Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа өөрчлөх үүргийг намууд хүлээсэн. Үүний хүрээнд 29 нам хугацаандаа багтаан өргөдлөө Дээд шүүхэд ирүүлээд байв. Эдгээрийг түрүүчээс нь бүртгэж буй юм. Өнгөрсөн баасан гарагт Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж, 13 намын өргөдлийг “бөөндөн” хэлэлцлээ. Улмаар дүрэм нь хуульд нийцсэн хэмээн үзэж бүртгэсэн намын тоог хоёроор нэмсэн байна. Гэр хороолол хөгжлийн, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намынхан “босго” давжээ. Харин парламентад суудалтай ХҮН, ИЗНН, МНН тэргүүтэй бусад жижиг намынхан дахин нэг удаа татгалзсан хариу авав.
29 намаас 58 удаа өргөдөл ирүүлснээс ИЗНН, ИОНН тав, Сайн ардчилсан иргэдийн, МНН дөрөв, Ард түмний олонхын засаглал, Үнэн ба зөв, Их эв зэрэг намын өргөдлийг Дээд шүүх тус бүр гурван удаа буцаагаад байв. АН-ынхан хүртэл хоёр удаа буцаж байж бүртгүүлсэн билээ.
Тэгвэл зарим нам эл “рекорд”-оо шинэчилж байна. Учир нь тэд дахин хүсэлт гаргах хэрэгтэй боллоо. Үүнд нь гуравдагч хүчнийхэн гомдолтой байгаа юм. Эхлээд тэд Дээд шүүхийг “Эрх баригч нам материалаа өгөхийг хүлээж, цаг хожихын тулд бидний өргөдлийг буцааж байна” хэмээн шүүмжилж байв. Гэтэл одоо МАН-ын дарга, үндсэн дүрмийг хэдийн бүртгэчихсэн атал л тэдний шалгуурт бүдрээд байна. Үнэхээр өөрсдөд нь асуудал байна уу, эсвэл Дээд шүүх тэднээр даажигнаад байдаг юм уу.
Т.ДОРЖХАНДЫГ БАТАЛГААЖУУЛАВ
ХҮН намын Их хурал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 14-нд болсон. Үүгээр үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслөө баталгаажуулж, даргаараа Т.Доржхандыг улираан томилсон юм. 2020 оны сонгуулиар ХҮН, Зүй ёс, Монголын социал демократ намын хамтарсан Зөв хүн-электорат эвслээс тэрбээр Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж, сонгогдсон билээ. Эвсэл болон намаасаа ганцаар УИХ-ын гишүүн болсон учраас ХҮН намынхан түүнийг даргаараа сонгосон. Улмаар тэрбээр 2024 оны сонгуульд намаа удирдан оролцож, парламентад найман төлөөлөлтэй болгосон. Гуравдагч хүчний жижиг намын хувьд энэ бол том амжилт. Улмаар Засгийн газарт ч багтаж, төрийн эрх барилцдаг болоод буй. Гэвч энэ зууртаа тэрбээр ХҮН намыг “өмчилж”, боловсролтой, өөрчлөх эрмэлзэлтэй залуусынхаа хүсэл, зоригийг мохоож, дотоод ардчилалгүй, дарангуйлалтай болгон хувиргасан тухай цөөнгүй гишүүн нь ярьдаг, түрүүчээсээ зарим нь хаалгыг нь хаагаад байгаа.
Эл шүүмжлэлээс ч болсон уу, Т.Доржханд намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ Их хурлынхаа өмнөхөн Удирдах зөвлөлдөө хүргүүлсэн гэнэ. Гэвч тэд хүлээж аваагүй, ачаагаа үргэлжлүүлэн үүрэх нь зөв гэж үзэн, улмаар Их хурлаас нь намын даргаар улираажээ. ХҮН намын олонх түүнийг солих хүсэлгүй байсан бололтой. Ингээд улирч үлдсэн Т.Доржхандыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг нь Дээд шүүх хүлээн авч, баталгаажуулсан байх нь. Харин тус намын шинэчлэн найруулсан дүрмийг хуулийн шаардлага хангаагүй гэж үзэн бүртгэхээс татгалзжээ.
“ТӨЛӨӨЛЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА НЬ ҮХ ГЭДЭГ ТОВЧЛОЛТОЙ БАЙЖ БОЛОХГҮЙ”
Парламентад дөрвөн нам, нэг эвсэл төлөөлөлтэй. Эдгээрээс МАН, АН болон Үндэсний эвслийг бүрдүүлэгч МҮАН-ын дүрмийг Дээд шүүх хэдийн бүртгээд буй юм. Тэгвэл энэ тоо одоогоор нэмэгдээгүй байна. ИЗНН болон Үндэсний эвслийг бүрдүүлэгч МНН-ынхны өргөдлийг баасан гарагт Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцсэн ч татгалзсан хариу өгсөн юм. Ингэснээр ИЗНН-ынхан зургаа, МНН-ынхан тав дахь удагаа “үгүй” гэсэн хариу авлаа.
ИЗНН-ын хувьд дотооддоо бас “бяцхан” талцалтай байгаа. Тус намын дарга Б.Батбаатарыг хамаатнуудаараа намаа “дүүргэсэн” гэсэн шүүмжлэл гардаг. Тэгвэл энэ талаар тэрбээр нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо тайлбар өгчээ. ИЗНН-ын Улс төрийн зөвлөл 45 хүний бүрэлдэхүүнтэй, гишүүд нь жилд хоёр сая төгрөгийн татвар төлдөг. Үүнд түүний хамаатан болох гурван хүн байдаг нь үнэн аж. Тэд ИЗНН-ын либерал ардчилсан, ногоон үзлийг дэмжиж, сайн дураараа нэгдсэн болохоос намын даргын хувийн ашиг сонирхлын төлөө ажилладаггүй гэв. Нөгөө талаар Улс төрийн зөвлөлийнх нь бүрэлдэхүүн дутуу, эдүгээ 34 хүнтэй. Үндэсний хороо нь 215 гишүүний орон тоотой ч 121 хүнтэй юм байна. Өөрөөр хэлбэл, боловсон хүчний нөөц нь дутмаг байхад ядаж хамаатнуудаараа “хүч нэмсэн” аж.
ИЗНН бол гуравдагч хүчний намуудаас парламентад хамгийн олон удаа төлөөлөлтэй ажилласан нам. Гэвч 2016 оноос энэ “буухиа” тасарсан, тус намд тодрох лидер гэх хүнгүй болсон. Үнэндээ гуравдагч хүчний бараг бүх намд л ийм асуудал тулгамдсан нь нууц биш. УИХ-ын сонгуулийн тухай хууль, тогтолцоо өөрчлөгдөж, нэг нам тойрогт заавал 39-өөс доошгүй хүн нэр дэвшүүлж байж жагсаалтаар эрэмбэлэх эрхтэй болсон. Тиймээс тойрогт нэр дэвшүүлэх 39 хүн олох гэж гуравдагч хүчний намууд багагүй зовсон нь нууц биш. ИЗНН ч энэ замыг туулжээ. Угаас нэр цэвэр, бас хангалттай туршлагатай нам, үүн дээр нь М.Нарантуяа-Нарагийн нөлөөлөл ч тус болсон биз. Улмаар тус нам улс төрд эргэн ирж, парламентад дөрвөн төлөөлөлтэй болоод буй. Үүний дараа харин ИЗНН-ын нэр хүнд өсөж, цөөнгүй хүн нэмж элссэн, улс төрийн “хор найруулга” хийдэг болсон гэнэ. Тиймээс л Б.Батбаатар хамаатнуудаараа намаа дүүргэсэн гэсэн яриа гаргасан хэмээн тэрбээр тайлбарлажээ.
