АВАРГУУДЫГ ЯЛЖ, МЕДАЛИЙН ТАВЦАНД ЗОГСОВ
Дэлхийн олон орны хүүхэд, залуус мөсөнд авиралтаар хичээллэж, үүнийг орчин үеийн трэнд спортын нэг болгон хөгжүүлж байна. Тус спорт нь тамирчдаас хурд, ур чадвар, тэсвэр хатуужлыг шалгахаас гадна нэгнээ хүндэтгэх, харилцан ойлголцох нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болдог онцлогтой. Спорт авиралт Азийн наадмын хөтөлбөр болон “Токио-2020” зуны олимпын төрөлд албан ёсоор багтсан билээ. Азиас Монголын баг богино хугацаанд амжилт гаргаж, Европынхны хүчтэй өрсөлдөгч болж, чансаагаараа эн зэрэгцэж эхэлсэн нь олон улсын мэргэжилтнүүдийн анхаарлыг татах болов. БНСУ-ын Чонсон хот манай тамирчдад ээлтэй гэдэг нь оргүй үг биш. Тэднээс 2018 онд тус хотод болсон “Дэлхийн цом”-ын цувралаас ОУХМ Н.Хэрлэн мөнгө, Д.Энхбаатар хүрэл медаль хүртэж, тамирчдадаа амжилтын жим гаргасан нь Монголын өвлийн спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн юм. Үүнээс хоёр жилийн дараа (2020 онд) Н.Хэрлэн, Б.Ариунбаяр нар Азийн аварга шалгаруулах тэмцээний хурдны төрөлд түрүүлж, медалийн буухиаг үргэлжлүүлсэн билээ.
Тэгвэл тэдний адил мөс, хад, уулын спортоор тууштай хичээллэн, амжилт гаргаж яваа тамирчин бол Говь-Алтай аймгийн Тонхил сум дахь “Сутайн бор” клуб, “Олимп” төвийн тамирчин, экстрим “Х tеam” клубийн гишүүн, спортын мастер О.Сайханжаргал. Түүнийг уулын спортын хүрээллийнхэн сайн мэднэ. Тамирчин хүнд амжилт гаргах цаг хугацаа гэж бий. 2026 он түүнд аз, амжилт далласан өөдрөг жил болж байна. Олон улсын уулчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын тэмцээний эхний цуврал Чонсонд өнгөрсөн амралтын өдөр болоход Монголын баг 18 орны 120 гаруй тамирчинтай ур чадвараа сорьсон. Улс бүр шилдгүүдээ илгээсэн болохоор тэмцээний эхэнд тэр, энэ түрүүлнэ гэж тааварлах аргагүй. Эхний авиралтаас л тэмцээн өрсөлдөөнтэй, ширүүхэн өрнөх нь тодорхой болов. Хурдны төрөлд шигшээ 16-д манай улсын хоёр тамирчин таарсан нь үзэгчдийн сонирхлыг ихэд татсан. Азийн аварга, “Дэлхийн цом”-ын алт, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Хэрлэн түүнийг тэмцээнээ үргэлжлүүлэх, эсэхийг шийдэх хамгийн хүчтэй өрсөлдөгч болсон юм. Найз нөхөд байсан ч спортын талбарт бол шударга өрсөлдөх дүрэмтэй. Энэ удаа О.Сайханжаргал аваргыг ялж, шигшээ наймд эзэн орны авирагчдаас Жүн Кью Паркийг илүүрхэн, шигшээ дөрөвт шалгарав. Медалийн төлөөх авиралт түүнийг эх орондоо шагналтай буцах, эсэхийг шийдэх эзэгтэй, торгон мөч байлаа. Түүнтэй өрсөлдөх Ираны тамирчин Мохсон Бехешти Рад чансаагаараа жагсаалтыг тэргүүлэгч шилдгүүдийн нэг. Түүнийг ялах тун амаргүй. Монголын тамирчин дэлхийн аваргыг ялна гэж тус цувралд оролцдог орнуудын дасгалжуулагч, шүүгчид тухайн үед огт төсөөлөөгүй гэдэг. Дэлхийн аваргыг тэргүүн байрнаас буулгасан ч аваргын төлөө дахиад л өөр нэг дэлхийн аваргатай хүч үзэхээр таарав. Түүний учраа болох Мохаммедреза Сафдариан өнгөрсөн жилийн эхний цувралд Н.Хэрлэнг хожиж, түрүүлсэн бол 2026 онд аваргаа хамгаалж, ойрын жилүүдэд “босоо” байхаа тунхаглан, хоёр дахь алтан медалиа гардсан юм. Манайхан өнгөрсөн жил бэлтгэл сайтай оролцож, хойшид эхний гурван байрт шалгарахуйц өрсөлдөгч болсноо харуулсан бол энэ удаа ч амжилтаа баталлаа.
