Тухайн орныхоо хэлээр ярьдаггүй юм аа гэхэд англи хэлгүй бол гадаадын аль нэг улсад очих ямар байдаг билээ. Авах, хийх, очих гээд ер юу хүссэн бүхнээ илэрхийлж чадахгүй байх ямар бухимдмаар гээч. Монголын сонсголгүй иргэд насан туршдаа ийм бухимдалтай амьдардаг. Манай улсын хүн амын гурван хувь нь, мөн 12.000 гаруй иргэн сонсголын бэрхшээлтэй гэсэн зөрүүтэй тоо байна. 12.000 гэдэг нь 2010 оны хүн ам, орон сууцны тооллогоос гарсан дүн. Үүний цаана илрээгүй олон хүн бий гэдгийг албаныхан онцолсон. Манайхан дохионы хэлийг дохио, зангаа төдийхнөөр ойлгодог. Үнэн хэрэгтээ дохионы хэл бол бие даасан хэл юм. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн эх хэл нь дохионы, хоёр дахь нь бичгийн хэл байдаг. АНУ-д л гэхэд албан ёсны хэлээ англи, хоёр дахиа испани, гурав дахиа америк дохионы хэл гэж хуульчилж өгчээ. Өөрөөр хэлбэл, дохионы хэлийг сонсголгүй иргэдийн төрөлх хэл гэж хүлээн зөвшөөрч, боловсрол эзэмшихэд нь анхаардаг гэсэн үг.
Харин манайд монгол дохионы хэлийг бие даасан хэл, сонсголгүй иргэдийн харилцааны гол хэрэглүүр гэж ойлгож, хүлээн зөвшөөрөх нийгмийн сэтгэл зүй бүрдээгүй. Дохионы хэлмэрч, орчуулагч гэдэг нь хоёр өөр ойлголт. Дохионы хэлнээс монгол хэл рүү, эсвэл монгол хэлнээс дохионы хэл рүү орчуулдаг хүнийг хэлмэрч, монгол дохионы хэлнээс гадаад хэл болон өөр дохионы хэл рүү орчуулдаг бол орчуулагч гэдэг байна. Манай улс бодлогоор 1980-аад оноос дохионы хэлний мэргэжлийн хэлмэрч, орчуулагчдыг бэлтгэж эхэлсэн ч өдгөө улсын хэмжээнд албан ёсны гэрчилгээтэй нь дөнгөж 30 орчим л байна. Сонсголгүй хүмүүсийг нийгэмтэй холбох гүүр болсон хэлмэрч байхгүй учраас хүмүүс тэднийг тэнэг, мангар гэж ойлгодог. Гадаадад бол үйлчилгээний ажилтан дохионы хэл мэддэг бол давуу тал болно. Манай хууль, цагдаа, эмнэлэг зэрэг хэлмэрч зайлшгүй байх ёстой байгууллагууд нь хүртэл хэлмэрчгүйгээс сонсголгүй иргэд хуулийн болоод эмнэлгийн үйлчилгээ авч чаддаггүй. Түүнчлэн бусадтай харилцахад хэлмэрч дутагддагаас сурах, мэргэжил эзэмших, ажил хийхэд бэрхшээлтэй байдаг. Үүнээс гадна сонсголгүй иргэд хууль эрх зүйн мэдлэг дулимгаасаа болоод эрхээ хамгаалж чадахгүй байх, гэмт хэрэгт холбогдох, хүний наймааны золиос болох ч тохиолдол бий. Иймээс ч төрийн үйлчилгээний ажилтнуудад зориулан 3-10 хоногийн дохионы хэлний анхан шатны сургалт зохион байгуулдаг байна.
