Ой долоон сартай бяцхан охин савны хорт хавдраар өвдөж, ес дэх удаагаа химийн эмчилгээнд орж байхтай таараад цочирдов. Хорт хавдар гэдэг ямар аймшигтай, хэчнээн тарчлаантай өвчин гэдгийг хайртай ээжийнхээ халуун амиар төлөөс хийн байж яс махандаа тултал мэдэрсэн болохоор охиныг өөрийн эрхгүй өрөвдлөө. Ядарч сульдахаас эхлээд бөөлжиж огиулан хоолонд дург үй болох гэхчилэн биед нь янз бүрийн өөрчлөлт гардаг учраас томчууд хүртэл химийн эмчилгээнээс халгах нь бий. Харин энэ охин гурван сарын турш эмчилгээ хийлгэж байгаа аж. Энэ эмчилгээний ачаар л хавдрын хэмжээ нь анх ирснээ бодоход хоёр дахин багассан учраас удахгүй хагалгаанд орж, “ёо ёо”-гоосоо нэг мөр салчихвал эх, охин хоёрын удаан тэссэн тэвчээр хатуужлын үр дүн гарах нь тэр. Хорт хавдрыг эрт үед нь оношилж, тохирох эмчилгээг цаг алдалг үй хийвэл эдгэдэг өвчин гэдэг үг зүгээр л нэг сэтгэл тайвшруулах гэсэн арга биш гэдгийг эндээс харж болохоор.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын эхний 14 хоногт “Хавдартай тэмцэх 14 хоногийн аян” өрнүүлдэг. Энэ хүрээнд бид Хавдар судлалын үндэсний төвийн нэг өдрийн ажил байдлыг сурвалжиллаа. Дэлхий дахинд жил тутам 14.1 сая хүнийг хорт хавдраар өвчлүүлж, 8.2 саяыг нь хорвоогоос буцаадаг энэ өвчин манайх шиг хөгжиж буй болон ядуу буурай орнуудыг “онилжээ”. Цаашид хорт хавдраас сэргийлэх оновчтой, үр дүнтэй арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхг үй бол 2025 он гэхэд дээрх тоо хоёр дахин нэмэгдэхийг олон улсын судалгааны байгууллага анхааруулж байна. Монголд ч хорт хавдрын өвчлөл жил ирэх тусам нэмэгдсээр өнгөрсөн онд гэхэд л 5255 хүн шинээр хавдартай хэмээн бүртгэгдэж, 3660 өвчтөн нас баржээ. Хорт хавдар манай хүн амын нас баралтын шалтгааны хоёрдугаарт буюу зүрх судасны өвчний араас нэхэж буй. Өөрөөр хэлбэл, өөд болж буй таван монгол хүний нэг нь хорт хавдрын улмаас нас барж байгаа юм.
07.55 цаг. Хавдрын эмнэлгийн үүдээр ороход таван жилийн өмнө ээж бид хоёрын ирж байсан үеийнх шиг хөл, толгой нь мэдэгдэмгүй олон хүн үймж байдаг нь арай багасчээ. Энэ нь хоёр шалтгаантай болохыг эмч нар хэлэв. Монголчуудын сүсэг бишрэлтэй ч холбоотой юм уу, мягмар гаригт эднийхээр үйлчлүүлэгсдийн тоо ялимг үй цөөрдөг гэнэ. Мөн өвчтөнүүдийн ая тухтай байдлыг хангах, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах үүднээс химийн эмчилгээ, хөнгөвчлөх болон мэс заслын зарим тасагт хэвтэн эмчлүүлэгсдээ дарааллын дугаар нь болохоор утсаар дуудаж хэвтүүлдэг болжээ. Урьд нь “Төдийд сул ор гарах байх, та хүрээд ирээрэй” гээд явуулахаар тухайн үед нь яаралтай тусламжаар хүнд өвчтөн ирсэн байж таарвал ядарч сульдсан өнөөх хүмүүст ихээхэн хүндрэл чирэгдэл учруулдаг байсныг ийнхүү болиулсан аж.
08.05 цаг. Эмч нарын өглөөний яриагаар хорт хавдрын улмаас нас барж буй өвчтөнүүдийн шалтгаан, хүчин зүйлүүдийг үнэлэх талаар болон Эбола вирусийн халдварын үед эмнэлгийн ажилтнууд сэжигтэй хүнд үйлчилгээ үзүүлэхдээ зориулалтын хувцсыг хэрхэн зөв өмсөж, тайлах тухай танилцуулж, бас давхар үзүүлэх сургалтаар илүү сайн ойлголт өглөө. Мөн Химийн эмчилгээний тасгийн эрхлэгч Я.Замбалгарав Австри улсад хүүхдийн хавдар судлалын чиглэлээр гурван сар мэргэжил дээшлүүлээд ирсэн тухайгаа танилцуулав. Манайхаас гурав дахин олон хүн амтай ч ердөө 90 хүрэхг үй мянган ам метр газар нутагтай Австрид хүүхдийн хавдрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг долоон эмнэлэг байдаг гэнэ. Тэдний нэг болох Вена хотын “Anne” эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг хүүхдүүдэд эмч нараас гадна сэтгэл судлаач, нийгмийн ажилтан, хоолзүйч, тоглоомын багш гээд арваад хүн үйлчилдэг гэсэн. Сэтгэлзүйч гэхэд л хүүхдийнх, эцэг, эхчүүдийнх гэхчилэн тус тусдаа байдаг тухай Я.Замбалгарав эрхлэгч хэлээд, өөрсдийнхөө дотоод нөөц бололцоонд тулгуурлан тус эмнэлгийн арга туршлагаас юуг нь авч хэрэгжүүлэх вэ гэдгээ ярилцана хэмээв.