СОНИРХДОГ СПОРТОО ХОББИ БОЛГОЖЭЭ
Хүндхэн өрсөлдөгчидтэй нүүр тулж, дэлхийн медальтнуудын эгнээнд багтсан Улаанбаатар хотын унаган хүү эл спортод сонин тохиолдлоор хөл тавьжээ. Компьютер тоглож гэртээ өнждөг түүнийг гэрийнхэн нь дэлгэцнээс холдуулах гэж янз бүрийн арга хэрэглэсэн аж. Тэгээд нэг мэргэн санаа олсон нь спортоор хичээллүүлэх шийдвэр байв. Ховд аймгийн Мөнххайрхан уул руу авиралт хийлгэхээр “Сутайн бор” клубийн тамирчидтай хүчээр шахуу явуулсан нь түүнийг өөр хүн болгож өөрчилнө гэж хэн нь ч бодоогүй биз. Хотод өссөн түүнд өндөр ууланд халуун зунаар цас орох хачин санагдаж, авирахгүй өврөөс нь буцсан ч дараа заавал гарна гэсэн бодол тээж иржээ. Увс аймагт орших Хархираа Түргэний уулсад авираад ирсэн даруйдаа дасгалжуулагч, ОУХМ Д.Батжаргал багшийн удирдлагад спорт авиралтаар хичээллэв. Ингээд мөс, хад, уул, спорт авиралтын тэмцээн хаана болно тэнд байдаг болов. Тэр цагаас сонирхдог спортоо хобби болгосон байна. МУБИС-ийн биеийн тамирын сургуулийн оюутан байхдаа БНХАУ-ын Шанхай хотод болсон оюутны ДАШТ-д ОУХМ Н.Хэрлэнтэй хамт оролцсон нь түүнд олон зүйлийг ойлгуулжээ. Тухайн үед ШУТИС-ийн дулааны инженерийн ангид суралцдаг байсан Н.Хэрлэнг зарим багш нь хичээлээс чөлөөлөхийг татгалзаж, “Чи ингэж сурахын хэрэг юу байна, ууландаа очиж амьдраач” хэмээн зэмлэдэг байсан гэдэг. Монголын тамирчид мөсөнд авиралтын төрлөөр ДАШТ-д оролцсон ч эхний жилүүдэд амжилт гаргасангүй. Гэхдээ богино хугацаанд өөрсдийгөө хөгжүүлж, Азийн орнуудын тамирчидтай хүчтэй өрсөлддөг болсон юм.
