Тэртээ 1950-иад оны сүүлчээр Говь-Алтай аймгийн Шарга сумыг байгуулах үед барилгын ажлыг Монгол, Хятадын хоёр бригад гүйцэтгэж байжээ. Монголын бригадын ахлагч нь эмэгтэй хүн, тэр тусмаа нялх хүүхэдтэй хөхүүл эх байсан нь Сандуйн Лхагважав гуай. Сумаас 20 орчим км зайд орших уулнаас чулуу зөөж, байшин барьж байсан бригадын ахлагч тэрбээр охиноо хөх үүлэхийн тулд тэр хооронд явган ирж, очдог байж. Нэг удаа оройхон хэрд уулнаас бууж явахад араас нь чоно дагаж сүрхий айлгасан гэдэг. “Үрийнхээ төлөө явж байгаа эх хүнийг чоно хүртэл мэдэрдэг юм уу, шууд дайрч зүрхэлдэггүй юм билээ. Хөөрхий минь, тэр чоно над руу ялимгүй дөхсөнөө буцаж холдчихоод байсан” хэмээн хуучилж суугаа энэ буурай өдгөө 84 настай. Арван хүүхэд төр үүлж, өсгөсөн буянтай ээжийн хоёр дахь хүү нь соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар. Тэрбээр “Ээжийн минь тал их олуул. Тэдний дунд урлаг, уран зурагт авьяастай сэхээтэн хүн олон байдаг. Аав минь харин техник их сонирхоно. Аавыг мотороо асаахад сумын төвийнхөн гэрэлтэй золгож, үдэш мотороо унтраахаар нь нам гүм болцгоодог байсан. Аавын талынхан бөхийн удамтай, олонх нь хөдөө нутагтаа амьдардаг малчид. Тэгэхээр бид аавынхаа талаас бяр, амьдралын хар ухаан өвлөж, ээжийнхээ удмынхнаас урлагийн мэдрэмж, авьяаснаас нь жаахан юм авч төрсөн болов уу” хэмээн хууч дэлгэв.
Үржин гуайн гэр бүлийнхэн, өвөг дээдсүүд нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул. Харин социализмын үед хаана шинэ бүтээн байгуулалт өрнөнө, тэнд Үржин гуай хамгийн түрүүнд томилогдон гэр бүлийнхнээ дагуулаад очдог байж. Говь-Алтай аймгийн Шарга сумыг анх байгуулахад “Мал аж ахуйн машинт станц”-ын тулгын чулууг тавьсан анхны гурван айлын нэг нь тэднийх. Говь-Алтай ой модгүй учраас их бүтээн байгуулалт ид өрнөх үед сүүлд хэсэг айлыг Завханы Цагаанхайрхан суманд мод бэлтгүүлэхээр тайга руу илгээхэд тэднийх мөн л түрүүлж очжээ. Аавынхаа ажлын шаардлагаас болоод арван хүүхэд нь Говь-Алтайн Төгрөг, Шарга сум, Завхан аймаг, Сэлэнгийн Зүүнхараа, Улаанбаатар хот гээд газар газраас төрсний гэрчилгээ авцгаасан түүхтэй. С.Лхагважав гуайг 15 настай байхад нэг удаа том ах нь аймгийн төвөөс гэрийнхэндээ захидал явуулжээ. Өнөөх захидлыг нь бичиг үсэг мэддэг нутгийн хүнээр дуудуултал “Лхагважаваар 15 тэмээ хөтлүүлээд яаралтай аймаг руу явуул” гэсэн байж. Их л том ажил гарч дээ хэмээн сандарсан хөдөөгийнхөн жаахан охиноороо 15 тэмээ хөтлүүлээд аймгийн төв рүү ганцааранг нь явуулжээ. 15 настай охин Хан Тайширын нурууг давж, Шаргын говийг гатлаад 200-гаад км зам туулан байж аймагт ах дээрээ очтол өөдөөс нь “Хүүе, чи энд юу хийж яваа юм бэ” гэх нь тэр. Захидал дуудаж өгсөн “худалч” нөхрөөс болж баахан тэмээ хөтлөөд нааш, цааш явах болсондоо хор шар нь хөдөлсөн С.Лхагважав гуай тэр цагаас хойш бичиг үсэгт тайлагдахын хүслэн болжээ. Тэгээд 1947 онд сумын төвд хичээллэдэг бичиг үсгийн дугуйланд өөрийн хүсэлтээр ороод, сайн сурсан тул тэндээ багшаар үлдэн, суртал ухуулга хийдэг эвлэлийн ажилтан болсон гэдэг. Бичиг үсэггүй байхын гашуун зовлонг өөрийн биеэр мэдэрсэн учраас хожим хүүхдүүдээ заавал эрдэм номтой хүн болгоно хэмээн уйгагүй зүтгэсний хүчээр бараг бүгдийг нь их, дээд сургууль төгсгөжээ.