08.50 ХСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүхийн өрөөнд эмч нарын өглөөний ярианы дараах гол ажил өрнөнө. Өнгөрсөн шөнө (даваа гаригт) жижүүртэй хоносон эмч нар хоногийн мэдээгээ тайлагнаж, мэс заслын тасгийнхан харин өнөөдөр хийх хагалгаандаа шаардлагатай багаж, тоног төх өөрөмжүүдийн алийг нь эмнэлгээс, ямрыг нь өвчтөний ар гэрийнхнээс гаргуулах боломжтойгоо хэлэлцэн, өргөдлүүдээ цохуулах гээд бас л багахан оочер дугаар болох юм. Тус эмнэлэг мэс заслын таван тасагтай ч хагалгаа хийх дөрөвхөн өрөөтэй учраас нэгнийхээ өрөө сулрахыг хүлээсээр оройтож тарах нь их гэнэ. Хорт хавдрын мэс ажилбар мэдээж олгой авахтай адилгүй, харьцангуй хүнд учраас хагалгаанууд цагтаа амжихгүй, олон эмч, эмнэлгийн ажилтнууд илүү цагаар ажилладаг байна. Өнгөрсөн хоногийн мэдээнээс харахад өдрийн ээлжтэй байсан 20 орчим хүн тарах ёстой хугацаанаасаа дор хаяж гурван цаг илүү ажилласан бөгөөд ариутгалын ажилтан гэхэд л 21.50 цаг хүргэсэн байв. Гаднынхантай харьцуулахад дэндүү даржин төсөвтэй хавдрын эмнэлгийн хувьд энэ олон хүнд илүү цагийн мөнгө өгнө гэдэг ёстой л цалингийн сангаас нь “зулгааж” буй хэрэг боловч хүний амийг аврах үүргээсээ татгалзах эрх, сэтгэл тэдэнд үгүй.
Ерөнхий мэс заслын, Элэг, цөс, нойр булчирхайн, Цээжний хөндийн, Толгой хүзүүний, Эмэгтэйчүүдийн гэсэн таван тасаг нийлээд өдөрт дунджаар 20-иод хагалгаа хийдэг тул улсаас баталж өгдөг төсөвт багаж, тоног төхөөрөмж нь сарын дунд гэхэд дуусчихХавдартай даг байна. Тиймээс оёгч аппарат зэрэг сая гаруй төгрөгийн үнэтэй зарим багаж хэрэгслийг өвчтөний гэр бүлийнхнээр гаргуулах тохиолдол бишгүй гэнэ. “Хавдрын эмчилгээг улс хариуцна гэчихсэн болохоор бидэнд даатгалаас мөнгө орж ирэхгүй. Тэглээ гээд бид хувийн эмнэлэг шиг 10, 20 сая төгрөгөөр хагалгаа хийхгүй. Бас тэдэн шиг “Энэ өвчтөнд мэс засал хийнэ, түүнд хүндрэл гарах магадлалтай учраас хийхгүй” гэж ялгахгүй байхыг хичээдэг. Гэтэл бас үнэхээр хагалгаа хийх боломжгүй заалт гэж байна. Иргэд болохоор өвчтэй хүнийхээ хавдрыг мэс заслаар авахуулаад эдгээчихнэ гэж ойлгоод байдаг. Нэгэнт хугацаа хэтэрсэн, хавдар нь бусад эд эрхтэндээ үсэрхийлсэн бол өвчтөн хагалгааны хүндрэлийг даахг үй. Гэхдээ бид аль болохоор олон хүний амийг аврахын тулд өвчтөнүүдийнхээ ар гэрийнхний нуруун дээр их, бага хэмжээгээр ачаа үүрүүлээд хагалгаануудаа хийж байна. Химийн тариа, өвчин намдаах хүчтэй эм гаднаас олоод ир гэснээс багаж төхөөр өмж захих нь тэдэнд арай хялбар байдаг” хэмээн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал учирлав.
