Сөрөг хүчнийхэн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санаачилгаа мартаагүй, 64 гишүүний дэмжлэг хайж байна хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Тэгвэл тэр зуурт нь Ерөнхий сайд Г.Занданшатар олон нийтээс оноо авч эхлэв. Бямба гарагт тэрбээр Монголын үндэсний олон нийтийн телевизээр иргэдийн асуултад хариуллаа. Тоо баримттай, попролгүйгээр бодит байдлаа ярилаа хэмээн иргэд ам сайтай байна. МҮОНТ-ийнхэн орон нутаг, зарим гадаад улс, нийслэлийн гудамж, худалдааны төв зэрэг олон газраас иргэдийн асуултыг шууд дамжуулсан юм.
Мөн энэ сарын 12-ноос эхлэн “И-Монголиа”, D-Gov.mn, “11-11” төвийн утсаар дамжуулан нийт 9677 хүнээс асуулт авчээ. Хиймэл оюунаар эдгээрийг ангилахад эрүүл мэнд, татвар бууруулах, цалин, тэтгэвэр өсгөхтэй холбоотой санал, асуулт давамгайлсан аж. Гурван цаг гаруй хугацаанд үргэлжилсэн “Ерөнхий сайдаас асууя” нэвтрүүлгийг тоймлон хүргэе.
НЭЭЛТТЭЙ АЖИЛЛАХ НЬ ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРЧИМ
Өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэзээ ч сэтгүүлчдийн шууд асуултад хариулж чаддаггүй байлаа. Тэр зөвхөн бэлтгэсэн асуулт, тавилттай нэвтрүүлэгт л оролцдог, түүнийгээ бүх телевизээр зэрэг цацаж, “тархи угаах”ыг хичээж ирсэн. Өнгөрсөн таван жил гаруйн хугацаанд ийнхүү хаалттай жишиг тогтоож, иргэд, Засгийн газрын хооронд хана босгосон гэсэн үг. Түүнээс өмнөх МАН-ын үе үеийн Ерөнхий сайд нар арай ч тийм “ардчилалгүй” байгаагүй юм. Нээлттэй, ил тод ажиллах нь Засгийн газрын үйл ажиллагааны хамгийн гол зарчим учраас тэр. Ялангуяа АН засаг барьсан 2012-2016 онд долоо хоног бүрийн пүрэв гарагт “Ерөнхий сайдын цаг” хэмээн мэдээлэл хийж, сэтгүүлчдийн хүссэн асуултад чөлөөтэй хариулдаг байв. Н.Алтанхуяг ийм л нээлттэй Ерөнхий сайд байсан. Түүний халааг авсан Ч.Сайханбилэг ч нээлттэй зарчмаас ухраагүй.
Тэгэхээр иргэд Засгийн газар хоёрын хооронд Л.Оюун-Эрдэнийн татсан хөшгийг нээх нь ардчилсан нийгэмд төр засаг яаж ажиллах ёстой, тэр л зарчмыг дагасан үйлдэл юм. Зөв голдирлоороо ажиллаж, түмнээ сонсдог Засгийн газрын тэргүүнд иргэд таатай хандана. “Хаалттай засаг”-ын тогтоосон ханыг буулгаж, нээлттэй зарчим баримталж буйгаараа Г.Занданшатар иргэдээс оноо авч эхэллээ.
16 МЯНГАН ОРОН ТООГ ЦОМХОТГОЖ, 16 ДЭД САЙД НЭМСЭН ГЭВ
Төрийн үрэлгэн зардлыг бууруулна, үүнийг өөрсдөө бүсээ чангалахаас эхэлнэ хэмээн тэрбээр анх томилогдохдоо мэдэгдсэн. Гэвч дэд сайдын албан тушаалыг сэргээснээрээ сөрөг хүчний зүгээс огцруулах сануулга аваад буй юм. Тэгвэл энэ тухайд Ерөнхий сайд тайлбар хийв.
Төрийн өмчит компаниуд дахь данхайсан орон тоог цэгцэлж, хяналт, бүтээмжийн 200 гаруй менежерийг цомхотгосон. Төрийн албаны орон тоог есөн хувиар танасан. Нийт 16 мянган орон тоо цомхотгосны хариуд 16 дэд сайд томилсон. Ингэснээр хяналтыг нэгтгэж, чанарыг өөр түвшинд гаргаж байгаа гэв. Мөн тэрбээр “Дэлхийд орлогч сайдгүй улс байхгүй. Дэд сайд нар хяналтын үүрэг гүйцэтгэнэ, нөгөө талаар бүтээмжийг нэмэгдүүлнэ. 16 мянган албан хаагчийн хэмнэсэн төсвийн зардалтай харьцуулахад дэд сайд нарынх маш бага. Тэдэнд нэмэлт унаа, өөр зардал гаргахгүй. Зөвхөн ажил хийнэ, бас бү тээмж нэхнэ. 16 дэд сайд томиллоо гэж улс төр хийж байгаа ч нөгөө талд нь 16 мянган хүн цомхотгосныг санах хэрэгтэй” гэсэн юм.
Баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тэмцэнэ гэсэн амлалт нь МАН-ынхны эвлэрлээс хойш бүдгэрчихсэн. Эвлэрлийн ард гэмт хэргээ нуучхав уу гэсэн хардлага ч гарч буй. Энэ тухайд Ерөнхий сайд “Уг ажил тууштай үргэлжилж байгаа. Хууль, эрх зүйн хүрээнд цогц өөрчлөлт хийхээр ажиллаж байна. Авлигын эсрэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зэрэг 16 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хаврын чуулганд өргөн барина. Бид нүүрсний 581 гэрээг ил тод болгож, олон нийтийн хяналтад орууллаа. Одоо гааль, татвар, эрчим хүчний салбарт томоохон шалгалт хийж байна. Хэд хэдэн өндөр албан тушаалтны хэргийг шалгаж буй. Шүүхээр эцэслээгүй, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн талаар нэр зааж ярих, илүү мэдээлэл өгөх боломжгүй. Бодит үр дүн харуулах болно” гэв. Ямартай ч 2025 онд 320 гаруй холбогдогчтой авлига, албан тушаалын 58 гэмт хэргийг шүүхэд шилжүүлсэн аж. Мөн 98 тэрбум төгрөгийн хөрөнгө хурааж, 580 гаруй тэрбумын хөрөнгө битүүмжилжээ.
Төрийн өмчийн компаниудад олон нийтийн хяналт бий болгох, хувьцааны 34 хүртэл хувийг хөрөнгийн биржээр дамжуулан арилжих тухай ч ярив. Үүний тулд Олон нийтийн хяналтын тухай хуулийн төсөл боловсруулж, хаврын чуулганд өргөн барих гэнэ.

2030 ОН ГЭХЭД ТЭТГЭВРИЙГ 70 ХУВИАР НЭМНЭ
Иргэдийн асуултын гуравны нэг нь цалин, тэтгэвэр нэмэхтэй холбоотой, доод хэмжээг 1.5 сая төгрөг болгох тухай байжээ. Үүнд Ерөнхий сайд “Намайг томилогдох үед дэлхийн геополитик, эдийн засгийн байдал амаргүй болж, нүүрсний үнэ унаснаас үүдэн манай улсын төсвийн орлого тасрах нөхцөл үүссэн. Төсөвт тонн нүүрсийг 115 ам.доллароор тооцсон ч бодит байдалд 65 болж буурсан байв. Тиймээс Засгийн газар хамгийн түрүүнд төсөвт тодотгол хийж, 2.2 их наяд төгрөгөөр зардлыг танасан. Ингэснээр оны төгсгөлд инфляц 15 хувь, ам.долларын ханш 4000 төгрөг хүрэх эрсдэлээс сэргийлсэн. Үр дүнд нь инфляц 7.5 хувь болж, эдийн засаг 6.4 хувиар өссөн. Үнийн өсөлтөөс иргэдийнхээ орлогыг хамгаалсан” гэв. Энэ онд тэтгэвэр, тэтгэмж, эмч, багш нарын цалингийн нэмэгдэлд 1.1 их наяд төгрөг төсөвлөсөн. Тиймээс тэтгэвэр 80 мянган төгрөг, эмч нарын цалин 30, багш нарынх 30-79 хувиар нэмэгдээд буй. Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгохын тулд 4.1 их наяд төгрөг шаардлагатай, улс орны эдийн засагт одоогоор ийм боломж байхгүй хэмээн шулуухан хэлнэ лээ. Гэхдээ 2026-2030 оны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тэтгэврийг 70 хувиар нэмэхээр төлөвлөсөн гэсэн юм. Өөрөөр хэлбэл, 2030 он гэхэд ийм боломжийг бүрдүүлэхээр ажиллаж буй аж. Хамгийн гол нь инфляц өсөх эрсдэлийг бууруулах, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогод анхаарсан. Ингэхгүй бол инфляц өссөн үед тэтгэвэр, цалин нэмсний үр дүн гарахгүй гэдгийг тайлбарлав.
