- “ДОХ бол гепатит В, С вирустай адил архаг халдварт өвчин” -
ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхамтай ярилцлаа.
-“Глобал” сангийн ХДХВ/ДОХ-той тэмцэх чиглэлээр манайд хэрэгжүүлж байсан төсөл дууссан. Төслөө үргэлжлүүлсэн үү?
-Төсөл тодорхой хугацаатай хэрэгждэг. Төслийн нэг үе нь 2014 онд дууссан. Ингэснээр ХДХВ/ДОХ-д зарцуулдаг мөнгийг шууд улсын төсөвт тусгах хэцүү учраас 2014 оныг дуустал шилжилтийн үеийн буюу бага хэмжээний санхүүжилтийг “Глобал” сан манайд өгч байгаа. Төслийн дараагийн шат хэрэгжих боломжтой орны тоонд манай улс багтаж буй. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яам, “Глобал” сангийн Монгол дахь үндэсний зохицуулах зөвлөл, холбогдох байгууллагууд хамтран 2015-2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, төслөө өргөн барьсан. “Глобал” сангийн шат шатанд хэлэлцэгдэн, эхний байдлаар тэнцсэн. Ингэснээр ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулах санхүүжилт ирэх жилээс орж ирэх байх. Гэхдээ энэ нь халдварын тархалт өндөр байгаа эрсдэлт бүлэг болох бэлгийн цөөнх, биеэ үнэлэгчид рүү чиглэнэ. Засгийн газар, ЭМЯ, ХӨСҮТ төсөл дууслаа гээд зүгээр суугаагүй. Олон улсын хандивлагч байгууллагуудын санхүүжилт багасах хандлага ажиглагдсан учраас 2011 оноос эхлээд улсын төсөвт үе шаттайгаар ХДХВ/ДОХд зориулж, хөрөнгө суулгасан. Тухайлбал, 2013, 2014 онд халдвартай хүмүүсийн ретровирусийн эсрэг эмчилгээний бүх зардлыг улсын төсөвт суулгасан.
-“Глобал” сан жилд дунджаар хэдэн төгрөгийн санхүүжилт олгодог вэ?
-Зөвхөн ХӨСҮТ-д гэхэд дунджаар нэг тэрбум орчим төгрөг өгдөг байсан. Үүнийг ХДХВ/ДОХ-ын оношлуур, халдвартай хүмүүсийн ретровирусийн эсрэг болон дагалдах халдварын эмчилгээ, халдвартай эхээс төрс өн хүүхдийн оношилгоо, тэдэнд шаардлагатай сүү орлуулагч, нэмэлт тэжээл зэрэгт зарцуулдаг. Мөн бэлгийн замаар дамжих халдварын оношилгоо, эмчилгээ, бэлгэвч зэргийг хариуцдаг байсан. Үүнээс гадна сурталчилгаа, эмч, эмнэлгийн ажилтны сургалтад тодорхой хэмжээний мөнгө төсөвлөдөг. Ер нь ХДХВ/ДОХоос сэргийлэхэд зориулж, манай улс жилд дунджаар таван тэрбум орчим төгрөг зарцуулдаг.
-ХДХВ/ДОХ-ын хэдэн төрлийн эм манайд байна вэ?
-Дэлхий дахинд хэрэглэж байгаа олон эмийн хослолыг манайх ашиглаж буй. Эмчилгээнд олон эм хослуулж хэрэглэдэг учраас төдөн эм гэж хэлэхэд түвэгтэй.
-Манайх ХДХВ/ДОХ-ын эмээ хаанаас, яаж авдаг вэ?
-Өмнө нь бол “Глобал” сангаас захиалж, авдаг байсан. 2013 оноос улсын төсвөөс мөнгийг нь гаргадаг болсноор бид өөрсдөө эм захиалдаг болсон. Ретровирусийн эмийг зах зээлээс худалдаж авахад их өндөр үнэтэй. Иймээс НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан захиалж, авдаг.
-Улс орнуудыг ХДХВ/ДОХ-той хүнийх нь тоогоор ангилдаг юм билээ. Манайх аль ангилалд нь багтдаг вэ. Ямар шалгуураар үүнийг тогтоодог юм бол?