САЙТАР СУДАЛГАА ХИЙЖ, УР ЧАДВАРАА АХИУЛСАН НЬ
Тэд Азийн болоод Дэлхийн цом, ДАШТ-д оролцохдоо МУБИС-ийн авиралтын найман метр хананд бэлтгэл хийж байгаад л явна. Байр эзэлсэн тамирчдыг хараад шар нь хөдөлж, хойтонгийн тэмцээнд бэлтгэлээ сайн базааж амжилттай оролцоно гэж бодож ирдэг ч стандартад нийцсэн авиралтын ханагүй болохоор урамгүй санагддаг байсан аж. Гурав дахь жилийнхээ тэмцээнээс бүх зүйлийг мэддэг болж, гадаадын тамирчдын хувцас, багаж хэрэгслийн зургийг авч, бичлэг хийн, хэрэгтэй зүйлээ бичиж тэмдэглэн, амжилт гаргахад юу нөлөөлж буйг сайтар судлав. Түүнчлэн ОХУын Киров хотын авиралтын баазад хамтарсан бэлтгэл хийдэг болсон нь амжилт гаргахад нөлөөлсөн юм. Манай тамирчдын бэлтгэл хийхийг Оросын дасгалжуулагчид хараад эхэндээ шоолдог байсан бол сүүлдээ амжилт хэрхэн гаргах талаар нэг бүрчлэн зааж өгдөг болжээ. Хойд хөршийн тамирчидтай бэлтгэл хийж, туршлага багагүй хуримтлуулсан нь амжилт гаргах эхлэл байлаа. Азиас БНСУ, Ираны тамирчид хүчтэй өрсөлддөг болсон тул өмнөд хөршийнхөн тамирчдаа дэмжин, спорт авиралтын бэлтгэлийн томоохон бааз байгуулж, дэлхийн алдартай, туршлагатай дасгалжуулагчдыг урин, эх орондоо ажиллуулах болсон юм. Тэрбээр тэмцээнд оролцох бүрдээ заавал судлах зүйлтэй ирдэг. Ираны тамирчдын авирахыг хараад хурд, хүчний бэлтгэлийг хослуулах хэрэгтэйг анзаарчээ. Энэ тухайгаа “Мөсөнд авиралт монголчуудын хувьд улирлын чанартай спорт тул бүх чадварыг сайтар эзэмшихийн тулд суралцах зүйл багагүй бий. Иран тамирчид манайхныг “Дэлхийн цом”-ын цувралд анх өрсөлдөхөөс хоёр жилийн өмнө оролцсон байдаг. Тэдний авьяас, ур чадварыг анх харсан өдрөөс эн тэнцүү өрсөлдөх хэмжээнд хүрэхийн тулд их хичээж, жилээс жилд суралцан, ур чадвараа ахиулахаар зорьсон. Тус улс мөсөнд авиралтын бэлтгэлийн баазтай. Дулаан уур амьсгалтай орон ч гэлээ тамирчид нь сургуулилалт хийдэг заалаа хасах градустай болгоод мөсөн хананд авирдаг. Үүгээрээ давуу талтай. Бидний хувьд хүйтрэхээр хана босгож, тэмцээнд оролцохоос сарын өмнөөс бэлтгэл хийж өрсөлддөг учраас бүтэн жил хөдөлмөрлөсөн тэдний хурдыг хэрхэн гүйцэх билээ. Ялгаа нь ерөөсөө энэ. Манайхан бэлтгэл хийх баазтай болбол нэг их хол хоцрохгүй. Хамгийн гол нь хөрөнгө, санхүү чамгүй шаардагдана. Сүүлийн үед “Дэлхийн цом”, ДАШТ-д оролцох орнууд нэмэгдэх тусам өрсөлдөөн ширүүсэж, хагас шигшээд шалгарах, медаль хүртэх ч амаргүй болж байна. Олон улсын уулчдын холбоо Францад 2030 онд зохион байгуулах өвлийн олимпын тэмцээний төрөлд мөсөнд авиралтын спортыг оруулахаар зорьж байгаа” хэмээв.