Хэлмэрчийн сургалт явуулдаг хэд хэдэн байгууллага манайд байдаг ч стандартын дагуу, албан ёсны дохио зааж байна уу гэдэг нь эргэлзээтэй, түүнд тавих хяналт байдаггүй. Дохионы хэлийг гурван хоног заан, сургагч багш бэлтгэдэг газар ч бий гэнэ. Энэ нь англи хэлийг гурван хоногт зааж байгаатай ялгаагүй юм. Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын хэрэгцээ их байдаг ч төрөөс ямар нэгэн дэмжлэг байхгүй, тэднийг бэлтгэх, ажиллуулах хууль эрх зүйн орчин бүрдээгүйгээс сурах хүсэлтэй хүн цөөн байдаг. Ихэнхдээ сонсголгүй иргэдийн гэр бүлийнхэн л сурдаг аж. Олон улсын стандартад дохионы хэлмэрчийн орчуулга хийх хугацаа 20 минут байдаг бол манайд хэлмэрч хүрэлцээгүйгээс 4-5 цаг орчуулга хийх нь ч бий. Түүнчлэн манайд сонсголгүй иргэдийн мэдээлэл авах орчин хязгаарлагдмал. Хөгжингүй орнууд ийм иргэдээ хэлний цөөнх гэж үзэн мэдээллийг хүртээмжтэй байлгах үүднээс эфирээ дохионы хэлний хэлмэрчтэй, эсвэл субтитртэйгээр цацдаг. Субтитр гэдэг нь тухайн хүний хэлж байгаа үг, цаана нь дуугарч байгаа дуу чимээг сонсголгүй хүнд бичгээр тайлбарлахыг хэлж буй юм.
Манайд субтитртэй нэг ч нэвтрүүлэг байхгүй. Харин зөвхөн МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр дохионы хэлмэрчтэй. Гэвч хэлмэрчийг тээр доор буланд, дэлгэцийн бараг 10 хуваасны нэгд байрлуулснаас гарын хөдөлгөөн, царай төрх нь харагддаггүй тул дохиог нь ойлгоход хүндрэлтэй. Зарим тохиолдолд урсдаг зар хэлмэрчийг хаадаг гэнэ. Уг нь олон улсад үүнийг заасан стандарт бий. Хэлмэрчийн толгой бүхлээрээ, хүйснээс доош дөрвөн хуруу бие эфирт харагдах ёстой. Тэгж байж бүх дохио дэлгэцэнд багтана. Эс бөгөөс дохио нь хүн үгээ гүйцээлгүй, дутуу хэлж байгаа мэт уншигдана. Францад л гэхэд хэлмэрч нь нэвтрүүлэгчтэй зэрэгцэн дэлгэцийн 1/2 зайд орчуулга хийдэг байна. Хүний эрхийг хэр их дээдэлж, хүндэлж байна гэдгийг тухайн улсын телевизийн дохионы хэлмэрчээс харж болдог гэнэ. Манайд харин мэдээлэл авах орчин, хэлмэрч хангалтгүй учраас тэд мэдээллээс хоцорсоор буй. Орон нутгийн телевизийнхэн “Дохионы хэлний хэлмэрч бэлтгэмээр байна. Хэдэн хоногт бэлтгэх вэ” гэж асуудаг гэнэ. Хэдэн хоногт гадаад хэл сурч, орчуулга хийж чаддаг болох вэ гэдэгтэй энэ нь адил асуулт. Дохионы хэлмэрч болоход хэдхэн хоног биш, чамгүй хугацаа шаардлагатайг холбогдох хүмүүс хэлж байлаа.
Сайн мэдээ гэвэл Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хуулийн төслийг ХАХНХЯ боловсруулжээ. Үүнд арилжааны телевизүүд дохионы хэлний орчуулагчтай, эсвэл субтитртэй байх шаардлагатай гэж тусгажээ. Муу нь энэ хуулийн төслийг АНУын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хуульд ойртуулж чадаагүй гэнэ. Зөвхөн манай хуулиудад байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой заалтуудыг л нэгтгэсэн юм байна. Өдгөө тус хуулийн төсөлд яамдаас санал авч байгаа бөгөөд ирэх сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