-ХДХВ/ДОХ-той хүнийх нь тоогоор бага, төвлөрсөн, өргөн тархсан гэж ангилдаг. Энэ ангиллыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр тогтоодог. Манайх нийт хүн амын дунд халдварын тархалт багатай, эрсдэлт бүлгийн дунд төвлөрсөн тархалттай орон. Эрсдэлт бүлэгт биеэ үнэлэгч, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгч, эрчүүдтэй бэлгийн харилцаанд ордог эрчүүд ордог. Энэ хүмүүсийн дунд халдварын тархалт таваас дээш хувь байх юм бол төвлөрсөн тархалттай болж байгаа юм. Манайх бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ/ДОХын тандалтын судалгааг хоёр жил тутам хийдэг. 2011 оны судалгаагаар эрсдэлт бүлгийн дунд халдварын тархалт 7.5 хувь гарсан.
-АНУ-д гэхэд хоёр жил тутам бүх иргэнээ ХДХВ/ДОХ-ын шинжилгээнд албадан хамруулдаг гэсэн. Манайх ингэж болдоггүй юм уу?
-Холбогдох хууль, тогтоомжинд ХДХВ/ДОХ-ын шинжилгээг албадан хийхгүй, тухайн иргэн сайн дураараа хамрагдана гэж заасан. Гэхдээ тодорхой ажил мэргэжлийн хүмүүс болон жирэмсэн эмэгтэйчүүд заавал шинжилгээнд хамрагддаг. Үйлчилгээ үзүүлэгчийн санаачилгаар ХДХВ/ДОХ-ыг илрүүлэх шинжилгээ хийх Эрүүл мэндийн сайдын тушаал 2012 онд батлагдсан. Энэ тушаалаар биохимийн шинжилгээ хийлгэж байгаа хүмүүс жилд нэг удаа, харин мэс засалд орж байгаа хүн тухай бүртээ ХДХВ/ДОХ-ын халдвар илр үүлэх шинжилгээнд үнэгүй хамрагдах ёстой. Манайх шиг нийт хүн амын дунд ХДХВ/ДОХ бага тархалттай орны хувьд олныг хамарсан шинжилгээ маш их өртөгтэй, үр дүн багатай байдаг. Бид ижил хүйстэн эрчүүдтэй ажилладаг төрийн бус байгууллагад түшиглэн, байнга судалгаа, шинжилгээ хийж байгаа. Ер нь эрсдэлт бүлгийнхнийг шинжилгээнд тогтмол хамруулж, харин нийт хүн амыг хаана ч шинжилгээ өгөх бололцоогоор хангах нь илүү үр дүнтэй. Улсын хэмжээнд 80 гаруй цэгт ХДХВ/ДОХ-ыг илрүүлэх шинжилгээ үнэгүй хийж байна. Сайн дурын зөвлөгөө, шинжилгээний төв улсын хэмжээнд 43 бий. Сумын Эрүүл мэндийн төвд түшиглэсэн Сайн дурын зөвлөгөө, шинжилгээний төв Баянхонгорын Бөмбөгөр, Галуут, Өвөрхангайн Уянга, Говь-Алтайн Алтай, Ховдын Булган, Дорноговийн Замын- Үүд суманд байдаг.
-ХДХВ/ДОХ-той хүмүүсийн 98.3 хувь нь бэлгийн замаар халдвар авчээ. Үлдсэн нь ямар замаар халдвар авсан юм бол?
-Ер нь бүгд бэлгийн замаар халдвар авсан. 1.7 хувь нь бэлгийн замаар халдвар авснаа хүлээн зөвшөөрдөггүй. Тэд халдвартайгаа мэдээд тулгамддаг учраас бэлгийн замаар аваагүй гэдэг. Тодорхой хугацааны дараа тандалт судалгаагаар бэлгийн замаар авсан нь батлагдаж, хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ “Бэлгийн замаар халдвар аваагүй” гээд байгаа хүнийг бид автоматоор “авсан” гэж болохгүй учраас ийм тоо гараад байгаа юм. Одоогийн байдлаар эмнэлэг болон цус, цусан бүтээгдэхүүнээс халдвар авсан, эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй.
-ДОХ-той гадаадын 21 иргэн манайд байсныг эмч нар илрүүлсэн. Тэд одоо хаана амьдарч байна вэ?
-Тэдний олонх нь нутаг буцсан. Одоогоор 1-2 хүн манайд бий.