Инфляц өндөр байхаар зээлийн хүү өсдөг. Монголбанкны бодлогын хүү 12, арилжааны банкнуудын зээлийн хүү 17-18, тэтгэврийнх 17.5 хувь байна. Зээлийн хүү өндөр нөхцөлд үндэсний үйлдвэрлэл хөгжихгүй, улмаар импортын хамаарал нэмэгдэнэ. Тэр хэрээр валютын ханшийг дагаж үнэ өснө, улмаар инфляц нэмэгдэнэ. Үүнийг Засгийн газрын тэргүүн “чөтгөрийн тойрог” гэж тодорхойлоод, таслахын тулд “Шинэ итгэл, эрс шинэтгэл” хөтөлбөрийн хү рээнд “Цэгцлэх бодлого” хэрэгжүүлэхээр ажиллаж буй гэлээ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжвэл импортоос шалтгаалсан инфляц буурна, дагаад зээлийн хүү багасах аж.
Татвар бууруулж, аж ахуйн нэгж, иргэдийн нуруун дээрх ачааллыг бодитоор хөнгөлөх, эсэх тухайд ч олон иргэн асуув. Засгийн газраас Татварын багц хуулийн төслийг өргөн бариад буй. Уг төсөлд дээрх чиглэлээр ямар өөрчлөлт оруулснаа Ерөнхий сайд ярьсан. Өндөр татварт туйлдан, хугацаандаа төлж дийлэхгүй болмогц нь аж ахуйн нэгжүүдийн дансыг хаачихдаг. Татварын тухай хуулиар байцаагчид аж ахуйн нэгжүүдийн дансыг хаах эрхтэй байдаг. Тиймээс уг хуульд өөрчлөлт оруулснаар данс хаадгийг болиулна гэв. Улмаар Татварын ерөнхий газар компаниудад зөвлөн туслах, үр ашигтай ажиллахад дэмжлэг үзүүлдэг болгох нь. Гурван сая хүртэл орлоготой иргэний ХАОАТ-аас 500 мянган төгрөг хөнгөлнө гэх мэтээр танилцуулав.
2026 ОНД 33 СУРГУУЛЬ, ЕСӨН ЦЭЦЭРЛЭГ БАРИХ НЬ
Боловсролын салбарт байнга тулгамддаг нэг асуудал бол анги дүүргэлт. Тэгвэл 2026 онд тус салбарын төсвийг нэмж, хөрөнгө оруулалтад 1.1 их наяд төгрөг суулгажээ. Анги дүүргэлтийн стандартыг баримтлахын тулд 2030 он хүртэл 108 сургууль, 95 цэцэрлэг барих хэрэгтэй. Үүнээс энэ онд 33 сургууль, есөн цэцэрлэг барих төсвийг шийдсэн. Ингэснээр анги дүүргэх ачаалал 29.5 хувиар буурна хэмээн тооцсон байна. Мөн багш нарын ачаалал их учраас хиймэл оюун ашиглан бичиг баримт боловсруулдаг болгох тухай ярилаа.
Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт эдэлж буй байгууллага, иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. 2022 онд 2.2 сая иргэн даатгалаар үйлчлүүлсэн бол өдгөө 2.7 сая болсон нь гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүн гэв. Гэхдээ хэрэгжүүлэх явцад алдаа байгааг нуусангүй, засна гэлээ. Баялгаас иргэн бүр хүртэх боломжийг нэмэгдүүлэх замаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд тусгай данс нээгээд буй. Мөн Үндэсний баялгийн сангаас санхүүжүүлж, хямд, зорилтот орон сууц барих хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна.
Газар олгох үйл явц, орон сууцжуулалт, нийслэлийн түгжрэл, утаа зэргээр маш өргөн хүрээнд иргэд асууж, Ерөнхий сайд хариулсан юм. 1992 онд Улаанбаатар хот 7000 га талбайд багтдаг байсан бол одоо 64 мянга гаруй болж тэлжээ. Хотын хэмжээнд олгох газрын нөөц дууссан. Түгжрэлийг бууруулах зорилготой трамвай, метро, дүүжин тээвэр барих “мөрөөдлийн” ажил юу болсныг ч иргэд асуув. Хэдийгээр хот тусдаа эрх мэдэл, төсөвтэй ч зарим мэдээллийг өгсөн. Трамвай явуулах ажлын тендер хойшилсон, тойрог замын төсөл нь ирэх гуравдугаар сарын 1-нд эхлэх аж.
МҮОНТ-ийнхэн ч, Ерөнхий сайд ч өөрөө эл шууд ярилцлагад чамгүй бэлджээ. Засгийн газрын тэргүүн тоо баримтыг бараг л дэлгэц шагайлгүй хэлж, бас зарим асуултад шулуухан “Тийм боломж байхгүй, чадахгүй” хэмээн хариулж, бодит байдлаа тайлбарлаж байсан нь олон нийтэд итгэл төрүүлсэн биз ээ.