09.30 цаг. Химийн эмчилгээний тасгийн эмч нарын өрөөний үүдэнд хүмүүс дугаарласан байдаг нь яг л хэвээрээ. Харин хими эмчилгээний хоёр кабинет ажилладаг болсон нь хүлээлтийг харьцангуй бууруулсан гэнэ. Энэ өдөр амбулаторийн үзлэг хийх жижүүртэй эмч нь Э.Сайханцэцэг байв. Тэрбээр “Манай тасгийнхан шинээр ирсэн өвчтөнүүдэд хими эмчилгээ хийх эсэхээ мягмар, лхагва, пүрэв гаригт хийдэг эмч нарын зөвлөлгөөний хурлаараа шийддэг. Бас эмчилгээнд ямар нэгэн үр дүн гарахг үй байгаа хүмүүсийн хими эмчилгээг солих шаардлагатай эсэхийг энэ хурлаар хэлэлцдэг. Манай хэвтэн эмчлүүлэгсдийн тасаг насанд хүрэгчдийн 23, хүүхдийн хоёр ортой. Мөн өдрийн эмчилгээний 13 орон дээр өдөрт дунджаар 30-40 хүн хими эмчилгээ хийлгэж байна. Хорт хавдар бол ганц удаа эмнэлэгт хэвтээд эдгэчихдэггүй, өвчтөн зургаан курс эмчилгээнд явах ёстой учраас ачаалал үнэхээр их. Одоо л гэхэд химийн эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн орны оочер 10-14 хоногоор бичигдсэн байгаа” хэмээв. Уушгины хавдартай нэг өвөө хөгшнөөрөө түшүүлэн орж ирлээ. Өндөр халуурч, даралт нь унасан түүнийг дөрөвдүгээр тасагт гарах сул орон дээр яаралтай хэвтүүлэхээр болов. Харин мань хүн “Эмч ээ, би хуучин байсан тавдугаар тасагтаа хэвтмээр байна” хэмээн “эрхлээд” хөгшиндөө зэмлүүллээ. “Эмч намайг хэзээ дуудаж хэвтүүлэх бол” гээд гэртээ хүлээж байгаа олон хүний нэгийг тэр орон дээр хэвтүүлэх байсан ч өөрийнх нь биеийн байдлыг харгалзаад оочер “дайруулж” буйг өвөө нэг л сайн ойлгоогүй бололтой. 50 орчим насны нэгэн эрэгтэйг үзэж, шинжилгээтэй нь танилцсаны дараа Э.Сайханцэцэг эмч “Таны цусан дахь улаан, цагаан эсийн тоо буурчихсан байна. Тиймээс дархлаагаа сайжруулаад хэд хоногийн дараа ирэхээр тань хэвтүүлж химийн эмчилгээгээ үргэлжлүүлье” гэлээ. Гэвч өнөө хүн “Зургаа дахь курс эмчилгээгээ яаж ийгээд гүйцээчихмээр байна, ямар ч арга байхгүй гэж үү. Одоо дахиад л орны оочер хүлээх нь ээ” хэмээн урамг үйхэн өрөөнөөс гарав. Өвчтөнүүд янз бүрийн эм, тарианыхаа нэр ус, юунд хэрэглэдгийг ч андахгүй юм. Эмч “тэр” гэнгүүт л “Аан гэдэс рүү хийдэг тариа юу, тэр чинь огиулахыг намдаадаг, тийм ээ. Энэ нь дархлаа дэмждэг бил үү” гэхчилэн дуржигнуулна. Энд хэсэг байхдаа хүн гэдэг энэ нарт ертөнцөд хэдэн сар, хэдэн өдөр ч хамаагүй амьд явахын төлөө ямар их “шунадаг” юм бэ гэдгийг илүүтэй мэдрэв. Гагцхүү энэ “шунал”-ынхаа үнэ цэнийг жаахан эрт ухаарсан бол, ямар ч эд баялаг, эрх мэдэл, алдар гавьяанаас эрхэм гэдгийг нь арай л өмнө ойлгосон бол заавал ингэж шаналахг үй байсан даа. Хайртай хүмүүсээ нэгэнт хүндээр өвдсөн хойно нь хоёр, гурваараа эмнэлгээр дагуулж гүйгээд яах билээ. Түүний оронд эрүүл саруул, энх тунх байхад нь “Ах та энэ сард аавыг эмнэлэгт үзүүлээрэй”, “Дараа сард чи ээжийг дагуулж яваарай” гээд ээлжээр ч болов урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулдаг байвал байдал арай л өөр байх сан. “Хүний эрүүл мэндийн 50 хувь нь өөрийнх нь халаасанд байдаг” гэсэн үг бий.
Хорт хавдраар өвчилж, түүнийгээ мэдэлгүй явсаар хүндрүүлсэн тохиолдолд тухайн хүн болоод ар гэрийнхэн нь эдийн засгийн болон сэтгэл санааны хувьд маш хүнд цохилтод ордгийг эмч нар хэлэв. Тухайлбал, олон улсын жишгээр хоёр курс хими эмчилгээнд орсны дараа заавал компьютер томографийн шинжилгээ хийлгэж үр дүнгээ хянах ёстой байдаг ч манайд тийм боломжтой хүн ховор. Цээжний хөндийн зөвхөн нэг талыг компьютер томографиар харахад нэг удаад 400-500 мянган төгрөг шаардлагатай учраас хүмүүст дарамт болгохгүйн тулд ядаж зургаан курс эмчилгээний дараа заавал энэ шинжилгээг хийлгэхийг захидаг байна. Тэгээд тэгээд боломжгүй хүм үүс бас байх. Тав дахь өвчтөн болох 40 гаруй насны эмэгтэй “Эмч ээ, би одоохондоо компьютер томографийн шинжилгээ хийлгэж чадахгүй нь. Гурван сарын дараа болъё, тэгэх үү. Тэгээд ч зургаан курс хими эмчилгээгээ хийлгэчихсэн юм чинь одоо гайгүй болчих биз” хэмээн учирлав. Эмч нарын хэлж байсан нэг зүйл бол өвчтөнүүдийн химийн эмчилгээг аймаг, дүүргийнх нь Нэгдсэн эмнэлэгт хийдэг бол энэ их хүлээгдэл багасах боломжтой гэнэ.
