Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүү дээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түү хэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчдийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв.
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэхээр боллоо. 2011 оны БАЛДОРЖ шагналын “Шилдэг-10”-т “Өнөөдөр” сонины тоймч Дэшигрэнцэнгийн Оюун-Эрдэнэ “Хятад сүлжээ буюу Монголын хар алтыг атгасан Winsway” цуврал, “Монголын стратегийн ордууд ард түмний мэдлээс гарчээ” нийтлэлээрээ шалгарсан юм.
2010-аад оны Монголын нийгэмд ямар асуудал тулгамдаж байв, өдгөө дээрдэж өөрчлөгдсөн үү, эсвэл бахь байдгаараа байна уу гэдгийг та бүхэн эндээс тольдох боломжтой.
Монголын хар алтны зах зээл Хятадаас бүрэн хараат болсон гэж хэлж болохоор байдалд хүрчээ. Нүүрсний ашиглалтын лиценз эзэмшигчдийн 10 гаруй хувийг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд эзэлж байна. Тэдний түрүүч нь нүүрсээ олборлож зөөхөд бэлэн болсон. Хөшөөт үүний хамгийн сонгодог жишээ. Монгол Улсын стратегийн ач холбогдолтой энэхүү ордыг эзэмшигчдэд УИХ, Засгийн газрын зарим түшээ найр тавьж, тал зассанаар шийдвэр гаргалгүй бүтэн жилийн нүүр үзэж буй. Үндэсний эрх ашгаа хувийнхаас илүүд үзэж, ашиг хонжоогоор төрийн шийдвэр гардаг болсны хамгийн ил тод луйвар нь Хөшөөт.
Энэ байдал одоо орд газар, лиценз хэмээх алга дарам цааснаас хальж үндэсний эдийн засаг, зах зээлийн хэмжээнд яригдаж эхлээд байна. Арван лангийн мөнгө хараад алгаа тосдог аав минь гэдэг шиг төрд алба хашиж буй унхиагүй, урагшгүй түшмэдийн нударга доторх нууц наймаатай шууд холбоотойгоор Монголын эрдэс баялгийн, тэр дундаа нүүрсний зах зээл хятадуудад эзлэгдэх хэмжээнд хүрчээ. Үүний тод жишээ нь өмнийн говь дахь хар алтны арвин их баялагт хятадууд эзэн сууж, зах зээлийн үнэ хөлсийг нь Улаанбаатарт биш Хонконг, Бээжингээс тогтоон, тэндээс шууд бусаар удирдаж буйгаас харж болохоор байна.
Монголчууд бид газар доорх баялагтаа өөрсдөө эзэн хэмээн сурталддаг. Гэтэл гаднынхан, ялангуяа хятадууд Монголын хар алтыг хэзээ, хаанаас, ямар үнээр авах, эс бөгөөс авахгүйг тодорхойлж буй нь үүний нотолгоо биш гэж үү. Тэдний нэг болох БНХАУ-ын “Winsway coking coal holdings” компани Өмнөговь дахь “хөл, гар”аараа дамжуулан Монголын төрөөс илүү ажиллаж, Эх газрынхаа хүнд үйлдвэрийн салбарт хэрхэн хувь нэмрээ оруулж буйг дор өгүүлнэ.
“WINSWAY” БУЮУ ЯЛАЛТЫН ЗАМХЯТАД БОДЛОГО
Монголыг эрчим хүч, гангийн үйлдвэрлэлийнхээ түүхий эдийн бааз болгох ямхын бодлогынх нь нэг хэсэг гэж хэлж болох Хятадын төрийн бодлого “Winsway” гэх энэ шинэхэн компаниар дамжин хэрэгжиж байна. Өнгөрсөн оноос энэ компани зах зээлээ тэлж дэлхийн хэмжээний уул уурхайн акул компаниуд болон санхүүгийн аваргуудтай хамтрах үйл ажиллагаагаа эхэлжээ. “Polo Resources” компани “Peabody Energy”-тэй хамтарсан компанийнхаа 50 хувийг Хятадын “Winsway Coking Coal Holdings Ltd” компанид худалдсан. Энэхүү гурвалсан гэрээнд зааснаар Хятадын компани “Polo Resources”-д бэлнээр 15 сая, гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын хугацаанд 20 сая, мөн нэмж 1.75 сая ам.доллар төлөх аж.