Арван хүүхдийнх нь дунд соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагчаас эхлээд V баазын “Саятан жолооч”, авто инженер, эмч, Монголын анхны хүүхэлдэйн киноны зураач, Ким Ир Сений үед Хойд Солонгост мэргэжил эзэмшсэн химийн инженер, бас хоёр, гурван ч эрдэмтэн бий. “Аав минь 1974 онд 52-хон насандаа бурхан болсон учраас ээж л биднийг хүн болгосон доо. Хэрэв нутагтаа, ах дүү нарынхаа дунд амьдарсан бол аав илүү урт наслах ч байсан юм бил үү гэж боддог. Аавын үеийнхэн одоо ч амьд сэрүүн, нутагтаа аж төрцгөөж байна. Гэтэл хөөрхий аав, ижий минь хэдэн хүүхдийнхээ ирээдүйг бодоод л хот руу зүтгэсэн байж таараа. “Та нар сумын төвийн хүүхдүүд. Хөдөө гарвал мал маллаж мэдэхгүй, ажил хийе гэхээр суманд ажил тийм амархан олдохгүй. Тиймээс хот руу нүүцгээе. Тэнд Үйлдвэр комбинатад ажиллацгааж болох байх. Бас завшаан гарвал бүгд их, дээд сургуульд орох ч боломжтой” гэж аавынхаа хэлж байсныг сайн санадаг юм. Хотод ирээд манайхан хөлөө олох гэж Улаанбаатарыг нар зөв гурав, нар буруу гурав тойрч нүүсэн дээ. Манайхыг хотод нүүж ирээд удаагүй байхад аав өөд болсон” хэмээн Хүрэлбаатар найрагч бага залуу насны амьдралаа эргэн дурслаа.
-Ээж ээ, би нээрээ дээхнэ Ёндонсамбуу даргатай таарсан. Яагаав, манайхыг Дархан цаазат газарт амьдарлаа гээд Зайсангаас хөөж өөр тийш нүүлгэсэн дарга шүү дээ.
-Аан за.
-Таны гарын үсэгтэй бичиг одоо ч манайд байдаг гэсэн чинь Ёндонсамбуу дарга “Хүүе, тэрийгээ надад өгөөч, их хэрэгтэй эд байна даа” гэж байна. Тэгэхээр нь би “Та нарын яриад байдаг нөгөө дархан цаазат газар чинь одоо ямар болсныг харж байгаа биз дээ” гэж амыг нь асуухад учиргүй инээж байна лээ.
-Нээрээ биднийг 500 айлд амьдарч байхад Саруул дэнжийн сайхан хороолол байгуулна гээд эндээс хөөхөд нь Зайсанд очоод овоо төвхнөөд байтал тийм хэрэг мандсан л даа. Тэгээд Зайсангаас Цагаанхуаран руу очоод байж байтал зун нь үер буугаад, дахиад XIII хороолол руу нүүж билээ хэмээн ээж, хүү хоёр эртний явдлаа нэхэн дурсав. Авто инженерийн чиглэлээр Монголоос анх удаа Эрхүүд сурч төгссөн таван хүний нэг С.Сэрээтэр хэмээх эрхэм түүний хамгийн бага дүү нь байжээ. Олон хүүхдээ дагуулаад хөдөөнөөс нүүж ирсэн эгчдээ туслахаар тэр дүү нь С.Лхагважав гуайг өөрийнхөө ажилладаг Тээврийн институтэд цэвэрлэгчээр ажилд оруулжээ. Наанадаж хэдэн балчир хүүхдүүдийнхээ төлөө, цаанадаж улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хаана ч очсон хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөж сурсан тэрбээр ажилдаа гаршиж, сүүлдээ ШБОС буюу шинэ бүтээл, оновчтой санаа гарган мандаж, лаборант хүртэл дэвшсэн гэдэг. Бензинд ус хольсон үгүйг тэр дор нь “илчлэх” мэдрэгч тууз хүртэл зохиож байжээ.