10.40 цаг. Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эмч нарын зөвлөлгөөн болж байгаа тул гадаа нь бөөн хүн цуглажээ. Хоёр кабинеттай тус тасгаар үйлчлүүлсэн өвчтөнүүдээс онош нь эргэлзээтэй болон мэс засал хийх, боох, хавдрыг долгионоор шарах гэсэн аргуудын алинаар нь эмчлэхээ шийдэх шаардлагатай хүмүүсийг долоо хоногт нэг удаа энэ хурлаар оруулдаг аж. Өнөөдрийн зөвлөлгөөнд гэхэд л 21 өвчтөний оношийг хэлэлцэх гэнэ. Эхний хүн бол элэгний дөрөвдүгээр сигментдээ хавдартай гэсэн оноштой ирсэн, 60 орчим насны эрэгтэй байв. Хавдрын ЭХО шинжилгээний хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр дотор эрхтэнийг нь дурандаж, компьютерийн шинжилгээний хариутай харьцуулан удаан зөвлөлдсөний эцэст эмч нар түүнийг “Та хавдаргүй” гэсэн баяртай мэдээгээр үдэв. Гэхдээ хоёр сарын дараа дахин ирж үзүүлэхийг зөвлөнө лээ. Түүний араас орж ирсэн 49 настай эмэгтэйг цөсний хүүдийн хавдартай байж магадгүй гээд орон нутгаас нь ХСҮТ рүү илгээжээ. Түүний шинжилгээг ЭХО-ны хариутай тулгасны дараа мэс заслын эмч Р.Мөнхбат “Таны шинжилгээнээс харахад хорт хавдрын шинж тэмдэг байна. Гурав хоногийн дараа манайд ирж эдийн шинжилгээ өгөөрэй. Тэр хариуг харж байгаад бид танд хими эмчилгээ хийх эсэхээ шийднэ” гэв. Хорт хавдар гэдэг үгийг сонсонгуутаа хөөрхий бүсгүй уртаар санаа алдаж, “Би мэс засал хийлгээд энэ муухай өвчнөөс салж, эдгэрнэ гэж бодоод байгаа шүү дээ, эмч минь” хэмээн зангирсан хоолойгоор горьдонгуй хэлэв. Хариуд нь “Бид танд шууд мэс засал хийнэ гэж хэлж чадахгүй. Шинжилгээний хариугаар бүх зүйл шийдэгдэнэ” гэх эмчийн үг ямар утгатай болохыг сайн мэдэхийн хувьд бүсгүйг их өрөвдлөө. Хүзүүндээ зүүсэн томоо бурхнаа үнсэн залбирсаар нөхрийн хамт өрөөнөөс гарах тэдний араас оочерлосон хүмүүсийн дахиад хэчнээн нь ийм хариу сонсохыг төсөөлөхөд бэрх.
2009 онд хөөрхий ээж минь мөн л ийм хариу сонсоод эмчийн өрөөнөөс гарахдаа өөрийгөө ямар их “барьж” байсан нь нүдэнд харагдав. Ээж минь амьдралд дэндүү хайртай хүн байсан. Бас хэзээ ч хэн нэгэнд ялархаж байгаагүй. Ходоодны хорт хавдар нь эцсийн шатандаа орсон тул 2-3 курс химийн эмчилгээ хийлгэхийг эмч зөвлөсөн юм. Тэгэхэд “Хоёулаа өглөө эртхэн эмнэлэг дээр очоод, нэг хоёр хүний ч гэсэн өмнө орж үзүүлье” гээд эрүүл саруул миний урд орчихсон алхаж явдагсан. Гэвч хорт хавдар гэдэг өвчин өөрийн гэсэн хатуу хуультай юм билээ. Хорт хавдраас урьдчилан сэргийлэхгүй бол, оношлуулж, эмчл үүлэхгүй явсаар хугацаа алдах л юм бол чи тийм их сэтгэлийн тэнхээгээр амьдралыг хайрласан ч оройтсон байх болно гэдгийг тэгэхэд ухаарч билээ. Зөвлөлгөөний үеэр ч эмч нарын амнаас иймэрх үү зүйл цухалзаж байв. Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн мэс заслын эмч Э.Тайванбаатар “Элэгний хорт хавдрын шалтгааныг хүмүүс зөвхөн В, С вирусийн халдвартай холбож ойлгодог. Үүнээс гадна хүнсний бүтээгдэхүүнд анхаарах хэрэгтэй. Жишээ нь, хадгалалтын горим алдагдсан, мөөгөнцөртөж муудсан, хугацаа хэтэрсэн элдэв бүтээгдэхүүн, архи зэрэг нь элэгний эсийн генийг өөрчилж хорт хавдар үүсгэж байна. Мөн янз бүрийн хүнсний нэмэлт бүтээгдэх үүн, сүлжээний янз бүрийн эм бэлдмэл элгэнд өөрчл өлт оруулдаг” хэмээв. Харин Р.Мөнхбат эмч “Элэгний хорт хавдрын өвчлөлөөрөө манайх дэлхийд тэргүүлж байгаа учраас бидний ачаалал маш их байдаг. Сүүлийн хоёр жилийн байдлаар манай улсад нийтдээ 3500- гаад хүн элэгний хорт хавдартай гэж оношлогдсон. Энэ бол дэлхийн дунджаас зургаа дахин их үзүүлэлт учраас яаралтай менежмент хийж, ахиухан хөрөнгө гаргаж шийдэх асуудлын тэргүүнд байх ёстой зүйл юм. Элэг, цөс, нойр булчирхайн зарим том мэс ажилбарууд бүтэн өдөржин үргэлжилдэг учраас зөвхөн манай тасгийн гэлтгүй өөр тасгуудын хагалгаа ч хүлээгддэг” гэлээ.
