Оросын эсрэг 20 дахь багц хоригоо тавихаар шийдсэнээ Европын Холбоо өнгөрсөн сарын 23-нд нотлов. Тус холбооны дарга Антониу Кошта энэ талаар мэдээлсэн юм. Хоригоор эрчим хүчний сектор, санхүүгийн байгууллагууд, цэрэг-аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой компаниудын үйл ажиллагааг хязгаарлажээ. Мөн 120 хувь хүн, хуулийн этгээд орсон байна. Ингээд хоригт хамрагдсан нийт хүний тоо 2700 болжээ. Эдийн засгийн хязгаарлалтын зэрэгцээ Орост эзлэгдээд байгаа Украины газар нутагт явуулсан үйлдлийнх нь төлөө хариуцлага хүлээлгэх арга хэмжээг хоригт тусгасан байна.
Энэ багц хориг Оросын эдийн засаг болон дайны машиныг сулруулах гол зорилготой юм. Мөн Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэж, иргэний зориулалттай дэд бүтцийг, түүний дотор эрчим хүчний салбарт учруулсан хохирлын улмаас зовж шаналж буй Украин улс, түүний ард түмнийг нь Европын Холбоо тууштай дэмжиж буйг хориг бас нотлох аж.
Оросын түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүнтэй холбоотой усан замын тээврийн тусламж үзүүлэхийг цаашид хориглох үндсийг үүгээр бас тавьж байгаа юм. “Их долоо”, түүний гишүүн орнуудын үнэд хязгаар тогтоох эвсэл болон оролцогч бусад оронтой зөвшилцөн тохирч байж хэрэгжүүлэх юм. Энэ багц стратегийн хувьд экспортын зах зээл дээр өөрийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн шинэ тоглогчдын эсрэг бас чиглэж байна. Түүнчлэн 46 хөлөг онгоцыг нь боомтоор нэвтрэхийг, тэдгээрт тэнгисийн тээвэртэй холбоотой үйлчилгээ үзүүлэхийг хориглов. Хоригт орсон хөлөг онгоцны тоо 632 боллоо. Уг арга хэмжээ Европын Холбооны гишүүн биш орнуудын нефть тээвэрлэгч “сүүдрийн флот”-ын бүрэлдэхүүнд ордог хөлгүүдийн эсрэг чиглэж байгаа юм. Мөн Оросын Мурманск, Туапсын болон Индонезийн Каримун гэх нефтийн үнийн таазад өртөхгүйн тулд ашиглаж байгаа усан буудлуудтай арилжаа хийхийг хоригложээ. 20 дугаар багц Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборт нэмэлт хязгаарлалт тавив. Хориглосон жагсаалтад нисгэгчгүй нисэх төхөөрөмж мэтийн цэрэг дайны бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй холбоотой 58 компани болон хувь хүнийг оруулсан байна.
Оросын цэргийн үйлдвэрүүдийг Европын Холбооны үнэ цэнэтэй технологид нэвтрэх боломжгүй болгосны зэрэгцээ онц чухал өндөр технологийн бараа нийлүүлдэг гурав дахь орнуудаас Оросын хамаарах байдлыг ч бас хөнджээ. Энэ жагсаалтад Хятад, Арабын нэгдсэн Эмират, Узбекистан, Казахстан, Беларусь зэрэг Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборт давхар зориулалттай бүтээгдэхүүн, зэвсэг нийлүүлдэг хуулийн 16 этгээдийг оруулжээ. Түү нээс гадна Оросын батлан хамгаалах секторыг технологийн хувьд боловсронгуй болгоход нөлөөлөх өөр 60 хуулийн этгээдэд экспортын хатуу хязгаар тогтоохоор зэхэж байгаа аж. Орост үлэмж орлого оруулдаг зарим төрлийн түүхий эд, металл, эрдэс, химийн бодис, кау чукан эдлэл зэргийг 570 сая еврогоос давсан үнэ хүрэх хэмжээтэйг Орос руу оруулахад нэмэлт хязгаарлалт тогтоов.