Нэвтрүүлэгч С.Чимгээгийн ээжтэй үй зайгүй найз байсан тэрбээр нэг удаа Сараагаа эмнэлэгт хэвтэхэд охиныг нь гэртээ харж хандан, халуун сүүгээ хөхүүлж явсан сайхан сэтгэлт эх. Тухайн үеийн цэвэрлэгчийн цалин болох 250 орчим төгрөгөөр арван хүүхдээ хэрхэн өсгөснөө дурсахдаа С.Лхагважав гуай “Болгоё гэвэл бүх зүйл болдог л юм. Би хүүхдүүдээ их эрхлүүлж өсгөсөн дөө” хэмээв. Эрүүн дэх сахал нь бууралтаж яваа хөгшин хархүү энэ үед хажуугаас нь “Би хэр их эрх хүүхэд байсан юм бэ” гэхэд “Эрхлэлгүй яах вэ. Чи харин ч хамгийн эрх нь байсан шүү” гээд хацар дээр нь шовхийтэл үнсэв. Ээжтэйгээ өтөлж яваа найрагчийн сэтгэл ямархан дүүрэн, хэчнээн бардам эрхэмсэг оршдог бол гэж бодоход дотроос нэг л тийм дулаахан зүйл төөнөх шиг. Ү.Хүрэлбаатар, Ү.Цэцэгмаа гээд ар араасаа дүү нар нь төрчихөөд байхад том хүү Ү.Жанцанхорлоо нь зайгаа тавьж өгөхгүй, хөхнөөсөө “зүүгдээстэй” байсан гэхээр хүүхдүүдээ аргагүй л эрх өсгөсөн байж таарна. Тэгтлээ хайрлаж өсгөсөн арван сайхан үрээс нь сүүлийн хэдэн жилийн дотор гурав нь ойр ойрхон өөд болчихсонд харуусан гашуудсан эхийн сэтгэл санаа үймэрч, зарим зүйлээ мартаж, санадаг болсон гэнэ. С.Лхагважав гуай залуудаа урлаг уран сайханд жигтэйхэн дуртай, үгийн толгой холбон шүлэглэх нь холгүй ярьдаг хүн байж. Хүрэлээ найрагчийг хөгжмийн анхны мэдэгдэхүүнтэй болгосон хүн бол ээж нь.
-Ээж ээ, намайг тавдугаар ангид байхад аав та хоёр хот ороод ирэхдээ мандолин, гармон хөгжим авчирч байсан даа. Тэрийг та явж авсан юм уу, аав уу?
-Түүнийг чинь би өөрөө л зорьж очиж авсан юм шүү дээ. Их дэлгүүрээс л авсан шиг санагдаж байна. Би та нарт хөгжим авч, аав тань харин угсардаг том машин худалдаж авсан юм.
-Би гармон хөгжмөө, миний дараах эрэгтэй дүү Жагаа маань мандолинаа барьчихаад “Талын таван толгой” дууг хөгжимддөг байж билээ. Ээж харин найзуудаа гэртээ цуглуулчихаад тэр аянд нь бүжиглэдэг байсан, тийм ээ. Ингэхэд та тэр дууг хэнээр заалгаад хөгжимдөж сурсан юм бэ?
-Хэн надад заах вэ дээ. Өөрөө л сонсголоороо ая оруулж сурсан хэрэг. Хөгжмийнхөө энэ товчлуур дээр дарахаар дууны маань ийм үгтэй хэсэг нь таарч байна гээд цаасан дээр тэмдэглэж байгаад л сурсан. Чиний тоглодог байсан гармон дээр тоо тавьж өгсөн чинь тийм учиртай юм.
-Харамсалтай нь би гармоноо нэг их удаалгүй эвдсэн. Дотор нь юу байдгийг үзэх гээд ахтайгаа хоёулаа хутгаар зүсчихэж билээ хэмээн хүүгээ багын “нууцаа” дэлгэхэд ээж, хүү хоёр тэрүүхэндээ хөгжилдөөд авлаа. Дуу хуурын тухай яриа болоход С.Лхагважав гуай “Үлэмжийн чанар”-ыг аялж,
...Үзэсгэлэнтэй сайхан сахалтай царайг нь
Үзээд үзээд ханашгүй еэ хө...
хэмээн тэрүүхэн хооронд үгийг нь ялимгүй өөрчилж дуулаад, сахалт хүүгээ дахиад л өхөөрдөн үнсэв. Хүү нь харин “Манай ээж одоо ийм цоглог байгаа юм чинь залуудаа ямар галзуу байсан нь ойлгомжтой биз дээ” хэмээн ээжийгээ “явуулав”. Ирээдүйн нэрт найрагч хүүгийнх нь анхны дуу, шүлэг хоёул эхийн тухай байсан гэхээр ээжийнхээ ачийг эртнээс хариулж ирсэн гэлтэй. Хүүгийнхээ зохиосон дуунуудын нэгэнд нь хамгийн их дуртай, бүр учиргүй их баярласнаа хэлээд, өнөөхөө аялах гэсэн боловч санасангүй ээ. Сүүлдээ “Яг ингээд хэрэг болохоор юмаа санадаггүй сонин хог шүү” гээд дуулахаа болив. Хүүхдүүдийнхээ багадаа эдэлж хэрэглэж явсан оёдлын “хөл машин”, хичээлээ давтдаг байсан аяганы модон ширээ хоёрыг ээж нь одоо ч өөрийнхөө өрөөнд нандигнан хадгалдаг юм билээ.
Л.ГАНЧИМЭГ