Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжин, эко шошго олгодог. Тэгвэл энэхүү шошгын талаар тус танхимын Цэвэр хөгжил, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих газрын мэргэжилтэн Б.Оюунбатаас тодрууллаа.
-Эко шошгыг ямар шалгуураар, хэдэн байгууллагад олгоод байгаа вэ?
-Манайх байгальд ээлтэй зочид буудал, амралтын газруудад “Ногоон буудал”, байгалийн гаралтай бүтээгдэхүүнд “Органик бүтээгдэхүүн” гэсэн хоёр төрлийн эко шошго олгодог. Байгаль орчны сайд 2007 онд энэ журмыг гаргаснаас хойш өнгөрсөн жилийг хүртэл “Made in organic Mongolia”, “Ногоон навч” гэсэн шошго олгодог байсан. Үүнийг 24 байгууллага, 30 гаруй бүтээгдэхүүнд олгосон. Харин энэ жилээс загвар, шалгуур нь шинэчлэгдээд “Органик бүтээгдэхүүн”, “Ногоон буудал” гэсэн нэртэй болсон. Одоогоор шинэ шошго авсан байгууллага хараахан байхгүй байна. Гэхдээ “Монос” “Увс хүнс” зэрэг байгууллага материалаа бүрдүүлээд өгчихсөн. Хоёр төрлийн шошго байгаа учраас олон шалгууртай. Сонирхсон хүмүүс манай цахим хуудаснаас ороод шалгуурыг нь харж болно. Хамгийн гол нь үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ байгальд ээлтэй, байгалийн гаралтай гэдгийг батлах нь том шалгуур. Жишээлбэл, газар тариалан эрхэлдэг байгууллага химийн гаралтай бордоо ашиглаагүй гэдгээ сайн нотолж, баримт бичигтээ хавсарган өргөдөл ирүүлэх хэрэгтэй.
-Ямар нэг төлбөр хураамж төлөх үү?
-Манай танхимд мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн Органик бүтээгдэхүүний хөгжлийн зөвлөл байдаг. Өргөдөл ирүүлсэн байгууллагуудыг зөвлөлийн бүх гишүүн нягтлан шалгаж, батална. Ингээд шалгарсан байгууллага, хувь хүнтэй хоёр жилийн хугацаатай гэрээ хийнэ. Жилд нэг удаа танхимаас шалгалт хийж, сургалт зохион байгуулдаг. “Made in organic Mongolia” шошгыг ямар ч хураамжгүй олгодог байсан бол шинэчилсэн шошгуудыг бүртгэлийн болон жилийн хураамжтай болгож байгаа. Энэ хураамжаараа бид тэдгээр байгууллагыг олон нийтэд сурталчилна.
-Эко шошго хэрэглэж заншсан улс олон байдаг. Харин манай улсын хэрэглэгчид энэ талаар хэр мэдээлэлтэй байдаг бол?
-Эко шошгоны тухай хуульдаа тусгаж өгсөн улс олон байдаг. Иргэд нь үүнийг ямар ач холбогдолтой, байгалиа хэрхэн хамгаалж байгаа талаар бүрэн мэдээлэлтэй болохоор ийм шошготой бүтээгдэхүүн хэрэглээд сурчихдаг юм байна лээ. Харин манайд одоохондоо тийм хууль байхгүй. Бид цахим хэрэгсэл ашиглан мэдээлэл түгээж байна. Мөн “Ногоон хөгжил”, “Ногоон буудал” зэрэг сургалт зохион байгуулдаг. Түүнчлэн гишүүн байгууллагууд руу өдөр бүр шуудан илгээж мэдээлэл дамжуулдаг. Гэхдээ манай улсад эко шошгыг ганцхан МҮХАҮТ л олгож байна. Хуучнаар БОАЖЯ эко-тэмдэг гэж гаргаад хоёрхон байгууллагад олгосон. Одоо шинэчлээд удахгүй дахин олгох сурагтай. Тэгвэл хүсэлт ирүүлэх байгууллага нэмэгдэж, олон нийт эко шошгоны талаар мэдээлэлтэй болох байх.
-“Ногоон буудал” шошго авсан зочид буудал бусдаас юугаараа онцлог байх вэ?
-Зочид буудлууд бүтэн жил тасралтгүй, 24 цагаар үйлчлүүлэгч хүлээн авдаг. Тэгэхээр эрчим хүч, усны зарцуулалт, хог хаягдал маш их гарч таарна. Энэ нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс манай танхим “Ногоон эдийн засаг”-т шилжих дэлхий нийтийн санаачилгад нэгдэн, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг зочид буудлуудад “Ногоон буудал” эко шошго олгодог болсон. Энэ шошго 13 төрлийн шалгууртай, таван зэрэглэлээр олгодог. Жишээлбэл, орон дээрээ ногоон буудлын шошго тавих. Энэ нь орны цагаан даавуугаа солиулахгүй ахиж хэрэглэнэ гэсэн утгатай юм. Усаа хэмнэж байгаагийн илрэл гэх зэргээр байгальд халгүй үйл ажиллагаагаа баримтжуулж, зургийг нь авч материалдаа хавсаргах хэрэгтэй. Өргөдөл ирүүлсэн байгууллагыг манай зөвлөл шалгаж, үнэлгээ өгнө. Хамгийн өндөр үнэлгээ авсан байгууллага V зэрэглэлтэй болно гэсэн үг. Манайхаас гаргасан шалгуурт хамгийн анх Тэрэлжид байрладаг, зөвхөн гадаадын үйлчлүүлэгч хүлээж авдаг “Бүүвэйт” жуулчны бааз тэнцэж байсан.
Э.НЯМДУЛАМ