ХИЙМОРИО СЭРГЭЭЖ, АЗАА ҮЗЭХ НЬ УУЛЧДЫН СОНИРХОЛ
Тэрбээр өөртэйгөө хүсэл сонирхол нэгтэй “Х теam” клубийн залуустай хамтран “Цагаан суварга” баримтат кино хийж, олны хүртээл болгосон юм. Бүтээлээрээ уулчдын адал явдалт амьдрал, авиралтын замд тохиолдох саад бэрхшээлийг тэсвэр хатуужлаар хэрхэн даван туулж, оргилд гардгийг харуулснаараа онцлог. Монголд өмнө нь уулчдын оргилд хийсэн авиралтыг дүрсжүүлж, баримтжуулсан нь ховор. Тэдэн хүн тийм оргилд гарчээ гэсэн мэдээ төдий л байдаг. 1970, 1980 оны үед уулчид ямар оргилд хэрхэн гарсан тэмдэглэл, ном товхимол болж гараагүй. Тиймээс уулын спортын тамирчдад судлах судалгаа, түүх хомс байдаг. Түүний хувьд хэдэн удаа авирахдаа үүнийг ажигласан тул хойшид судалгааны архивтай болгохоор зорьж, хобби нэгтэй уран бүтээлч залуустай хамтран “White stupa” баримтат кино хийсэн билээ. 2020 оны нэгдүгээр сард нээлтийг нь УИД-ийн А сinema-д хийхэд олон хүн сонирхож үзсэн. Тэрбээр энэ тухайгаа “Бид мэргэжлийн уран бүтээлч биш учраас алдаа оноотой зүйл бий л байх. Тиймээс хойших уран бүтээлээ мэргэжлийн уран бүтээлчдийн түвшинд хийхийг хичээж байгаа. Үүнээс өмнө “Half eye” хэмээх баримтат кино бүтээж, үзэгчдэд та бүхний харсан, мэдэрсэн зүйл үүний талд нь ч хүрэхгүй шүү гэсэн утга санааг илэрхийлсэн юм. Уулын спорт эрсдэл ихтэй. Спортын зарим төрөлд алдаагаа засаад амжилт гаргаж болдог бол уулынхад алдаа, оноо нь анхынх бөгөөд сүүлчийнх байдаг. Тэгэхээр амжилт, эрсдэлийн аль алиных нь замд уулчдын амьдрал өрнөдөг гэсэн үг. Өвлийн улирал эхлэхтэй зэрэгцээд тэд оргилуудад авирна. Энэ нь нэг бодлын хийморио сэргээх, нөгөө бодлын азаа үзэх хобби нь юм. Тэдний амьдрал, амжилт, алдаа нэг шугам дээр байдгийг хүмүүст ойлгуулахыг хичээсэн.
Хүмүүс суурьшмал амьдралд амархан дасдаг. Дуу чимээ, нийгмийн таагүй уур амьсгал, уур бухимдал, стресс маш их ядраадаг. Тиймээс нам гүм орчин, ууланд алхаж, авирах нь алжаал тайлах амралт болдгийг хүмүүс мэддэг. Уул миний алжаал тайлдаг газар болсон. Ууланд авирахгүй хэдэн сар болбол агаар салхи, ойн үнэрийг нь өөрийн эрхгүй үгүйлдэг. Сүүлийн үед утаснаас холдож, аль болох тайван амрахыг хичээж байна. Өвөл цас орохоор ууланд авирахад сэтгэл догдолдог. Өндөр оргилд гарчхаад орчныг ажиглаж зогсоход үгээр хэлэмгүй сайхан мэдрэмж төрүүлдэг юм. Тэр мэдрэмжийг уулчин хүн бусдаас илүү мэдэрдэг юм шүү дээ. Монголын мөсөнд авирагчдыг дэлхийн үзэгчдийн хүлээж авах хандлага өмнөхөөсөө өөр болсон. Залуус энэ спортод хөл тавибал тууштай байх хэрэгтэй. Бидний хичээллэж байх үеийнхээс мөсөнд авиралт, спорт авиралт хөгжсөн тул бүх мэдээллийг интернэтээс хайгаад олох боломжтой. Аливаа спортоор хөгжсөн хойно нь бус, хөгжиж байхад нь хичээллэж, хамт урагшлах ёстой юм. Спортоор хичээллэдэг болгон мэргэжлийн тамирчин болох албагүй. Сонирхлоо хобби болгож болно. Спортоор хичээллэсэн тамирчин өөрийгөө нээж, олон талаар хөгжүүлдэг юм шүү. Энэ ташрамд, “Сутайн бор” клубийн хамт олон, дасгалжуулагч Х.Нямдоо, хүчний бэлтгэл хийлгэсэн Монголын хүндийг өргөлтийн шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаяр, “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнд оролцсон тамирчдад, намайг энэ спорттой нөхөрлөхөд тамирчин болох суурийг минь тавьсан Д.Батжаргал багшдаа, мөн Олон улсын уулчдын холбооны залуучуудын комиссын гишүүн О.Батсайхан нарт баярлаж талархсанаа уламжилъя” гэснээр бидний ярилцлага өндөрлөсөн юм.