-ХДХВ/ДОХ-той хүмүүсийг халдвар тараахгүй байхад хэрхэн анхаарч ажилладаг вэ?
-Энэ бол хамгийн тулгамдсан асуудал. Тэднийг өдөр тутам манай эмнэлгийн ажилтан дагаж явах боломжгүй. Тэгэхээр тэр хүнд ойлгуулах талаас нь анхаарч ажилладаг. ХДХВ/ДОХ-оос сэргийлэх тухай хуульд “Халдвартай хүн халдвараа бусдад тараахгүй байх ёстой” гэсэн байдаг. Халдвартай хүнд энэ бүх заалтыг танилцуулж, гарын үсэг зуруулдаг.
-ХДХВ-тэй нь илэрсэн ч ДОХ болоогүй тохиолдолд манайх эмчилгээ хийдэггүй байсан. Одоо бол өвчтэй нь илэрмэгц эмчилгээ хийдэг болсон гэл үү?
-Өмнө нь ХДХВ оношлогдонгуут дархлалын эсийг тодорхой түвшинд бууртал хүлээж, эмчилгээ хийдэггүй байсан. Харин 2013 оноос шууд эмчилгээ хийх болсон. Энэ нь хоёр ач холбогдолтой. Нэгдүгээрт, тухайн хүн эмчилгээндээ эрт орсноор нь ДОХ-ын шатанд шилжихийг сааруулна. Хоёрдугаарт, халдвар тараах эрсдэл багасдаг.
-ХДХВ/ДОХ-той хүн эдгэсэн гэх тохиолдол гадаадад бий. Манайд эдгэсэн хүн байдаг уу?
-Эдгэсэн нэг ч хүн дэлхийд байхгүй. Харин эмчилгээ нь үр дүнтэй, дархлааны эсүүд нь хангалттай өндөр түвшинд хүрсэн хүмүүс бий. Манайд ч байгаа. Энэ нь хүний бие махбодийн онцлогоос гадна эмчийн хяналтад байнга байж, эмээ цаг тухайд нь ууж байгаатай холбоотой. Эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс эмчилгээгээ зогсоох л юм бол вирусийн ачаалал нэмэгдэнэ. Тэгэхээр насан туршдаа эм уух хэрэгтэй.
-Анх ДОХ авсан манай улсын гурван иргэний хоёр нь нас барсан. Нэг нь амьд байгаа. Тэр хүн ингэж урт насалж байгаа нь эмчилгээтэй холбоотой юу?
-Тийм ээ. Тэр хүн эмчийнхээ хяналтад байж, эмээ цаг тухайд нь ууж, энгийн хүн шиг амьдарч байна. Ер нь эмчилгээ сайн хийлгэвэл ДОХ-оор нас барахгүй. Хэд л бол хэд наслах боломжтой. Хүмүүс халдвартайгаа мэдэхгүй олон жил болж, ДОХ-ын шатандаа оношлогдож, эмээ ууж амжилгүй нас бардаг. ХДХВ/ДОХ бол гепатит В, С вирустай адил архаг халдварт өвчин.
-Манайд илэрсэн ХДХВ/ ДОХ-той хүмүүсийн 50 гаруй хувь 15-24 насны залуус. Энэ нь юутай холбоотой вэ?
-Олон шалтгаантай. Энэ насны залуучууд тохиолдлын бэлгийн харилцаанд их орж байна. 15-24 насны залуучуудын дунд 2010 онд хийсэн судалгаагаар эрч үүдийн 75, эмэгтэйчүүдийн 40 гаруй хувь нь тохиолдлын бэлгийн харилцаанд орсон гэж хариулсан байсан. Тэгсэн атлаа бэлгэвч хэрэглэсэн нь цөөн. Тохиолдлын бэлгийн харилцаанд, тэгээд хамгаалалтг үй орно гэдэг халдвар тархах эрсдэл маш өндөр байгааг харуулж байна. Халдвартай залуучуудын олонх нь ижил хүйстэн эрчүүд.
-ХДХВ/ДОХ-той бүх хүн ХӨСҮТ-ийн хяналтад байдаг. Харин одоо дүүрэг бүрт нь хяналтад оруулна гэсэн. Хэзээнээс ингэх вэ?
-ХДХВ/ДОХ-той хүмүүсийг дүүрэгт нь хянадаг болгохоор төлөвлөж байгаа зүйл бий.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