Сонсголгүй иргэдэд хэлмэрч хийж байсан хүмүүс нэгдэн 2011 онд Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо төрийн бус байгууллага байгуулжээ. Тус холбоо өнгөрсөн онд Дэлхийн дохионы хэлний орчуулагчдын холбоонд гишүүнээр элсэн, өдгөө дэлхийд дохионы хэлний хэлмэрчдийг ямар арга зүй, стандартаар бэлтгэж байгаа, тэр жишгийн дагуу хэлмэрч бэлтгэж байна. 2013 оноос Финландын ФЛОМ байгууллага, Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо, Монголын дүлий иргэдийн үндэсний холбоотой хамтран “Сонсголгүй иргэдийн төрийн бус байгууллагыг чадавхжуулснаар нийт сонсголгүй иргэдийг идэвхжүүлэх” хоёр жилийн төсөл хэрэгжүүлж буй. Ийн 50 гаруй хэлмэрч, орчуулагчийг гурван түвшний сургалтаар бэлтгэж байгаа аж. Төслийг Финландын Гадаад хэргийн яам санхүүжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд Сонсголгүй иргэдийн мэдээллийн төв үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбооны тэргүүн Л.Соёлмаатай ярилцлаа.
-Дохионы хэлмэрчдийг бэлтгэхэд юу шаардлагатай байна вэ?
-Хууль эрх зүйн орчин, хүний нөөц л хэрэгтэй байна. Дохионы хэлмэрч, орчуулагчдыг олон улсад ч манайхтай адил сайн дураар, төслийн хүрээнд бэлтгэдэг. Дохионы хэл заах багш нь сонсголгүй хүн байвал зүгээр гэсэн олон улсын зөвлөмж бий. Бид сонсголгүй хүмүүсийг багш болгож бэлтгэх төсөл хэрэгжүүлж байна. Дохионы хэлний үгийн баялаг арвин. Гэвч дохиог үгжүүлэх ажил бараг хийгдэхгүй байна. Уг нь энэ үгийг ийм дохиогоор илэрхийлнэ гэдгийг дохионы хэл шинжээч, орчуулагч, сонсголгүй иргэд хамтарч хийх ёстой. 1990 оноос хойш манайд компьютер, зах зээлийн эдийн засаг гэх мэт шинэ үг нэмэгдсэн. Тэр үед бид сонсголгүй иргэдийн нас насны төлөөлөлтэй уулзан, эдгээр үгийг дохиогоор яаж илэрхийлэх вэ гэдгийг шийдэхээр монгол хэлний тайлбар толиноос тайлбарыг нь харж байгаад шинэ дохио гаргасан. Үүнийг үг дохиожуулах гэдэг.
-Хэдэн жил сурч байж хэлмэрч болох вэ?
-Дохионы хэлний албан ёсны хэлмэрч, орчуулагч бэлтгэхэд дөрвөн жил шаардлагатай. Хамгийн багадаа гурван жил хэрэгтэй.
-Танай дохионы хэлний сургалт ямар төлбөртэй вэ?
-Төслийн хүрээнд сургалт үнэ төлбөргүй явагддаг.
-Цаашид их, дээд сургуулиудтай хамтарч ажиллах уу?
-20 жилийн өмнө байсан бол МУБИС-ийн хэл шинжлэлд суурилж, хамтран ажиллаж болох байсан. Одоо орчуулагч, хэлмэрч нар сонсголгүй хүнийг дагаж явахаа больсон. Тусгай утсаар дүрсээ харан ярилцаж, сонсголгүй иргэнд орчуулга хийж өгдөг үйлчилгээ олон улсад бий болсон. Бид энэ үйлчилгээг Монголд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Хамтарч ажиллах Мэдээлэл харилцаа, технологийн сургууль байх юм бол мэдээллийн технологид суурилсан орчуулагч, хэлмэрч бэлтгэх сонирхол бий.
-Монгол дохионы хэл хэрхэн үүссэн юм бол?
-Манайх дохионы үсгээ Оросоос авсан байдаг. Ө, ү үсэг орос хэлэнд байдаггүй учраас өөрсдөө зохиосон. Гэхдээ яг орос дохионы хэлнээс үүсээгүй, европ дохионы хэлний үндэстэй. Улаан-Үдийн дохионы хэлийг Улаанбаатарт хэрэглэгдэж байгаа дохионы хэлтэй судалгааны аргаар харьцуулж үзэхэд адил төстэй дохио 100-гаас 17 байсан. Ижил төстэй зүйл 20 хүрэхгүй байна гэдэг энэ хоёр дохионы хэл хоёр өөр хэлний аймгаас гаралтайг харуулдаг. Хамгийн ойр байж болох дохионы хэлнээсээ өөр байна гэдэг бол монгол дохионы хэл бие даасан хэл гэдгийг илтгэж байгаа юм.