Эцэст нь “Polo Resources” хамтарсан компанид эзэмшиж байсан лицензэд хамаарах ордоосоо олборлосон нүүрсэнд роялти хувь авах бөгөөд энэ нь жил тутам дээд тал нь 50 сая доллар юм. Гэрээнд зааснаар энэхүү роялтиг “Polo Resources” хамтарсан үйлдвэрийн хувиа худалдсанаас хойш 25 жилээс дээшгүй хугацааны турш жил тутам авах ажээ.
Мөн өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Goldman Sachs Group”-ын Хятадын түншүүдтэйгээ хамтран байгуулсан “Hopu Investment Management” хөрөнгө оруулалтын компани “Winsway Coking Coal Holdings Ltd” компанийн 23 хувийг 110 сая ам.доллараар худалдан авсан бол Японы “Itochu” корпорац Монголын коксжих нүүрсийг авахын тулд 10 сая долларын өрийг нь худалдаж авах замаар “Winsway”-д хөрөнгө оруулсан юм. Ингэснээр гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд өсөж байгаа энэ үед Орос, Хятадтай өрсөлдөх чадвар нь сайжирна хэмээн тооцоолсныг нь Блүүмберг онцолсон.
Түүнчлэн хэдхэн сарын өмнө Америкийн уул уурхайн тэргүүлэгч компани “Peabody”-той хамтран “Peabody-Winsway Resources” компани байгуулан манай өмнийн говьд нүүрсний лиценз эзэмших болсон зэрэг нь “Winsway Coking Coal Holdings Ltd” гэх шинэхэн компанийг дэлхийн акулуудын зиндаанд аваачаад байна. “Winsway” манай өмнөд хилийн Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн боомтын дагуу нүүрс тээвэрлэх, угаах дэд бүтэцтэй. Харин “Peabody” дэлхийн эрчим хүчний хоёр хувийг үйлдвэрлэгч зэрэг давуу тал нь энэ хоёрыг нэгтгэж “Монгол” хэмээх брэндээр санасан хэмжээнийхээ мөнгө босгох боломжийг бүрдүүлээд байгаа юм.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 11-нээс Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалж эхэлсэн тэд одоогоор 3.66 тэрбум хонгконг доллар буюу 500 орчим сая ам.доллар босгожээ. Өчигдөр буюу хоёрдугаар сарын 14ний байдлаар нэгж хувьцаа нь 4.170 хонконг доллар хүрч өмнөх өдрийнхөөс 2.9 хувиар өсчээ. Тэд хөрөнгийн биржээс 574 сая ам.доллар босгох тооцоо хийгээд байгаа.
Одоогийн байдлаар 3.66 тэрбум хонгконг доллар буюу 472 сая ам.доллар босгожээ. Deutsche Bank-ын шинжээч Фред Лам, Нора Мин нарын Блүүмбэргт мэдээлснээр “Winsway” Монголын өмнийн говиос 8.1 тэрбум юанийн нүүрс зөөн борлуулж, 773 сая юанийн буюу 115.6 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллана гэж тооцжээ. Дөрөвхөн жилийн түүхтэй энэ компани ганц жилийн дотор зөвхөн Монголоос энэ хэмжээний цэвэр ашиг олох тооцоог олон улсын шинжээчид хийсэн нь нэгийг бодогдуулж хоёрыг сануулахгүй байна гэж үү.
