Дархадын хотгорт агаарын температур хасах 25-41 хэм хүрч хүйтэрдэг ч Жаргалант гол огт хөлдөлгүй, харзлан урсдаг байгалийн хосгүй тогтоцтой. Байгаль эхийн энэхүү гайхамшгийг үзэхэд хамгийн тохиромжтой үе нь арванхоёрдугаар сарын 10-наас нэгдүгээр сарын сүүл хүртэлх богино хугацаа юм. Тиймээс идэр есийн хүйтнийг үл ажран Ренчинлхүмбэ сумыг зорих дотоод, гадаадын аялагчдын цуваа сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 10-25-нд 150 орчим автомашинаар 750 гаруй хүн зорин очсон байна. Арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн өдөрт дунджаар 35-40 машин, 250-300 аялагч тогтмол очих болжээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн нэг сарын хугацаанд энэхүү голыг үзэхээр 7700 гаруй жуулчин эл нутгийг зорьсон байх нь.
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын урд талд оршдог Жаргалантын гол хасах 50 хэмд ч хөлддөггүй учраас нутгийн иргэд нь амьд устай гэж үздэг. Голын харзанд өвлийн улиралд иргэд их ордог бөгөөд бүлээн, дотор нь ургасан өвс ургамал нь ногооноороо цэцэглэсэн байдаг гэнэ. Мөн голын уур манан ойр орчмын мод бутыг цантуулж, өвлийн улиралд маш үзэсгэлэнтэй болдог учраас иргэд очиж сонирхон зургаа авхуулдаг болжээ.
Э.Сүйлэн