Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-аас гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын аравдугаар сарын урьдчилгаа санхүүжилтэд 99.8 тэрбум төгрөг шилжүүлснээ мэдээллээ. Мөн гүйцэтгэлийн санхүүжилтэд 11.8, нийт 111.7 тэрбум төгрөг олгосон байна. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын сангаас сумын Эрүүл мэндийн төвүүдэд 26.1, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 12.7, төрийн өмчийн лавлагаа шатлалын эмнэлгүүдэд 58.5, хэвийн хэвшлийнхэд 2.4 тэрбум төгрөг тус тус олгожээ. Харин эмийн үнийн хөнгөлөлтийн наймдугаар сарын гүйцэтгэлд үндэслэн 11.8 тэрбум төгрөг шилжүүлсэн гэв.
Түүнчлэн ЭМДЕГ-ын зөвлөлийн өнгөрсөн баасан гаргийн хурлаар төсвийн тодотголтой холбоотой асуудлууд болон салбарын ажилтнуудын цалин, хөлсний нэмэгдэлтэй уялдуулсан тогтоол, шийдвэр батлах талаар хэлэлцлээ. Энэ үеэр хөнгөлөлттэй эмийн сонгон шалгаруулалтыг эрчимжүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын өр төлбөрийн асуудлыг холбогдох чиг үүргийн хүрээнд шийдвэрлэхийг үүрэг болгов. Мөн Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн товлол болон зардлын төлбөрийн хэмжээ, түүнийг санхүүжүүлэх журмыг баталсан юм.
О.Ундрах