Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны хангамжийг нэмэгдүүлэх шуурхай штабын ээлжит хурал өчигдөр боллоо. Уг хурлаар цаг үеийн мэдээллүүдийг нэгтгэн, тодорхой үүрэг чиглэлүүдийг АҮЭБЯ-наас өгөв. Үүнд есдүгээр сарын эхний долоо хоногт 19 853 тонн АИ92 түлш оруулж ирсэн бөгөөд нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд чингэлэг буулгалт, шилжүүлэн ачих ажлыг эрчимжүүлэх, боомтуудын бэлэн байдлыг хангуулахад анхаарч ажиллахыг үүрэг болгов. Орон нутаг дахь шатахуун түгээх станцуудад дунджаар өдөрт 54 автомашин шатахуун хүлээж, дугаарлаж байгаа гэнэ. Харин Баян-Өлгий, Дорнод, Дорноговь зэрэг таван аймагт нийт 450 орчим автомашин хүлээгдэлтэй байгааг АҮЭБЯ-наас мэдээллээ. Тиймээс орон нутаг дахь шатахууны хомсдлыг бууруулах, тээвэрлэхэд онцгой анхаарахыг сануулсан юм. Мөн газар тариалангийн бүс нутгуудад бензин, дизелийн түлшний хангамжийг эрчимжүүлж, нөөцийг нь нэмэгдүүлэх үүргийг шуурхай штабаас өгсөн байна.
С.Дулам