11.15 цаг. Эмнэлгийнх нь өргөтгөлийн байрны санх үүгийн асуудлыг УИХ-аар хэлэлцэх гэж байгаа тул ойрд энэ асуудалд гол анхаарлаа хандуулаад завгүй яваа ХСҮТ-ийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар ажил дээрээ ирснийг дуулаад өрөөнд нь орлоо. Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт үед нь оношлох, чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээ үзүүлэх гэдэг бол дан ганц эмнэлгээс бус, хувь хүн, төр засаг, олон нийтийн байгууллага гээд олон зүйлээс шалтгаалдгийг тэрбээр хэлсэн. “Эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахад санхүүгийн асуудал хамгийн чухал. Шинэ арга технологи нэвтрүүлэх болгонд эмч мэргэжилтнүүдийг сургах, түүнд шаардлагатай тоног төхөөрөмж, эм тариа авах гээд цаана нь байнга мөнгө яригдаж байдаг. Улсын эмнэлгүүдийн санхүүжилт бага багаар нэмэгдэж байгаа ч үндсэн ачааллыг бууруулахад тэр нь хангалтг үй байна. Бид эмнэлгийнхээ өргөтгөлийн байрыг ирэх жил ашиглалтад орчих болов уу гэж их найдаж байгаа. Энэ байр ашиглалтад орвол манай эмнэлгийн ачаалал 30 хувиар буурна. Тэр хэрээрээ ард иргэдийн хүлээгдэл багасна гэсэн үг. Бас үйлчилгээний чанарт ч нөл өөлнө. Учир нь Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн долоон сая еврогийн төсөв бүхий тоног төхөөрөмжөөр хангах төслийн гэрээ байгуулагдсан байгаа. Гэтэл өргөтгөл маань баригдахгүй удаад байвал тэр төсөл хэрэгжихэд хүндрэлтэй болно” хэмээн Л.Төмөрбаатар захирал ярилаа.
Хорт хавдрын эмчилгээний зардлыг төр хариуцна гэж хуульчилсан хэрнээ хэлсэндээ хүрч чадахгүй, хангалттай санхүүжилт өгөхгүй байгаа нь ард түмнийхээ эрүүл мэндэд улс анхаарахгүй байна гэж үзэхээс өөр аргагүй. Харин ч монголчууд хэрийн зүйл дээр дуугараад байдаггүй тэвчээртэй улс тулдаа хавдрынхан эдгээр он жилүүдэд энэ том ачааг өдий зэрэгтэй өргөж тээж явсан биз. Төр засгийн зүгээс ядаж хорт хавдрын эмчилгээний зардлын зарим хэсэг буюу өндөр өртөгтэй хагалгаа, химийн болон хөнгөвчлөх эмчилгээ зэргийг эрүүл мэндийн даатгалд хамруулдаг болчихвол хаа хаанаа байдал харьцангуй дээрдэнэ гэдгийг эмч, эмнэлгийн удирдлагууд хэлж байв. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэдэн хувийг эрүүл мэндийн чиглэлд зарцуулж байгаагаас тухайн салбарын чанар, хүртээмж шалтгаалдаг гэнэ. Дэлхийн улсуудын жишгээр ДНБ-ий 5-6 хувийг эрүүл мэндийн салбартаа зарцуулбал эмнэлгийн тусламж үйлчилгээ нь боломжийн түвшинд байна гэж үздэг аж. Харин манайд ДНБ-ий ердөө гурван хувь буюу гаднын орнуудаас хоёр дахин бага мөнгө зарцуулдаг учраас эрүүл мэндийн салбар үргэлж асуудал дагуулж “чихнээс хонх уядаг” байх нь. Ядаж л дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг хавдартай хүнээ хэвтүүлэн эмчлэх ороо зориулалтаар нь ажиллуулах, ХСҮТ-өөс явуулсан өвчтөнүүдэд хөнгөвчлөх эмчилгээ хийх боломж нөхцөлөөр нь хангах шаардлага нэн түрүүнд тулгарчээ. Орон нутгийн эмнэлгүүдэд хавдрын эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд зориулсан таван ортой тасаг байх ёстой гэсэн сайдын тушаал байдаг ч өдгөө нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд долоохон ор байдаг гэхээр энэ ажил лав цаасан дээр үлдсэн гэдэг нь илэрхий. Хорт хавдартай хүнийг эмчиллээ гээд даатгалаас ямар ч мөнгө орж ирэхгүй учраас орон нутгийн ч, хувийн ч эмнэлгүүд цааргалдаг байна.
