Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн хэрэгт холбогдсон хятад иргэд, тэдэнтэй хамтарсан манай улсын харьяат хоёр хүнд ял шийтгэх шүүх хурал өчигдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд боллоо. Улмаар БНХАУ-ын иргэн Лиү Бөүвин, Шүй Ханмин нарт хаалттай хорих байгууллагад 25 жил хорих ял шийтгэсэн юм. Тэдэнтэй хамтарсан манай улсын иргэд болох А.Даянтөмөрийг 18 жил гурван сар, А.Тэнгисийг 17 жил гурван сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота Ландкруйзер-200” загварын тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулж, галт зэвсэг, сум зэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр болсон байна. Мөн дээрх дөрвөн хүнээс хохирол, нөхөн төлбөрт нийт 74.3, мөрдөн шалгах ажиллагааны зардалд 2.6 сая гаруй төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Бээжин-Улаанбаатар чиглэлийн олон улсын нисэх онгоцоор 2024 оны арванхоёрдугаар сарын 5-нд ирсэн БНХАУ-ын иргэдийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буумагц дээрх дөрвөн хүн барьцаалж, тэр дороо нэгийг нь буудаж хөнөөсөн хэрэг үйлдсэн юм. Тэднийг Эрүүгийн хуулийн 10.1-2.4, 2.5, 2.11 дэх хэсгийн “бүлэглэж, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах, эдийн давуу байдал бий болгох зорилгоор хүний амь хөнөөсөн”, 11.6-2 дахь хэсгийн “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, 13.3-2.2-т заасан “хоёр болон түүнээс олон хүнийг барьцаалсан” гэх заалтад заасан гэм буруутайд тооцсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Шүүгдэгч нар бусдад учруулсан хохирол болох 74.3 сая төгрөгийг төлөхийн тулд хурлыг завсарлуулах хүсэлт гаргаснаар эрүүгийн хариуцлага оноох хурлыг өчигдрийн 08.30 цаг хүртэл тав хоног хойшлуулаад байсан юм.