“Winsway” компани “Polo Resources”, “Peabody”, “Itochu” зэрэг дэлхийн акултай ийнхүү хоршин тоглосноор монголчууд бидний дэлхийд үнэ хүргэхээр элгэндээ нааж, энгэртээ тэврэх шахам харамлаж буй Тавантолгойн үнэ цэнийг бууруулахыг үгүйсгэх аргагүй. БНХАУ Монгол дахь уул уурхайн томоохон төслүүдэд оролцох сонирхолтойгоо албан ёсоор илэрхийлсээр байгаа. Үүнтэйгээ зэрэгцүүлээд энэ мэт оффшор компаниудаараа дамжуулан давхар өрөг нүүж, цар хүрээгээ нэмэгдүүлснээр Монгол төрийн бодлогыг үнэгүйдүүлж мэдэхээр болоод байна.
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Winsway” компани 2007 оны есдүгээр сарын 17-нд Британийн Виржины арлуудад бүртгэлтэйгээр анх байгуулагджээ. Хонконг, Бээжин, Сингапур, Макао, Австралид салбартай, 500 сая юаниар үнэлэгдэх хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй юм байна.
ӨМНӨД ХИЛ ДАГУУ ЗУРГААН ЧИГЛЭЛД “ДАВШИЛТАА” ӨРГӨЖҮҮЛНЭ
“Winsway” Монгол Улсад албан ёсоор бүртгэгдэж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй. Гэхдээ өмнийн говийн нүүрсний зах зээл энэ компаниас шууд хамааралтай. Монголд нүүрсний тээвэр хийх хүнд даацын машин тэрэггүй байсан тэр үеэс эхлэн Хятадын тээвэрлэлтийн компаниуд уурхайн амнаас нүүрс зөөх, тээвэрлэх онцгой эрх олгожээ. Зах зээлийн зарчмаас ангид ийм боломж нөхцөлийг олгосноор Монголын нүүрсийг Хятадад хамгийн хямд үнээр гаргах, үнэгүйдүүлэх эхлэл болсныг мэргэжилтнүүд хү лээн зөвшөөрдөг.
Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, худалдан авалт өнөөдөр хятад “босс”-той монгол түшээдийг хөл, гараа болгосон ченж компаниудаас шууд хамааралтай байна. Тэд жилд хэдэн тонн нүүрсийг ямар үнээр, хаанаас авахаа шийддэг. “Winsway” сүүлийн 2-3 жил Монголын нүүрсийг Хятадын хэрэглэгчдэд хүргэж буй хамгийн том худалдан авагч бас борлуулагч. Статистик мэдээнээс харахад БНХАУ 2009 онд Монголоос 8.5 сая тонн нүүрс, 2010 онд 10 гаруй сая тонн нүүрс экспортолжээ.
Үүний дийлэнх нь “Winsway” компаниар дамжсан гэсэн мэдээлэл бий. “Winsway” компанийн албан ёсны сайтад мэдээлснээр ойрын хоёр жилд 400 сая ам.долларыг нүүрс тээвэрлэх, ачаа тээврийн нэгдсэн ложистик цогцолбор байгуулахад зарцуулахаар төлөвлөжээ. Энэ нь Монголоос Хятад руу хамгийн хямд, дөт замаар нүүрс зөөх, тээвэрлэлтийн бүх боломжийг хангахад хөрөнгө мөнгөө хаяж эхэлнэ гэсэн үг. Монголоос нүүрс импортолсон хэдхэн жилийн хугацаанд тэд үйл ажиллагаагаа өргөжүүлэн Шивээ хүрэн, Гашуун сухайтын боомтыг угтуулан Сэхэ, Ганцмодны боомтод нүүрс угаах үйлдвэр байгуулаад амжсан.
