчид иржээ. Өмнө нь огт хараагүй шинэ танил огцом өргөлтийн төрөлд 57 кг-ыг захиалаад өргөчхөв. Хөнгөн санагдахаар нь дараагийн захиалгаа 60 кг болгоход тэд их гайхжээ. Тэр үед тэднээс илүү кгыг захиалснаа мэдээгүй аж. Огцом өргөлтөөр алтан медалийн болзол хангасан түүний хувьд түлхэлттэй өргөлтөөр огцомоос илүү өргөдөг. Тиймээс 75, 80 кгыг захиалан өргөж түрүүлэхэд өөрийн эрхгүй огшиж, нулимс унагажээ. Төрийн дууллаа эгшиглүүлж зогсохдоо “Монгол, Монгол” гээд хашхирахыг сонсоод хэн намайг дэмжихээр ирдэг билээ гээд гайхан хартал Элчин сайдын яамныхан медаль хүртэхийг нь хараад баярлачихсан зогсож байжээ. 2012 онд болсон ДАШТ-ий мөнгөн медаль амжилт даллаж, шагналын буухиаг таслаагүй. Тэрбээр тэр үед тив, дэлхийн тэмцээнд оролцоход өөрт нь боломж байгааг ойлгосон юм. Дараа жил нь Малайзад 2013 онд зохион байгуулсан “Дэлхийн цом”-д түрүүлж, Азийн АШТ, ДАШТ, Гран прид өрсөлдөж, алтан медаль зүүсэн нь түүний амьдралд тохиосон хамгийн сайхан баярт агшин байлаа.

АРНОЛЬД ШВАРЦНЕГГЕРИЙН НЭРЭМЖИТ ФЕСТИВАЛЬД АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ
АНУ-д 2014 онд зохион байгуулсан холливудын од, Арнольд Шварцнеггерийн нэрэмжит дэлхийн нээлттэй фестиваль тэмцээнд эх орноо төлөөлж оролцов. Тэр жил тус фестивалийн тэмцээний төрөлд хүндийг өргөлт багтсан юм. Азиас Монголын туйванч аварга болно гэж үзэгчид төсөөлөөгүй байх. Арнольд Шварцнеггер тэмцээн өндөрлөсний дараа медаль хүртсэн тамирчдыг хүлээн авахдаа түүнээс “Монгол тамирчин түрүүлсэн нь үнэн үү. Та ганцаараа ирж оролцов уу” гэж асуун ихэд гайхжээ. Дэлхийн одыг дэргэдээс нь харж, гар барин зургаа авхуулсан нь түүнд ховорхон тохиох боломж байв. Үүнээс хойш тус фестивальд хүндийг өргөлтийг оруулаагүй юм. Тэмцээнийх нь төрөлд ганц удаа багтахад нь оролцож, нийлбэр дүнгээр 138 кг-ыг өргөн алтан медаль хүртсэн тамирчин Монголынх байлаа.
Хамгийн сүүлд Канадад болсон ДАШТ-д хэрхэн оролцсон тухайгаа тэрбээр “ДАШТ-д оролцохын өмнө гар хавдаж, штангийн гол төмрийг атгаж чадахгүй боллоо. Монголоос Гавьяат тамирчин Ш.Лхагваа бид хоёр оролцсон. Миний жинд АНУаас биерхүү, өндөр хоёр тамирчин өрсөлдөхөөр ирснийг хараад эхэндээ сүрдэж, сэтгэлээр унав. Би огцом өргөлтөд 55, нөгөө хоёр 60, 65 кг-ыг захиалав. Тэр үед медальгүй буцах вий гэдэг бодол их төрсөн. Тэнд амьдардаг монголчууд надад сэтгэлийн дэм өгч, их тусалсан шүү. Огцом өргөлтөөр 55 кг-ыг өргөх амаргүй байсан тул хоёр дахь захиалгаа 58 кг болгож өргөлөө. Гар хавдаж, халуурч байсан ч урам орж, гурав дахь захиалгаа 61 кг болгов. Тэгтэл 60 кг-ыг захиалсан АНУ-ын тамирчин эхний өргөлтөө даасангүй, дахиж хоёр удаа захиалаад ч барсангүй. Намайг хүндийг өргөлтөд хөл тавихаас өмнө олон орны эмэгтэйчүүд хичээллээд эхэлснийг хожим мэдсэн. Тэд Монголын тамирчин оролцсон тэмцээн бүрээсээ медаль хүртдэг тухай сонсоод судалсан байв. Огцом өргөлтөд 65 кг-ыг захиалсан нөгөө тамирчин нь бас алдчихав. Тэрбээр хоёр, гурав дахь захиалгаа 67 кг болгосон ч өргөж дийлсэнгүй. Миний хувьд огцом өргөлтийн төрөлд алтан медаль хүртэх боломж бүрдсэн тул сэтгэл жаахан тайвширсан. Дараа нь түлхэлттэйд 75 кг-ыг өргөж, 78, 79 кг-ыг захиалаад алдсан ч түрүүлсэн юм. Намайг оролцсон тэмцээн бүрд түрүүлэхэд шүүгчид “Чи хичээллээд удаагүй хэрнээ ямар их хүч, бяртай юм бэ” гээд сэргээшийн шинжилгээ авахад нь зүгээр гардаг” хэмээн сонирхуулан өгүүлж билээ. Түүний хамгийн хүч тэй өрсөлдөгч нь Сандра Смит. Тэрбээр 2013 оноос монгол тамирчинд ялагдаж, мөнгөн медальтай нутаг буцах болсон гэдэг. Хэдийгээр тэд нэг жинд хүч сорьдог өрсөлдөгч гэлээ сайхан нөхөрлөдөг. Тэд мэйлээр байнга харилцаж, мэдээлэл солилцдог аж. Долоон жил дэлхийн дээд амжилтыг эзэмшсэн Сандра Смит 2014, 2019 оны ДАШТ-д оролцоогүй. Түүний түлхэлтийн техник гайхамшигтай. Тэрбээр тэмцээнд оролцохын зэрэгцээ шүүгчээр ажилладаг. 2015 оны ДАШТ-ийг дэнслэхдээ “Миний хөл бэртэлтэй тул оролцохгүй. Чамд амжилт хүсье, аварга болоорой” гээд урам өгч байжээ.

