УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг ИЗНН-ын дарга Б.Батбаатар өчигдөр өргөн мэдүүлэв. Гишүүдийг илүү хариуцлагатай болгохын тулд эгүүлэн татах зохицуулалт нэмэх агуулгатай төсөл санаачилсан тухай тэрбээр хэдэн сарын өмнөөс ярьсан юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт л төсөлдөө Засгийн газраас санал авч, ийнхүү өргөн барьжээ. Парламентад дөрвөн гишүүнтэй тус намаас хоёр гишүүн нь тус тусдаа УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл боловсруулсан гэж буй. Агуулга нь ижил гэвч шийдэх арга нь өөр бололтой, тэд төслөө нэгтгэхгүй гэсэн билээ. Тэгвэл намын дарга нь ярьснаа ажил хэрэг болгох алхмаа хийсэн байна.
Түүний төсөлд жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүнийг нэр дэвшүүлсэн намын төлөөллийн төв байгууллагын саналаар эгүүлэн татах зохицуулалтыг тусгажээ. УИХ-ын гишүүнийг хэд хэдэн үндэслэлээр эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өргөн барьсан. Үүний эсрэг саналыг Б.Батбаатар гишүүн өгсөн юм. Төрийн тэргүүний төсөлд ч мөн жагсаалтаар сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах саналыг нэр дэвшүүлсэн нам нь оруулах тухай заалт бий. Гэхдээ санал оруулсан ч эцсийн шийдвэрийг УИХ гаргахаар заасан. Тэгвэл Б.Батбаатар гишүүн төсөлдөө шууд нам нь эцэслэн шийднэ гэж тусгаснаараа ялгаатай аж.
Эл төслийг баталснаар парламентын гишүүд илүү хариуцлагатай болж, УИХ-ын нэр хүнд сайжирна гэж тэрбээр үзжээ.
С.УУЛ