Харин одоо Монголын нүүрсийг зөөх тээвэрлэлтийн аварга том сүлжээг бий болгохын тулд хил дагуу өргөн “давшилт” хийж 3-4 боомт бүхий газарт шинэ төлөвлөлт хийжээ. Энэхүү “давшилт”-ыг зурагнаас харж болно. Энэ төлөвлөгөөнд тусгаснаар Замын-Үүд болон Дорнодын Эрээнцавын боомтоос гадна Дорнод аймгийн Матад сумын хавиар шинэ боомт нээж ложистик төв бий болгох юм байна. Ингэснээр Монголын ашигт малтмалыг хилийн зургаан боомтоор зэрэг зөөх боломж бүрдэх бөгөөд үүнийг даган нүүрс угаах болон боловсруулах үйлдвэрүүдийг ч байгуулна гэсэн мэдээлэл бий.
Үүнийг БНХАУ төрийн бодлогын хэмжээнд хөхиүлэн дэмжиж буй гэх бөгөөд төмөр замын нэгдсэн сүлжээнд холбогдсоноор Монголоос хамгийн хямд бас чанартай коксжсон нүүрсээр зүүн бүсийн гангийн үйлдвэрүүдээ хангах боломж Хятадад нээгдэж буй юм. БНХАУ дэлхийн нүүрсний хэрэглээгээр эхний гуравт багтдаг. Ойрын хэдэн жилд газрын доорх баялгаа хав дарж, Монгол мэт алсын хараагүй, төрийн бодлогогүй орны баялгийг ашиглан түүхий эдээ нөөцөлж авах “дотор” бодлого баримталж буй. Энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд Монголын зах зээлийг ченж компаниудаар дамжуулан эзлэн авч байна.
Өнөөдөр өмнийн говьд “Winsway” компанийн албан болон албан бус охин компаниуд матрёшка шиг өндөглөж байна. Тэндээс нүүрс тээвэрлэдэг 40 гаруй компанийн 10 гаруй нь энэ компанид ямар нэг байдлаар харьяалагддаг гэсэн мэдээлэл байна. Нэр бүхий хэдхэн компанийг “Winsway”-гийн охин компани хэмээн нутгийнхан ярих боловч дийлэнх нь үндэсний компанийн нэрээр бүртгэлтэй гэсэн яриа ч байна. Энд үйл ажиллагаа явуулж буй тээвэрлэгчдийн ихэнх нь “Winsway”-гийн түрээслэгчид гэх бөгөөд орон нутгийн хурган дарга нарын нэр дээр бүртгэлтэй аж.
Энэ талаар бид эрэн сурвалжилж үргэлжлүүлэн хүргэнэ. Харин Монголд албан ёсны бүртгэлгүй ч аалзны тор шиг салаалсан “ченж” компаниудаараа дамжуулан өмнийн говийн нүүрсний зах зээлийг атгасан гэх “Winsway” компанийг төрийн холбогдох байгууллагууд анхааралдаа авах цаг болжээ.
Монголын стратегийн ордууд ард түмний мэдлээс гарчээ
ТӨР ТАВАНТОЛГОЙ, ОЮУТОЛГОЙН ОРДООС БУСДЫГ ХЯНАЛТААСАА АЛДЖЭЭ
Монгол Улсын стратегийн ач холбогдолтой орд газрын жагсаалт гэж бий. Цагаан дээр хараар би чиж, УИХ-ын тогтоолоор баталгаажуулснаас биш энэ 15 ордын Монгол Улсад, ард түмэнд үр өгөөжөө өгөх хөг нь өнгөрсөн бололтой.