12.05 цаг. ХСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээний сургалтын албаны дарга Ц.Бадамсүрэн чихэнд чимэгтэй сайхан мэдээ дуулгав. Хорт хавдрын өвчлөлийн гуравны нэгээс сэргийлэх боломжтой, нас баралтыг 40 хувиар бууруулж болно гэсэн ДЭМБ-ын судлаачдын гаргасан хамгийн сүүлийн үеийн судалгаа хэнд ч таатай сонсогдох нь дамжиггүй. Хорт хавдар үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлсийн ердөө 10-15 хувь нь удамшлын гаралтай байдаг учраас үлдсэн бүх боломж нь хүн таны гарт байна гэсэн үг. Тиймээс бүх зүйлийг эмнэлэгт, төр засагт найдаад “Эд нар намайг эмчлэх ёстой” гэсэн хандлагаар биеэ зөнд нь орхих бус, “Би яавал хорт хавдраар өвчлөхгүй байж болох вэ” гэдгийг иргэн хүн өөрөө ухаарч, урьдчилан сэргийлэх нь чухал. Төр, бизнесийн болон олон нийтийн байгууллагуудтай хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян” зэрэг сургалт, сурталчилгааны томоохон ажлууд сүүлийн жилүүдэд хийж байгаатай холбоотойгоор хавдрын талаарх хүмүүсийн ойлголт нэлээд өөрчлөгдөж буйг эмч нар хэлсэн. Хавдрын өвчл өл жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь нэг талаар харамсалтай тоо баримт боловч нөгөө талаар урьдчилан сэргийлэх, эрт оношлох ажлууд сайн хийгдэж буйн илрэл аж. “Хорт хавдар үүсгэдэг хүчин зүйлсийг халдварын болон халдварын бус гаралтай, хүрээлэн буй орчны гэж гурван бүлэгт хуваадаг.
Элэгний В, С вирус, ходоодны хеликобактер, хүний хөхөнцөр вирусийн халдвар нь хорт хавдрын урьтал нөхцөл болдог учраас эдгээрээс урьдчилан сэргийлэх арга замыг мэдэх хэрэгтэй. Халдварын бус гаралтай буюу эрүүл аж төрөх зан үйлтэй холбоотой хүчин зүйлсэд зохисгүй хооллолтоос эхлээд хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ, цусан дахь саахар болон холестерин ихсэх, илүүдэл жин гээд бидний “буруу, болохгүй” гэдгийг нь сайн мэддэг зүйлс ордог. Өнгөрсөн жилийн судалгаанаас харахад манай эрэгтэйчүүдийн 49.1 хувь нь тамхи татдаг, 37.5 хувь нь сард зургаагаас дээш удаа архи хэтрүүлэн хэрэглэсэн байдаг. Энэ мэт хорт зуршлаа багасгаж, эрүүл амьдралын хэв маягт суралцахгүй бол хавдрын өвчл өл буурахгүй. Хорт хавдар хэдхэн жилийн дотор үүсчихдэг өвчин биш” хэмээн Ц.Бадамс үрэн дарга ярив.
12.45 цаг. Хорт хавдраар зовж шаналж буй хүмүүсийн биеийг илааршуулахаас гадна сэтгэлийг анагаах үйлчилгээ аль ч оронд байдаг. Бид ХСҮТ-ийн сэтгэл зүйч Ч.Аззаяагийн өрөөгөөр орлоо. Жижиг ч гэсэн саруул, цэмцгэр, тохижилт сайтай энэ өрөөнд хөнгөвчлөх эмчилгээ хийлгэж буй хүмүүсээс гадна нойргүйдэлтэй, сэтгэл гутралтай, айдастай өвчтөн үүд ирж зөвлөгөө авдаг юм байна. Өнгөрсөн долоо хоногт Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн эмч нарын зөвлөлгөөний үеэр хорт хавдартай гэдгээ мэдээд цочирдож хямарсан олон өвчтөн эднийд ирж тайвширсан тухай эмч хэлэв. Дэмжих үйлчилгээ гэж нэрлэдэг энэхүү ажлыг сэтгэлзүйч, хоолзүйч, нийгмийн ажилтан гэсэн гурван мэргэжилтэн эрхлэн явуулдаг аж. Олон хүнд хорт хавдраа даван туулахад нь сэтгэлийн дэм өгсөөр ирсэн тэдний нэг хамтрагч биднийг очиход ирсэн байж таарав.