Ямартай ч ИЗНН-ынхан үндсэн дүрмээ Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчлэн найруулсан байна. Нэг үеэ бодвол гишүүд, дэмжигчдийнх нь тоо өсөж буй ч удирдах түвшинд ажиллах, татвараа төлөх хүн “олдохгүй” байгаа тул Үндэсний хорооныхоо орон тоог бууруулахаар төсөлдөө тусгажээ. Гэвч ээлжит удаагаа Дээд шүүхээс буцаав. Үүндээ хэлсэн олон шалтгааны нэгийг Б.Батбаатар “Манай намын Үндэсний хорооны нэрийг товчлохоор ҮХ болоод буй нь бэлгэдэлгүй гэсэн. Энэ үг дүрэмд маш олон давтагдсан. Тэр бүрийг Үндэсний зөвлөлдөх хороо болгоод сольтол “Дүрмийн гуравны нэгээс давсан байна” гээд буцаасан” гэв. Намын төлөөллийн байгууллагынхаа нэрийг тэд л өөрсдөө солих эрхтэй. Гэтэл үүнийг нь Дээд шүүх “бэлгэдэлгүй, муухай нэр” гэсэн аж. Өөрөөр хэлбэл, тэд өөрсдийг нь бүртгэхээс татгалзсан шалтаг хайж байна хэмээн Дээд шүүхийг үзэж буй бололтой. Зургаа дахь удаагаа татгалзсан, буцаасан хариу авсан намынхан ингэж үзэхээс ч аргагүй биз ээ. Ямартай ч үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг нь Дээд шүүх баталгаажуулбал үүний дагуу зарим өөрчлөлтийг ИЗНН дотооддоо хийхээр төлөвлөж байгаа юм билээ.
МНН-ын тухайд 1990 онд байгуулагдаж, Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар дээрээсээ гуравт буюу МАН, АН-ын араас бичигддэг. Энэ “стратегийн байршил” нь сонгуулийн үеэр эрэлттэй болдог нь нууц биш. Н.Номтойбаяр ч үүнийг нь ашиглаж л МНН-д суурилан эвсэл байгуулсан билээ. МНН-аас өмнө нь Д.Энхбат УИХ-д төлөөлөн сууж байсан юм. Эдүгээ энэ намын даргаар О.Бум-Ялагч ажилладаг. Хэдийгээр нам нь парламентад төлөөлөлтэй болсон ч тэр өөрөө ямар нэг албан тушаалд очсонгүй. Хөшигний ард хэвээр үлдэж, харин өмнөөс нь Н.Номтойбаяр ярих болсон. МНН-ынхан ямартай ч хуульд нийцүүлэн дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулаад өргөдлөө илгээсэн юм байна. Гэвч ээлжит удаагаа татгалзсан хариу авлаа.
Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар баасан гарагт эдгээрээс гадна Эх орончдын нэгдсэн, Монгол консерватив, Монголын уламжлалын нэгдсэн, Дэлхийн монголчууд, Монголын ардчилсан хөдөлгөөний, Монголын хүний төлөө, Эрх чөлөөний эвсэл гэсэн намуудын өргөдлийг дүрмийн зарим заалт хуулийн шаардлагад нийцээгүй, шийдвэр гаргах үйл ажиллагаа нь зөрчилтэй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан юм. Хуульд нийцүүлж дүрэм, хөтөлбөрөө өөрчлөхөөр хүсэлтээ өгсөн 29 намаас АН, ИЗНН тэргүүтэй 10 орчим нам дүрмээ шинэчлэн найруулсан юм байна.
Юутай ч Дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас 29 нь материалаа өгч, одоогоор ес нь “босго” давлаа. Хуулийн холбогдох шаардлага биелүүлээгүй, материал дутуу намууд алдаагаа засаад дахин хүргүүлэх байх. Тухайн нам өргөдлөө өгснөөс хойш 30 хоногт багтаан Дээд шүүх шийдвэрээ гаргах ёстой. Гэхдээ нэгэнт хугацаандаа материалаа өгсөн бол үүнээс хойш хэд ч буцааж, бас засаж болох бололтой юм. Тэгэхээр эл ажил багагүй хугацаанд сунжрах нь. Тэр бүрд нь гуравдагч хүчний намууд гомдож, хардаж байна. Эдгээр намууд сайн хуульчгүй, цагаан дээр хараар бичсэн шаардлагыг дагаж мөрдөж чаддаггүй юм уу, эсвэл үнэхээр л Дээд шүүх тэднийг “залхаан цээрлүүлээд” байна уу.