Зургаан сарын турш үргэлжилсэн ойн тооллогын хээрийн хайгуул судалгаа саяхан дуусчээ. Гэхдээ тооллогын эцсийн дүн ирэх оны III улиралд гарна. Ойн тооллогын онцлог, үр дүнгийн талаар БОНХЯ-ны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвийн Ойн нөөцийн судалгааны албаны дарга Х.Мичидтэй ярилцлаа.
-Манай улс анх 1956 онд ойгоо тоолжээ. Энэ удаагийнх хэд дэх нь вэ?
-Монгол орны ойн сан, түүний нөөц баялгийг анх хэзээ тоолж бүртгэсэн бэ гэдэг тун сонирхолтой сэдэв. Дэлхийн улс орнуудаас хамгийн анх буюу 100 жилийн өмнө Финланд ойгоо тоолсон байдаг. Тэд ойн сангаа нийт 11 удаа тоолжээ. Харин манай улс ойн сангаа 1956, 1974-1975 онд тоолсон. Энэ удаагийнх гурав дахь нь. 58 жилийн өмнөх тооллогоор манай улсын нутаг дэвсгэрийн 10 орчим хувь буюу 15 сая гаруй га талбайд ой мод ургадгийг тогтоож, ”БНМАУ-ын ойн нөөцийг үйлдвэрийн аргаар эзэмшин ашиглах ерөнхий схем”, “Ойн хортонтой тэмцэх арга хэмжээ” зэрэг ойн нөөцийн талаарх анхны чухал баримт бичиг боловсруулсан. Энэ ажлын үр дүнд манай улсын ойн сангийн талаарх албан ёсны анхны статистик мэдээ болон ойн сангийн зураг гарсан түүхтэй. Харин энэ онд олон зорилтот үндэсний тооллогыг эхлүүллээ.
-Ойг хэрхэн тоолдог юм бэ?
-Энэ удаагийн тооллогын зорилго нь ойн гурван бүс нутаг болон үндэсний хэмжээнд нэг га талбай ойн дундаж нөөц, биомассыг тодорхойлоход оршиж байна. Багц дээж талбай ойн хил дотор оршиж байгаа эсэхийг тогтооход “Ландсат найм ТМ” хиймэл дагуулын зураг ашигладаг. Биологийн төрөл зүйлийн тооллого, ойн бүтэц, “Улаан ном”-д бүртгэгдсэн нэн ховор ургамлын зүйлүүдийн судалгаа зэргийг тооллогын хамгийн бага буюу зургаан метр радиустай тойрогт явуулдаг.
-Нэгдсэн дүн нь хэзээ гарах вэ?
-Монгол орны шилмүүст, навчит ойг бүхэлд нь хамарсан нийт 4211 цэгт 12633 дээж талбай байгуулж, хээрийн хайгуул судалгаа хийж дуусаад, тооллогын эх материалыг хүлээн аваад байна. Одоо тоон хэлбэрт оруулах, цуглуулсан мэдээнд дүн шинжилгээ хийх ажил үлдсэн. Монгол орны ой хэр их хүлэмжийн хий шингээн, ялгаруулж буйг олон улсын шаардлагад нийцсэн арга аргачлалаар тодорхойлох юм. Одоо хяналтын давтан тооллогын баг ирэх дутуу байна. Ууланд цас орж, хүйтэн байгаа ч ойчид маань ажил үүргээ гүйцэтгэсээр яваа.
-Тооллого хийх явцад ямар бэрхшээл гарч байв?
-Ойд ажиллах сайхан ч хүнд хөдөлмөр. Хувь хүний болон багийн аюулгүй байдал хамгийн чухал. Хусны хачигт хазуулахаас эхлээд асуудал гардаг учраас ажилтнуудаа вакцинд хамруулсан. Дуу цахилгаантай бороотой үед газар зүйн солбицол тогтоогч GPS, модны өндөр, налуу, зай хэмжигч “Vertex” зэрэг багаж ажиллуулахгүй байх даалгавар өгсөн. Өмнө нь нэг мэргэжилтэн маань GPS ажиллуулж байгаад цахилгаанд цохиулж, хөдөлмөрийн чадвараа тодорхой хугацаанд алдсан харамсалтай явдал тохиолдсон.
-Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс 5.7, улсын төсвөөс нэг тэрбум төгрөг ойн тооллогод зарцуулжээ. Ийм их мөнгө шаардлагатай байдаг юм уу?