ХҮН БҮР ХУВЬ ТАВИЛАНТАЙ
Ц.Оюунчимэг туйванч аавынхаа талаас бөхийн удамтай. Үндэсний бөхөөр олон жил барилдаж, уран, дархан мэхээрээ олны сэтгэлд хоногшиж үлдсэн, Булган аймгийн Хангал сумын уугуул, Гавьяат тамирчин, дархан аварга Б.Түвдэндорж аавынх нь төрсөн ах. Тэрбээр энэ талаар “Манай удамд бөх төрөөгүй ч хүч бяр тэнхээ бий. Миний хувьд хүү гээ бөхөөр хичээллэхийг зөвлөсөн ч нэг их сонирхоогүй. Би зээ хүүгээ жүдогоор хичээллүүлж, тамир чин болгохыг хүсдэг. ДАШТ-д оролцдог болсноос хойш хилийн дээс алхаж, гэртээ тогтохоо больсон. Тэтгэвэрт гарсан надаар хүүхэд харуулна гэж бодож байсан хүмүүсийн төлөвлөгөө нурсан шүү. (инээв) Манайх хүү, охинтой. Охин минь хоёр хүүхэдтэй. Ач хүүгээ 2011 онд төрөхөд би гадаадын тэмцээнд оролцож эхэлсэн. 1992 онд Хилийн цэргийн дээд сургуульд эчнээгээр суралцаж, хууль эрх зүйч мэргэжлээр төгссөн би насаараа бичиг цаастай нөхөрлөсөн. Намайг хүндийг өргөлтөөр хичээллэж, дэлхийн аварга болно гэж олон хүн төсөөлөөгүй л дээ. Хамт олон минь намайг тэмцээнд оролцохыг зурагтаар хараад итгэсэн. Тэд тэмцээний дараа холбогдож, “Оюунчимэг ээ, чи төрөл арилжчихаа юу. Чиний нуугдмал авьяас одоо л гарч байна даа” гээд цаашлуулж билээ. Хүн бүр өөрийн гэсэн хувь тавилантай. Хэн ч амжилт гаргана гэж бодоогүй насанд спортоор хичээллэж, тив, дэлхийн тэмцээнээс шагналтай ирснээ бурхны бэлэг гэж боддог” хэмээн хуучилсан.
ДАШТ-ий анхны мөнгөн медаль нь араасаа амжилт дагуулж, түүнд олон тэмцээнд оролцох урам хайрласан болохоор их хайртай. Ийм амжилтын эзэн болоход хань, хүүхдүүдийнх нь дэмжлэг их нөлөөлжээ. Залуудаа гэрийнхээ хамаг ажлыг амжуулдаг байсан бол одоо нөхөр бүхнийг хариуцдаг болсон байна. Хүндийг өргөлтөөр хичээллэдгээ хүмүүсээс эхэндээ нуудаг байсан түүнийг амжилт гаргадаг болсон үеэс хүмүүсийн хандлага өөрчлөгдөж, найз нөхдийн хүрээлэл тэлжээ. Ярилцах зуураа “Би их азтай хүн шүү. Халамжтай ханьтай. Надаас илүү гэр цэвэрлэж, малгай, хувцас оёно. Нөхрийг минь Ж.Цэрэндорж гэдэг. Хадам аав, ээж Баянхонгор аймгийнх. Долоон хүүгээ багаас нь бие даалгаж, ажилсаг, нямбай, хүн чанартай өсгөсөн. Тамирчин хүн гэр бүлийн дэмжлэггүйгээр урагшлахгүй. Амжилтаа ахиулахад ханийн итгэл, найдвар, дэм тус маш их нөлөөлдөг. Намайг гадаадын тэмцээнд оролцохоор болбол хэрэглэх бүх зүйлийг зэхэж бэлддэг юм. Тэтгэврийн хэдэн төгрөгөө хадгалж байгаад тэмцээний зардалд нэмэрлээрэй гээд өгнө. Хүү нэг өдөр “Ааваас мөнгө зээлэх гэхээр байхгүй гэнэ. Таныг тэмцээнд явах болохоор мөнгөтэй болчихдог юм” гэж билээ.
ДАШТ-ээс зургаа, “Дэлхийн цом”-оос долоо, Олон улсын гран при тэмцээнээс дөрвөн алтан медаль, аваргын дөрвөн цом гардсан баярт мөч минь өдгөө мартагдахааргүй дурсамж үлдээжээ” хэмээн өгүүлснээр бидний яриа өндөрлөж, тэрбээр бэлтгэлээ үргэлжлүүлэхээр заал руу явсан юм.