Цахилгаан скүүтер, мопед зэрэг хоёр дугуйт тээврийн хэрэгсэлтэй холбоотой осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд, залуусын амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор эрх зүйн зохицуулалт, хязгаарлалтыг энэ сарын 10-наас мөрдөж эхлэхээр болжээ.
Түрээсийн скүүтер, мопед ашиглах үйлчилгээг 16 нас хүрээгүй хүүхдэд үзүүлэхгүй байх зохицуулалт хийж байгаа ба үйлчлүүлэгчдийн мэдээллийг E-Mongolia нэгдсэн системтэй холбосноор насны хязгаарлалтыг үүгээр хянах юм. Хэрэв эцэг, эхчүүд өөрийн бүртгэлээр E-Mongolia системд нэвтрэн хүүхдэдээ скүүтер түрээслүүлсэн, мөн худалдаж авч өгсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу эцэг эх, асран хамгаалагчийг 100 нэгжээр торгох арга хэмжээ авах юм.
Түүнчлэн тухайн тээврийн хэрэгслийг түр саатуулах буюу журамлах, хууль ёсны асран хамгаалагчийг 400 нэгжээр торгох хуулийн зохицуулалт ч бий. Цахилгаан ба бензин хөдөлгүүртэй А ангилалд хамаарах мотоцикл насанд хүрээгүй хүүхэд унаж замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд эцэг эхэд нь хариуцлага давхар тооцох аж. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний хяналтыгсайжруулах, хууль бус хэрэглээг таслан зогсоохыг холбогдох байгууллагаас уриаллаа.
П.Дайриймаа