Нарийн сухайтын нүүрс, Дорнодын ураны бүлэг орд, Цагаан суваргын зэс молибден, Төмөртэйн овооны цайр, хар тугалгын, Бүрэнхааны фосфоритын, Бороогийн алтны гээд таван жилийн өмнө Монгол Улсын эрдэс баялгийн авдар хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн ордуудыг хайж судалж үзлээ. Бүгд хувь, хувьсгалын эзэнтэй болжээ. Өрөм, шим шүлт нь болох дээр нэр дурдсан ордод өнөөдөр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд эзэн сууж, эхнээсээ олборлож, зөөж ашиглаж байна. Өмнөговийн хоёр дахь Тавантолгой болох Нарийн сухайтын нүүрсний ордыг БНХАУ “Чинхуа” болон МАК”, зэс молибдений Цагаан суваргын ордыг МАК компани эзэмшдэг бол Сэлэнгэ аймаг дахь цайр, хар тугалгын арвин их баялагтай Төмөртэйн овоог мөн л Хятадын “Цайрт минерал” компани ашиглаад баялаг нь одоо бараг барагдаж байх шиг байна. Геополитикийн давуу тал, ах дүүгийн найрамдлаараа түрээ барин ураны “Дорнод” ордоос Канадын “Хан ресурс”ийг шахах гэж орос, манайх хоёрыг хоёр жилийн турш хор найруулан олон улсын хэмжээнд шүүх дэлцэж байх хооронд үлдсэн хоёр ордыг БНХАУ-ын Цөмийн энергийн газар сэмхэн худалдаад авчхаж. Тэд 2015 оноос уран олборлохоо мэдэгдэв.
Дорнодын ураны бүлэг ордыг Стратегийн ач холбогдолтой хэмээн зарлаж байх үед Канадын “Вестерн проспектор” компани эзэмшиж байлаа. Гэтэл тэд 2009 оны сүүлчээр компанийнхаа хувьцааг олон улсын хөрөнгийн биржээр дамжуулан БНХАУын Цөмийн энергийн газар буюу CNNC-ын “охин” “China national nuclear corporation international”-д 100 хувь худалдчихаад Монголоос гараад явчихсан. Үлдэгдэл шимэлдэг гэхэд хаашаа юм, дэлхийн зах зээлд ач холбогдол, ашиг орлого багатайгаараа Багануур, Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний хоёр орд л төрийн мэдэлд үнэнч үлджээ.
Тэнд нүүрс олборлосоор байгаа ч ашиг олох нь байтугай өглөг, авлагын сүлжээ нь Засгийн газрын шүдний өвчин болсон. Сэлэнгэ аймаг дахь Төмөртэйн ордыг Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн эзэмшилд шилжүүлснээрээ энэ үйлдвэрийн гол түүхий эд болсон төмрийн хүдэр хэсэг бүлэг олигархиудын “хэтэвч”, авлигын сүлжээний ганц баялаг болон үлдэж, хэдхэн хүнд хувь хишгээ хүртээж буй нь нууц биш. Гэтэл өнөөдрийг хүртэл бид Стратегийн ордод төр 50 хүртэлх хувийг эзэмших Ашигт малтмалын хуулийн “хоосон” заалтаар ард түмэндээ найдлага, горьдлого төрүүлсээр суугаа нь арай ч дээ гэмээр.
50 ХҮРТЭЛХ ХУВИЙГ ТӨР ЭЗЭМШИХ ХУУЛИЙН ЗААЛТЫГ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
Ашигт малтмалын тухай хуулийн 5.4-т “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж заажээ.
Энэ заалтын дагуу Монголын төр Оюутолгойгоос бусад стратегийн 14 ордод 100, эс бөгөөс, 50 хүртэл хувийн эзэмшилтэй байх ёстой. Учир нь Оюутолгойгоос бусад бүх ордыг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед социалист орнуудын геологич нарын туслалцаатайгаар улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон.
Тийм учраас УИХ Стратегийн ач холбогдолтой хэмээн онцгойлон үнэлж, төрийн “хамгаалалтад” авсан гэж ойлгодог. Гэтэл энэ тогтоол болон Ашигт малтмалын тухай хуулийн зүйл, заалт өнөөдрийг хүртэл хэрэгжих нь байтугай стратегийн гэх үнэ цэнэ нь алдагдаж, хэсэгхэн гэр бүл, олигархиудын баялаг болсонд хариулт өгөх эрх мэдэлтэн байна уу?
