Мэргэжлийн хяналтын албаныхныг хээл хахуульд өртөмтгий гэж иргэд үздэг. Тиймдээ ч Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ынхны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ. Энэ талаар АТГ-ын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очиртой ярилцав.
-Нийслэлийн МХГ-ын байцаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ. Ямар зорилгоор энэ шалгалтыг хийсэн юм бэ?
-Ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомж батлагдаад хоёр жил гаруй болж байна. Энэ хугацаанд бид хууль сурталчлах, олон нийтэд ойлгуулан таниулах сургалт зохион байгуулах, гарын авлага, зөвлөмжөөр хангах зэргээр ажилласан. Харин хуулийг холбогдох байгууллага, албан тушаалтнууд хэрхэн хэрэгжүүлж байгаа, гарч буй хүндрэл бэрхшээл, зөрчлийг арилгахаар ажиллаж байна. Энэ хүрээнд НМХГ-т хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгааг, мөн холбогдох албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгасан. Хяналт шалгалт явуулсан гол зорилго бол албан тушаалтнуудыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаашлаад зөрчил үүсгэх нөхцөл байдлыг багасгах, хууль тогтоомжид заасан үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, гаргасан зөрчил дутагдлыг арилгах болон хуулийн хэрэгжилтийн талаар зөвлөмж чиглэл өгч ажиллах явдал юм.
-Шалгалтаар ямар зөрчил дутагдал илрэв?
-Зөвхөн НМХГ газар гэлтгүй хяналт шалгалтад хамрагдаж байгаа төрийн байгууллагууд ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ нийтлэг хэд хэдэн зөрчил гаргаж байна. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-т хүргүүлж хянуулсны дараа тухайн албан тушаалтныг томилох эрх үүсдэг байхаар хуульд заасан. Гэтэл мэдүүлгийг хянуулахгүйгээр томилох, материалыг нь ирүүлсэн боловч тус газраас дүгнэлт гаргаагүй байхад томилох, түүнчлэн албан тушаалтнууд албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөл байдалд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, мэдэгдэл тайлбар гаргах үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа нь цаашлаад авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх магадлалтай гэсэн үг. Ялангуяа хяналт шалгалтын ажлыг хэрэгжүүлж байгаа албан тушаалтнуудын хувьд ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон тохиолдолд тухайн албан үүргийг гүйцэтгэхээс татгалзах, мөн албан үүргээ гүйцэтгэхэд нь хөндлөнгөөс нөлөөлсөн аливаа дарамт шахалтын талаар мэдэгдэх үүргээ төдийлэн хэрэгжүүлж ажиллахгүй байна. Шүүгч нар хүртэл шүүн таслах үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлсөн аливаа асуудлын талаар байгууллагадаа мэдэгддэг болсон шүү дээ. Албан үүргээ гүйцэтгэхэд хөндлөнгөөс ингэж нөлөөлсөн аливаа дарамт шахалтын талаар мэдэгдсэнээр албан тушаалтан ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалагдаж, эрсдэлийг багасгаж байгаа юм.
-НМХГ-ын байцаагч нарын ажлын байрыг сэлгэж ажиллуулах зөвлөмж хүргүүлсэн байсан. Ингэж сэлгэх нь ашиг сонирхлын зөрчлийг хэр хэмжээгээр багасгаж чадах вэ?
-Тус газарт хяналт шалгалт хийхдээ бид авлигад өртөх эрсдэл өндөртэй нийт 187 албан тушаалтны судалгааг гаргуулан авч хянан үзэхэд 38 албан тушаалтан буюу 20 хувь нь 11 жил, 96 албан тушаалтан буюу 51 хувь нь 5-10 жил тухайн байгууллагад ажиллаж, хяналт шалгалтын нэг төрлийн чиг үүргийг дагнан хэрэгжүүлсэн байна. Хяналт шалгалтын чиг үүргийг дагнан хэрэгжүүлж, нэг бүс нутагт 10 буюу түүнээс дээш жил ажиллаж байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэх эрсдэлтэй байна. Тухайлбал, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч нь сургуулийн өмнөх насны боловсрол хариуцан нийслэл, дүүргийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Ганцаараа уг хяналтыг 10 гаруй жил хэрэгжүүлжээ. Энэ нь зөвхөн нэг албан тушаалтан бүх дүүрэг дэх улсын болон хувийн цэцэрлэгийн үйл ажиллагаанд дангаараа хяналт шалгалт хийж ирсэн гэсэн үг. Бид НМХГ-т зөвлөмж, чиглэл хүргүүлсний дагуу тус газраас нийслэл, дүүргийн хэмжээнд 100 гаруй хяналтын улсын байцаагчийг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэж, манайхаар уг албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаад байна.
Г.ЦОЛМОН