Монголын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Германы археологийн хүрээлэн, МУИС хамтран Хархорум хотын туурьт өнгөрсөн зун малтлага хийжээ. Уг судалгааны үр дүн, олдвороосоо өчигдөр танилцууллаа. Хархорумын их хэрмийн дотор, баруун өмнөд өнцөгт орших тусгай цогцолборын төвд байсан барилгын үлдэгдлийг Оросын археологич, професор С.В.Киселевээр ахлуулсан Монгол, Зөвлөлтийн судалгааны анги 1948-1949 онд малтаж, Өгөөдэй хааны “Түмэн амгалант ордон” хэмээн тодорхойлсон байдаг. Гэтэл Монгол, Германы хамтарсан археологийн судалгааны үр дүнд үүнийг хааны ордон бус шашны аварга том сүмийн үлдэгдэл болохыг баримтаар нотолжээ. Тодруулбал, 1235-1236 онд суурийг нь тавьж, 1256 онд дуусгасан, 1346 онд эзэн хааны зарлигаар Юань улсыг мандуулах асар буюу “Цогт их сүмийн гэр” хэмээн нэрлэж дурсгалын хөшөө босгосон сүм суварга байжээ. Тус хотын хамгийн анхны барилга байгууламжуудын нэг хэмээн энэ сүмийн талаар Юань улсын судар болон 1346 оны Хархорумын бичээст тэмдэглэсэн байдаг гэнэ.
Цогтын их сүмийн гэр нь 64 баганатай, 99 метр өндөр, 38х38 метрийн хэмжээтэй том байгууламж байжээ. Язгуурын таван бурхны ивээл дор Их Монгол Улс үүрд мөнх мандан бадрахыг бэлгэдсэн уг сүмийн довжооны суурин дороос XIII зууны үед хаадын аравнайлсан шүншиг илрүүлжээ. Том вааран саванд шүншгээ хийж, амсрыг нь шавар тагаар тагласан байж. Шүншигт тариа будаа, төрөл бүрийн жимс, алтан утсаар урласан торгонд боосон есөн эрдэнэ байжээ. Үүнд алтан зоос хоёр, мөнгөн зоос гурав, шүр сувд, оюу, ган, зэс багтжээ. Есөн эрдэнээс бүрдсэн шүншиг нь бүтээн цогцолсон суварга шүтээнийг амилуулан тэтгэх бэлгэдэлтэй юм байна.
Торгонд боосон нэг алтан зоос нь Самаркандад хийлгэсэн Чингис хааны үеийнх бол мөнгөн зоос нь Мөнх хааны үед хамаарах эд аж. Уг олдворуудыг “Хархорум” музейд хадгалж байгаа бөгөөд Монгол, Германы эрдэмтэд судлах гэнэ. Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд уг сүмийн археологийн үлдэцийг хадгалах, ил музей болгох төсөл хэрэгжүүлж эхэлжээ.
Б.ДӨЛГӨӨН