Д.Мөнх-Эрдэнэ хэмээх энэ бүсгүй 2005 онд умайн хүзүүний хорт хавдартай анх тус эмнэлэгт ирж, жил орчим хими, туяа эмчилгээ хавсран хийлгэснээр эдгэжээ. Тэрбээр “Хорт хавдартай гэж анх сонсоход тэнгэр нураад ирэх шиг л болсон. Гэхдээ би тууштай, тэвчээртэй эмчилгээгээ хийлгэвэл эрт, орой нэгэн цагт эдгэнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Өвчнөө даван туулахын тулд 50 хувь нь тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалдаг гэж би боддог. Одоо ч гэсэн би аминдаа их хайртай. Аль болохоор даарахгүй байхыг хичээж, дархлаагаа сулруулахгүйн тулд өөрийгөө их бөөцийлдөг. Хүмүүс эмчилгээ хийлгээд эдгэлээ л бол тэгээд орхичих гээд байдаг. Эмчилгээний дараа гам сайн барих л их чухал” хэмээн сэтгэлээ уудлав. Энэ бүсгүй зөвхөн өөрөө эдгэрээд зогсоогүй, өрөөлийг өвчнөө даван туулахад нь туслах зорилгоор нийгмийн ажилтны мэргэжил эзэмшиж, хүмүүст зөвлөгөө өгдөг болжээ. Бас энэ өрөөний доторх ихэнх тоглоом, бэлэг дурсгалын зүйлийг тэр шүрээр хэлхэж өгсөн аж.
14.20 цаг. Мэс заслын өрөөнүүдээр орж ажил байдалтай нь товч танилцлаа. Толгой, хүзүүний мэс заслын тасгийнхан арьсны хорт хавдартай эмэгтэйд хагалгаа хийхэд бэлэн болжээ. Энэ нь өнөөдрийн гурав дахь хагалгаа бөгөөд арьсны хорт хавдартай хүмүүст хийх мэс ажилбар 10 хүртэл цагаар үргэлжлэх нь бий гэдгийг тасгийн их эмч С.Денис хэлсэн. Арьсны хорт хавдар гэдэг нь нарны хэт ягаан туяанаас хамгаалах хэрэгсэлгүй гадуур их явдаг болон шороо тоостой нөхцөлд ажилладаг хүмүүст зонхилон тохиолддог ч манайхан энэ талаар сайн мэддэггүй учраас харшилтай андуурч явсаар өвчнөө хүндрүүлдэг гэнэ. Энэ өвчтөний тухайд гэхэд л өрөөсөн нүдээ хараагүй болох хүртлээ хорт хавдартай гэдгээ мэдээгүй явжээ. Дахиад жаахан л оройтсон бол тархи мэдрэлийн системд нөлөөлж амь насанд нь хүртэл аюул учрах байсныг яахин мэдэх билээ. Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийнхан өндгөвчний хорт хавдартай эмэгтэйд хагалгаа хийгээд цаг гучин минут болж байгаа бол Ерөнхий мэс заслын тасгийнхан ходоодны хорт хавдартай хүнийг өвчнөөс нь салгажээ. Гэхдээ цаана нь дахиад хэд хэдэн хагалгаа хүлээгдэж буй гэнэ.
15.10 цаг. Туяа эмчилгээний тасагт бага насны гурван хүүхэд хэвтэж байв. Арай томчууд нь өдрийн хими, туяа эмчилгээнд яваад, зарим нь эмнэлгээс гарсан тул өнөө өглөө тэднийг нэг тасагт оруулжээ. Чихний хорт хавдар нь эцсийн шатандаа орж, цаг алдаж ирсэн гурван настай хүүг аав нь сахиж байв. Дунд талын орон дээр хэвтэж буй тав, зургаа орчим насны охин харин тархины хорт хавдраа мэс заслаар авахуулж амжжээ. Гурав дахь нь Сэлэнгэ аймгаас ирсэн, ой долоон сартай, савны хорт хавдартай охин. Азаар хавдрыг эрт үед нь оношилж, есөн удаа химийн эмчилгээ хийснээр одоо мэс засал хийж болохтойгоо болжээ. Гэмгүй нялх үрс маань хорт хавдар тусаж буй шалтгаан олон янз ч гэлээ юуны өмнө хүрээлэн буй орчны нөлөөг багасгах, эцэг, эхчүүд буруу зуршлаасаа татгалзахаас эхлээд өдөр тутам хэрэглэж байгаа хүнснийхээ чанар, аюулгүй байдлыг шалгах зэргээр анхаарч эхэлбэл өвчлөл буурах боломжтой гэсэн. Нэг сайхан мэдээ дуулгахад ХСҮТ хүүхдийн хавдрын чиглэлээр эмч, мэргэжилтэн мэргэшүүлж байгаа аж.
