Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг албан тушаалаа урвуулж, хахууль авсан байж болзошгүй гэх үйлдлийг шалгуулахаар өчигдөр АТГ-т 894 хуудас бүхий холбогдох баримтуудаа аваачиж өглөө. Тэрбээр “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцохдоо Б.Энхбаярыг “Бодь групп” ХХК-иас хандив нэрээр 500 мянган ам.доллар авсан хэмээн мэдэгдсэн бөгөөд үүнийгээ албан ёсоор шалгуулахаар гомдол гаргаж буйгаа хэвлэлийнд мэдэгдэв. Л.Оюун-Эрдэнэ АТГ-т гаргаж өгсөн материалуудаа дөрвөн үндсэн хэсэгт хувааснаа мөн тайлбарласан. Үүнд “Бодь групп”-ийн оффтейк гэрээ, нүүрсний сонсголын материал, Б.Энхбаярын авлигын хэрэг болон түүнтэй холбоотой бусад нотлох баримтууд багтсан гэнэ. Ерөнхий сайд асны мэдэгдэж буйгаар Б.Энхбаяр нь “Бодь интернэйшнл”-ийн үүсгэн байгуулагч Д.Баясгалангаас хоёр удаагийн үйлдлээр нийт 1.3 сая ам.доллар бэлнээр авсан. Үүнийг гэрчлэх хүмүүс болон баримтууд бий гэсэн юм. Түүнчлэн нэг ноцтой зүйл хөндсөн нь “2022 оны валютын нөөцийн хомсдол нь “Бодь групп”-ийн оффтейк гэрээнээс үүдэлтэй байсан” гэж тодотгов. Улмаар тус компанийн төмөр зам барих төсөвт өртөг анх 600 сая ам.доллар байснаа 1.3 тэрбум ам.доллар болж хоёр дахин нэмэгдсэн, тендергүйгээр нууц гэрээ байгуулсан зэрэг асуудлыг нүүрсний сонсголоор ил тод болгох ёстой байсан ч Б.Энхбаяр сонсголыг ахлахдаа эдгээр ноцтой баримтуудыг зориуд орхигдуул сан” гэж үзэж буйгаа илэрхийллээ.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг холбоотой гэж мэдэгдсэн юм. Д.Мөнх-Эрдэнэ өмнө нь “Голомт” банк болон “Бодь групп”-т хуулийн зөвлөхөөр ажиллаж байхдаа төмөр замын төсөлд зөвлөх үйлчилгээ нэрээр 11 тэрбум төгрөг авсан. ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар томилогдсоныхоо дараа шилэн дансанд байршуулсан баримтуудыг устгах, зарим камерын бичлэгийн мэдээллийг устгах, өөрчлөлт оруулах оролдлого хийсэн байж болзошгүй мэдээлэл байгаа гэж УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэлэв. Тэрбээр АТГ-т хандсан хүсэлтээ мөн өөрийн фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн юм.
Б.ЭНХБАЯР: Л.Оюун-Эрдэнэ амь тавьж байна, үнэн удахгүй нотлогдоно
Л.Оюун-Эрдэнийн мэдээлэлтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар өчигдөр хариу тайлбар шуурхай хийсэн юм. Тэрбээр “Бодь групп” компани руу орсон мөнгө хаашаа, ямар задаргаатай явсныг би өөрөө шалгах гэтэл нэгдүгээрт, надад хугацаа байгаагүй. Хоёрдугаарт, Д.Баясгалан захирал руу маш олон удаа шаардлага хүргүүлсэн. Нүүрсний сонсголын хянан шалгагч нар үүнийг гэрчлэх ёстой. Ер нь гэмт хэргийн шинжтэй учраас нэгжлэг хийж, санхүүгийн мэдээллүүдийг нь хүчээр авна гэдэг асуудлыг би ярьж байсан. “Голомт банк” өөрөө том банк учраас сан хүүгийн эрсдлүүд үүссэн. Банканд цагдаа нэгжлэг хийж байна гэсэн мэдээлэл гарахад эл банк дампуурч, харилцагчдын хөрөнгө эрсдэлд орж болзошгүй байсан. Гэтэл сонсголын урьд шөнө ХЗДХЯ-ны бичиг хэргийн ажилтанд санхүүгийн баримтуудыг хүргүүлсэн. Бид шөнөжин ухаад, санхүүгийн гүйлгээ баримтуудыг хуурамчаар хийлгэсэн гэдгийг баримтжуулж, сонсголын үеэр хэлсэн.
Түүний яриад байгаа зүйлс бүгд худлаа. Л.Оюун-Эрдэнэ амь тавьж байна, үнэн удахгүй нотлогдоно. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар О.Алтангэрэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байх үед Засгийн газрын хуралдаанаар маш нууцын зэрэглэлтэйгээр хэлэлцсэн асуудлыг Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нартай холбож байх жишээтэй” гэсэн юм.
Харин Хууль зүйд, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ “Л.ОюунЭрдэнийн ярьсан бүх юм гүтгэлэг. Энэ хүн шударгаар ажиллаж буй хүмүүсийг замаасаа зайлуулах бүх ажлыг ингэж хийдэг юм байна. Удахгүй нотлох баримтууд гараад ирнэ. Үнэн, худал нь ил болно. Намайг “Бодь групп” компанид ажилласан гэж гүтгэлээ. Энэ хүмүүстэй холбоотой маш олон хэргийг АТГ шалгаж байгаа. Улсын хил дээр 66 га газар ашиглах зөвшөөрөл шууд өгсөн, оффтейк гэрээнүүд, зар сурталчилгаа нэрээр хувийн компанидаа мөнгө авсан гээд нууцын тамга дараад дураараа аашилж байсан. Үүнийг нь ил болгохоор ингэж гүтгэлэг тараадаг юм байна” гэв.