Стратегийн гэх тодотголоор дэлхийн зах зээлд үнэд хүрэх эрдэс баялгийг ийнхүү тусгаарласан нь соц нийгмийн үеийн “дарга нарын дэлгүүр”-ээс ялгагдахгүй биш байна гэж үү. Ард түмнээ хаалганы гадна үлдээж, тусгай үнэмлэхээр хувь хишиг хүртээх байсан юм бол Монгол Улсын эдийн засаг, нийгэмд ач холбогдолтой стратегийн орд гэж анхнаас нь зарлах хэрэг байсан уу?
Оюутолгой, Тавантолгойгоос бусад ордоос ард түмэнд хүртэх хувь хишиг, хувьцаа гэж ер нь байна уу, эрхэм гишүүд, сайд нар аа.
Ашигт малтмалын тухай хуулийн бас нэгэн заалтаар жишээ татья. “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшиг чийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж уг хуулийн 5.5-д заасан байх юм.
Энэ заалтад хамрагдаж, Монголын баялгийг Монголын төртэй, ард түмэнтэй хуваалцсан стратегийн ганц орд байдаг нь Оюутолгой. Иргэний хөдөлгөөнүүдийн шахалт шаардлагаар УИХ, Засгийн газрын гишүүд шахалтад орж “Айвенхоу майнз” компанийн өөрийн хөрөнгөөр хайгуулж хийж нөөцийг нь тогтоосон зэс, молибдений ордын 34 хувийг Монголын төр, ард түмэн эзэмших болсон. Хэдийгээр маргаан шүүмжлэлийн бай болж байгаа ч ноён Фрийдланд Хятадын төрийн өмчийн “China national nuclear corporation international” шиг хувьцааны арилжаа нэрийдлээр Монголын баялгийг худалдчихаагүй.
Монголын алт буюу МАК шиг үндэсний баялгаа хятадуудтай хамтран дангаараа өмчлөөгүй. Монголын хуулийн дагуу төртэй нь, ард түмэнтэй нь өөрийн илрүүлсэн баялгаа хуваалцсан. Талархах ёстой, Фрийдландад. Гэтэл өнөөдрийг хүртэл бохир хуйвалдаанаар стратегийн ордыг ард түмнээс нь “хулгайлан” эзэмшиж буй нэр бүхий эзэд улс төр, бизнесийн бүлэглэл дамнасан олигархийн гинжин холбоосоо улам батжуулан, хөрөнгө баялгаа хамгаалахаас өөрийг сэтгэхээ больсон нь үндэсний эмгэнэл мөн.
Өнөөдөр Тогтвортой байдлын гэрээ гэх халхавчин дор Монгол Улсын Стратегийн гурван ордыг ашиглаж байна. Ийм гэрээ байгуулсан компаниуд эхний таван жил орлогын албан татвараас 100 хувь чөлөөлөгдөж, дараагийн таван жилд татварын 50 хувийн хөнгөлөлт эдэлдэг.
Лиценз ашигласны төлбөрт 2.5 хувийн төлбөр төлдгөөс өөрөөр Монголын ард түмэнд ямар ч хувь хүртээлгүйгээр цөлмөдөг. Энэ удаад зөвхөн Тогтвортой байдлын гэрээтэй компанид онцлон анхаарал хандуулав. Стратегийн ордыг эзэмшиж буй компани тус бүрийн одоогийн үйл ажиллагааны талаар дараа дэлгэрэнгүй хүргэх болно.
ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ГЭРЭЭ ЮҮ, СТРАТЕГИЙН ОРД УУ
Тогтвортой байдлын гэрээ тэй Стратегийн ордыг эзэмшигчид: 1. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дахь Төмөртэйн овоо. Цайр, хар тугалгын орд. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Цайрт минерал” компанитай 1998 онд Тогтвортой байдлын гэрээ байгуулан ашиглаж буй. 2008 онд хугацаа нь дууссан гэдэг ч дахин сунгасан гэсэн мэдээлэл бий. 2. Сэлэнгэ аймгийн Баянгол сум дахь Бороогийн алтны орд. Стратегийн ордод оруулах үед 24.5 тонн алтны нөөцтэй байсан. “Бороо гоулд” компани нэмэлт хайгуулаар нөөцийг нь өсгөж 40 тонн-д хүргэсэн. Одоо нөөц нь дууссан. 3. Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь Нарийнсухайтын нүүрсний орд. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чин Хуа МАК Нарийн сухайт” ХХК болон “Монголын Алт” (МАК) ХХК-тай манай Засгийн газар 2005 онд Тогтвортой байдлын гэрээ байгуулан Шивээ хүрэнгийн боомтоор нүүрс зөөж байгаа. 2015 онд гэрээний хугацаа дуусна.
Дээрх компаниуд Монголын Стратегийн ордыг тэргүүлдэг. Тэд Тогтвортой байдлын гэрээ нэрийн дор Монголын төр, ард түмэнд татвараас өөр ямар ч ашиггүйгээр энэхүү баялгийг эзэмшиж байна. Эхнээсээ гэрээний хугацаа нь ч, баялаг нь ч дуусаж буй.
Стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтыг баталсан УИХ-ын 2007 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн 27 тоот тогтоолд дурдсанаар “Тогтвортой байдлын гэрээгээр үйл ажиллагаа нь зохицуулагдаж байгаа Төмөртэйн овооны цайрын орд, Нарийнсухайтын нүүрсний орд, Бороогийн алтны үндсэн ордын одоогийн ашиглаж байгаа нөхцөлийг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзсүгэй” гэж заажээ.
Тийм юм бол тэднийг Стратегийн ордод оруулах шаардлага байсан юм уу. 2006-2007 он монголчуудын хувьд уул уурхайгаар амьсгалсан, жагсаал цуглаанаар дүүрэн он жилүүд байлаа. Стратегийн ордуудын жагсаалтыг хэлэлцэж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гээд улс төр, нийгмийн амьдрал ид буцалж асан тэр үед ашиг сонирхлоо УИХ-ын шийдвэрт шургуулахын тулд иргэний хөдөлгөөнийхнийг худалдаж, хурцалж гудамжинд жагсаадаг байлаа. Үүний нөлөө, лообий УИХ-ын шийдвэрт нөлөөлсний бодит баримт нь Стратегийн 15 ордын жагсаалт болсныг эдүгээ цаг хугацаа бидэнд батлав.
Тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Сангийн сайд Ч.Улаан, Н.Алтанхуяг гээд нөлөө бүхий улстөрчдийн ашиг сонирхол Тогтвортой байдлын гэрээтэй холбогддог байсан. Тиймдээ ч дээрх том ордуудыг Стратегийн 15 ордын жагсаалтад багтаасан ч Тогтвортой байдлын гэрээний нөхцөлийг хэвээр хадгалан үлдээж чадсан. Энэ нь тухайн үеийн улстөрчдийн хуйвалдаан байсныг одоо журмын нөхөд нь хүлээн зөвшөөрч эхэлсэн.
Гэвч Ашигт малтмалын болон бусад хууль, ард түмнийхээ эрх ашгийг хүндэтгэн Стратегийн 15 ордыг жинхэнэ утгаар нь “стратегийнх” болгож, улсынхаа нийгэм, эдийн засагт ач холбогдолтой байлгах эр зориг энэ парламентын гишүүдэд дутагдаж байна.
Монголын төр стратегийн орд дахь хяналтаа улс төрийн нам дамнасан олигархиуддаа, ялангуяа урд хөршийнхөндөө алдчихаад байгаа юм биш биз дээ. Үүссэн нөхцөл байдлаас үзвэл Монголын стратегийн ордууд Монголын ард түмний мэдлээс аль хэдийн гарчихсан дүр зураг тодроод байна.
Д.Оюун-Эрдэнэ