Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн Цагаан-Ус гэх газарт энэ сарын 11-нд бог малд шүлхий өвчний халдвар илэрснийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулсан байна. Сумын Засаг даргын захирамжаар 28 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор голомт болон сэжигтэй бүсэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, хяналтын дөрвөн пост ажиллуулж буй гэнэ. Нөхцөл байдлын талаар тус аймгийн Мал эмнэлгийн газраас тодруулахад “Шуурхай штабын шийдвэрээр Мал эмнэлгийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсгийг Цэцэрлэг сумд ажиллаж, шаардлагатай мал, амьтныг вакцинжуулж, халдварын голомтыг хязгаарлах арга хэмжээ авч байна. Голомтын бүсэд 10 өрх бий. Нийт 63 бог мал шүлхийгээр өвчилснөөс 23-ынх нь шинж тэмдэг арилсан. Хорио цээрийн дэглэм тогтоосон бүс Завхан аймгийн Асгат сумтай хил залгаа. Иймд иргэд, малчдыг мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй, хорио цээр тогтоосон бүс нутгаар дамжин өнгөрөхийг хориглосон. Сүүлийн гурван өдөр халдварын шинэ тохиолдол илрээгүй” гэв.
Ч.Болор