“Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагынхан Улсын төсвийн тухай хуульд заасан улсын хөрөнгө оруулалттай төсөл, хөтөлбөрийн ерөнхий шаардлагыг нягтлах зорилгын хүрээнд 16 яамны 2027 оны төсвийн төслийн ил тод, нээлттэй байдлыг үнэлжээ. Ингэхэд төсөвтэй танилцах болон санал өгөх боломж иргэдэд хүртээмжгүй, энэ чиглэлээр бүрэн гүйцэд, ойлгомжтой мэдээлэл өгөх нөхцөл бүрдүүлээгүй зэрэг зөрчил нийтлэг илэрчээ. Тухайлбал, төсвийн төслөө нийтэд ил тод байршуулаагүй атлаа санал авах холбоос үүсгэсэн, албан ёсны веб сайтад байршуулсан ч фэйсбүүк болон иргэдийн өргөн ашигладаг цахим сувгаар мэдээлээгүй, олон нийтээс санал авах холбоос үүсгэсэн ч ямар төсөл, арга хэмжээг танилцуулж буй талаараа мэдээлээгүй тохиолдол нийтлэг давтагдсан байна.
16 яамны долоо нь л ирэх оны төсвийн төслөө олон нийтэд нээлттэй байршуулжээ. Үүнд, Батлан хамгаалах, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн, Эдийн засаг, хөгжлийн, Зам, тээврийн хөгжлийн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Эрүүл мэндийн яам багтаж байна. Харин үлдсэн есөн яам мэдээллээ огт байршуулаагүй аж. Хачирхалтай, долоон яам төсвийн мэдээллээ ил болгосон байхад төрийн захиргааны есөн яам иргэдээс санал авах холбоос байршуулжээ.
Энэ төрийн захиргааны төв байгууллагынхан төсвийн төсөлд олон нийтээс санал авах, салбар салбараар хэлэлцүүлэх үйл явцыг оромдох байдлаар хүртээмжгүй зохион байгуулж ирсний нотолгоо болов. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын болон Боловсролын яам 2027 оны төсвийн төслийн мэдээллээ нээлттэй байршуулаагүй байж иргэд, олон нийтээс санал авах холбоос үүсгэжээ.
“Монголын залуучуудын эвсэл”-йинхэн “Төсөв бол зөвхөн төрийн байгууллагын дотоод асуудал биш. Иргэдийн төлсөн татвар болон нийтийн хөрөнгөөс бүрддэг төсвийг хэрхэн зарцуулах вэ гэдэг нь олон нийтэд хамаатай асуудал” гэв. Тэд яамд болон төрийн бусад байгууллагын төсвийн төсөлд хийсэн ажиглалт, дүн шинжилгээнд үндэслэн санал, зөвлөмж боловсруулж, Сангийн яаманд хүргүүлжээ.
Н.Мишээл