16.05 цаг. “Хавдар судлалын туяа эмчилгээний аппарат эвдэрчээ” гэдэг мэдээлэл олон хүнд айдас түгшүүр төрүүлсэн. Харин одоо тэнд ЭМЯ-ны шугамаар туяа эмчилгээний шинэ аппарат суурилуулж буйгаа Туяа эмчилгээний тасгийн эрхлэгч Г.Одонтуяа хэлсэн. Ганц аппарат долоо, найман жилийн турш “нуруугаа автал” зүтгэсэн учраас ачааллыг нь ийнхүү хуваалцуулахаар болжээ. Энэхүү аппарат нь цацраг идэвхит үүсгүүртэй учраас АНУ-аас онгоцоор тээвэрлэж авчрах, хил гаалиар нэвтрүүлэх зэрэг асуудал удааширсаар сар гаруйн өмнө Монголд иржээ. Өдгөө олон улсын хөндлөнгийн шинжээч нар уг аппаратаас ялгарах цацраг туяаг хэмжих ажил хийж байгаа гэнэ. Цацраг туяа өвчтөн болон эмнэлгийн ажилтнууд, орчин тойронд аюулгүй гэсэн дүгнэлт гарсны дараа Цөмийн энергийн газрынхан эмчилгээ, үйлчилгээнд ашиглах зөвшөөрөл олгох юм байна. “Хоёр аппарат зэрэг ажиллалаа гээд өвчтөнүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжирч, хүлээлтийг багасгах ч гэлээ энэ нь манайд туяа эмчилгээний асуудал бүрэн шийдэгдсэн гэсэн үг биш.
Өнөөдөр дэлхий дахинд одоо цацраг идэвхт үүсгүүртэй аппаратын хэрэглээг багасгаж, шугаман хурдасгуурын үүсгүүртэйг сонгох болсон. Манайх ч гэсэн Монгол, Австри хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр тийм шугаман хурдасгуурын хоёр аппарат авчирч, эмчилгээ оношлогоондоо ашиглах гэж байгаа. Гэвч тэдгээр шинэ аппаратыг суурилуулахын тулд наана нь эхлээд өргөтг өлийн байраа барьж ашиглалтад оруулах шаардлагатай. Тусгай зориулалтын байр шаарддаг учраас барилгын ажил нь ингээд царцсан хэвээрээ байгаад байвал хайран аппаратуудаа авч чадахгүй болчих вий гэж эмээх юм” хэмээн Г.Одонтуяа эрхлэгч санаа зовж буйгаа нуусанг үй. Хавдрын эмнэлгийн энэ байр 1981 онд ашиглалтад орсон. Гэтэл тэр үеэс хойш манай хүн амын тоо хэрхэн өсөв, хавдрын өвчлөл хэд дахин нэмэгдсэн билээ.
16.40 цаг. ХСҮТ-ийн отгон тасаг бол өнгөрсөн хоёрдугаар сард байгуулагдсан Цээжний хөндийн мэс заслынх. Уушги, улаан хоолой, голтын болон хөхний хорт хавдрын чиглэлээр үзлэг оношилгоо, мэс заслын эмчилгээ хийдэг тус тасгийнхан одоохондоо өөрийн гэсэн хагалгааны өрөөгүй учраас бусдынхаа цаг завыг “царайчлахаас” өөр аргагүй. Өнөөх алдартай өрг өтгөлийн байр нь ашиглалтад орчихвол эднийхэн бусдадаа ч садаа болохгүй, өөрсдөө ч хагалгаагаа эрт дуусгаад харих боломжтой гэсэн. Улаанбаатарын агаарын бохирдол аюултай хэмжээг давж, тэр хэрээрээ уушги, улаан хоолойны өвчлөл, цаашлаад энэ төрлийн хорт хавдар нэмэгдэх хандлагатай болж байгаа учраас энэ тасгийг байгуулжээ. Гэтэл байр сав хүрэлцээг үйн улмаас тэднийгээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж дөнгөхгүй байгааг тасгийн эрхлэгч Б.Ганзориг ярилаа. Тэрбээр “Одоогоор бид бусад тасгийнхантайгаа зохицоод өрөөнд нь хагалгаа хийж болоод байна. Гэвч манай тасгийн ачаалал цаашдаа улам нэмэгдэнэ. Агаарын бохирдол одоогоор хүмүүсийг шууд хорт хавдартай болгоод байгаа юм байхгүй ч 20 жилийн дараа гэхэд Монголд маш олон хүн уушгины хавдраар өвчлөх болно. Бас өнөөдөр манайханд хамгийн их тулгарч буй хорт зуршил, зохисгүй хооллолт, таргалалт гурав нь улаан хоолойн хорт хавдар үүсгэдэг гол хүчин зүйл. Тиймээс эдгээр өвчнийг эрт үед нь оношилж, хорт хавдрыг мэс заслын аргаар бүр мөсөн эмчлэх шаардлага бүр ч нэмэгдэнэ” гэв.
17.10 цаг. Ингээд нэг өдрийн ажил дуусаж, шөнийн ээлжнийхэн ажлаа хүлээлцэхээр ирцгээв. Харин мэс заслын тасгийнхны ажил дуусах яагаа ч үгүй. Хагалгааны дөрвөн өрөөний аль нэг нь түрүүлж сулрахаар Цээжний хөндийн мэс заслын тасгийнхны ажил эхэлнэ. Өргөтгөлийн байраа ашиглалтад оруулчихвал хамгийн сүүлийн үеийн дэвшилт тоног төхөөрөмж авчрах юм чинь гээд бухын доодохыг харсаар үнэг шиг турж үхэх эрх хавдрынханд үгүй. Тиймээс тэд бүхий л боломж бололцоогоо ашиглан ард түмэндээ эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхийг хичээж байна.
Л.ГАНЧИМЭГ