Энэ бүх арга хэмжээн дээр нэмж Оросын нутгаар дайруулж зөөвөрлөхөд хатуу хориг тавьж буй юм байна. Харамсалтай нь, хориглосон үйлдэлд оролцсон Оросын иргэд ял цээрлэл хүлээлгүй урьдын хэвээр ажилласаар байгаа төдийгүй Засгийн газрынхаа дэмжлэгийг хүлээх нь цөөнгүй гэнэ. Дайн эхэлснээс хойш Орос улс 20 мянга орчим украин хүүхдийг хүчээр аваачаад уусган шингээх, украин гэх шинж чанарыг нь сулруулах зорилгоор үзэл суртлын ажил хийж буй юм байна. Тиймээс буруутныг хариуцлагад татах ажлыг хүчтэй болгох зорилгоор украин хүүхдүүдийг хулгайлж, албадан зөөх, үзэл суртлын талаар тэднийг “боловсруулахад” хүчин зүтгэсэн таван хувь хүн, нэг хуулийн этгээдийг хоригт оруулжээ. Орост кибер аюулгүй байдлын салбарт үйлчилгээ үзүүлэхийг мөн хориглов. Европын зөвлөл мэдээллийн салбарт үзүүлэх хоригийг мөн өргөжүүлэхээр шийдвэрлэсэн байна. 20 дахь багц хоригоо сүүлийн хоёр жилийн хамгийн өргөн цар хүрээтэй, олон түвшний хязгаарлах арга хэмжээ гэж Европын Холбоо үзэж буй юм байна. Еврокомиссын тэргүүн Урсула фон фер Ляйен “Манай хориг Оросын эдийн засгийн бааз суурийг ихээхэн тамирдуулж, шинэчлэл хийх аливаа зүтгэлийг нь үгүй хийнэ” гэж хэлсэн байх юм.
Европын Холбоо хоригийнхоо жагсаалтад “Металлинвестбанк”, “Русский стандарт”, Уралын сэргэн босголт, хөгжлийн банк, Шуудан банк зэрэг 20 банкийг оруулжээ. “Башнефть”, “Славнефть” болон “Лукойл”, “Газпром”-ын хэд хэдэн охин компани гээд Оросын нефть, хийн12 томоохон үйлдвэрийг ч хоригт оруулжээ.
Эцэст нь, “түрэмгий дайныг дэмжиж”, “Цэргийн тусгай ажиллагаа” гэх Кремлийн суртал нэвтрүүлгийг түгээсний нь төлөө Эрмитажийн захирал Михиал Пиотровский, рэпер Тимати, боксчин Федор Чудинов, Соёлын нэгдүгээр орлогч сайд Сергей Обрывалин, “Спутник” агентлагийн тэргүүн Антон Анисимов, “Калашников” концерний ерөнхий зохион бү тээгч Владимир Лепин болон зарим бизнесмен хоригт оржээ.
Хэвлэлд мэдээлснээс үзвэл Оросын эсрэг тавих 21 дэх багц хоригоо бэлтгэх ажилд Европын Холбоо ороод буй юм байна. Өнөө цагт Өрнөдийн хамгийн олон хоригт өртсөн улс бол ОХУ гэдэг. Урьд нь тавьсан хоригууд Оросын эдийн засагт хэдийн нөлөөлж, өсөлт нь 4.9-1.0 хувь хүртлээ удааширч, нефтиэс олох орлого нь гурван хувиар буурсан гэж Брюссель үзэж байгаа билээ. Гэтэл энэ байдал тогтворгүй, Ойрхи Дорнодод үүссэн хямралаас эрчим хүчний эх үүсвэрийн үнэ өсөж, Москвад ашиг өгч байгаа нь нууц биш. Одоо хэрэгжүүлж буй багц хориг нь энэ байдлын эсрэг чигтэй, Орост үзүүлэх дарамт шахалтаа үргэлжлүүлж, ихээхэн хохирол үзүүлэх, Оросын эмзэг газрыг нь тодорхойлох зорилготой гэж сэтгүүлчдэд Европын Холбооны төлөөлөгч хэлсэн байна. Түүний хэлснээр хоригийн нөлөөг юуны түрүүнд хязгаарлалтаар бус, хандлагаа өөрчилснөөр нэмэгдүүлэх аж.
Р.Жаргалант