-Энэ тооллогоор дан ганц мод тоолдоггүй, биомасс, амьтан, биологийн төрөл зүйл зэрэг ойд юу байна тэр бүгдийг тоолдог учир шинэ арга зүй хэрэгтэй болсон. Аргачлалыг 2012 оны арванхо ёрдугаар сараас эхлэн нэг жилийн хугацаанд боловсруулсан. Мөн тооллого хийж дууссаны дараа тайлангаа нэгтгэх, боловсруулахад лаборатори хэрэгтэй. Энэ бүх техник, технологийн зардлыг Германы Засгийн газар гаргасан. Манай улсаас гаргасан тэрбум төгрөгийн 886 саяыг нь хээрийн судалгаа явуулсан 22 багийн цалин хөлсөнд зарцуулсан. Үлдсэн 114 сая төгрөгийг тооллогын дүнг нэгтгэхээр Ойн судалгаа хөгжлийн төвийн дэргэд байгуулсан лабораторид ажиллах хүмүүсийн цалин болон урсгал зардалд зориулна. Энэ тооллогыг хийснээр тэрбум төгрөгнөөс хэд дахин их хөрөнгө оруулалт орж ирэх учиртай.
-Яаж тэр вэ?
-Олон улс хооронд явагддаг карбоны худалдаа гэж бий. Хүлэмжийн хий хэчнээнийг үйлдвэрлэсэн, тэр үзүүлэлтээр нь өндөр хөгжилтэй орнуудаас мөнгө авдаг. Тухайлбал, Монголд нэг га ой тарилаа гэж бодъё. Гэвч манай улс нэг га-д ой тарьж ургуулахад хэдэн төгрөгөөр үнэлэхийг тогтоогоогүй. Энэ тооллогоор Монголын нэг га шилмүүст ой тийм хэмжээний хүлэмжийн хий шингээдэг гэсэн тооцоо гарна. Ийм тооцоо хийсний дараа төлбөр авах боломж бүрдэх юм. Аж үйлдвэр өндөр хөгжсөн улсууд манайд мод тарьж, хүлэмжийн хийн ялгарлыг дүйцүүлэн бууруулахаар Монголыг сонгох нь гарцаагүй.
-Хүлэмжийн хий бууруулахад ой модноос гадна өөр юу чухал вэ?
-Ургамал, далай, хөрс нь хүлэмжийн хийг шингээдэг. Ой, ургамлыг устгавал хүлэмжийн хийн ялгарлыг ихэсгэж байна гэсэн үг. Үүнийг багасгах хоёр арга бий. Эхнийх нь дэвшилтэт техник ашиглах, нөгөөх нь ногоон массыг нэмэгдүүлэх. Ой, ургамал жилд 450-650 тэрбум тонн хүлэмжийн хий шингээн авдаг гэсэн олон улсын байгууллагаас гаргасан тоо бий. Энэ хийн 80 хувийг ой шингээдэг. Ойн доройтлыг бууруулснаар хүлэмжийн хийг багасгаж, дулаарлыг зогсоож чадна. Дулаарлыг зогсоовол экологийн тэнцвэр хадгалагдана.
-Хулгайн мод бэлтгэх, түймэрт өртөх зэргээр ойн нөөц хомсдож буй гэдэг. Яамнаас ямар бодлого барьж байна вэ?
-Хууль бус мод бэлтгэл, хүний ойн түймэр их гардаг. Бугын эвэр түүх, мод бэлтгэх гэж түймэр тавьсан тохиолдол ч гарч байсан. Гэхдээ улс орны хөгжил, хүний ухамсар дээшлэхийн хэрээр энэ сөрөг нөлөө жилээс жилд буурч байна. Иргэд шөнийн цагаар нойтон мод унагаж банз, дүнз болгож зардаг байсан бол одоо ойн санг хамгаалж, тарьж ургуулах нь ямар ашигтай болохыг ойлгож эхэлсэн. Ойн сан доройтож байгаа нь үнэн. Гэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, нөөцийг нь тогтоож, зөв ашиглах юм бол манай орны ойн сан монголчуудын мод, модон материалын хэрэглээг бүрэн хангах боломжтой. Бид бортого (тарьц ургуулах зориулалттай сав) үйлдвэрлэх машин, бортогонд орох хөрсний судалгаа, туршилт хийж байгаа. Ирэх жилээс эх орондоо бортого болон үржил шимтэй хөнгөн хөрс үйлдвэрлэж эхэлнэ. Мод тайрах биш тарих нь эдийн засгийн хувьд ашигтайг олон нийтэд ойлгуулах нь чухал байна.
Ч.БОЛОРТУЯА