Төрийн өмчийн томоохон их сургуулиуд шинэчлэлийг хичээлийн хөтөлбөр, бүтцээ өөрчлөхөөс эхлүүлсэн. Гэтэл эдгээр сургуулиас хамгийн их хэл ам дагуулж буй нь МУИС. Багш нар нь бараг хоёр сар тутамд нэг удаа хэвлэлийн хурал зарлан, шинэчлэлийг эсэргүүцэж, бүтцийн өөрчлөлтийг хууль бус хэмээн шүүхэд хүртэл хандаад амжсан. Мөн багш нар нь оюутнуудаа уриалаад байна уу гэмээр дүр зураг анзаарагдаж, оюутнууд нь жагсаал хийсэн удаатай. Тус сургуулийн залуу багш нар өнгөрсөн баасан гаригт хэвлэлийн хурал хийж, мөн л шинэчлэлийг эсэргүүцлээ. Тэд академик эрх чөлөө нь хязгаарлагдаж, тэнхимийн эрхлэгчээ сонгох нь бүү хэл, үг дуугарах ч эрхгүй болсноо хэлэв. Шинэчлэлийн эсрэг үг дуугарсан залуучууд эрдмийн зэрэг горилох, гадаадад сурах боломжгүй болох учраас олон залуу багшаа төлөөлж мэдээлэл хийж байгаагаа онцолсон. Тэдний хэвлэлийн хурал хийсэн хамгийн гол зорилго нь удирдлагадаа үгээ хүргэх гэнэ.
Багш нар “Биднийг мэдлэг, чадвар, ажлаар маань шүүж болно. Харин юу хэлж байгаагаар нь шүүж болохгүй. Оюутнууд дунд сургуулийнхаа хичээлийг их сургуульд дахин хоёр жил үзэхээр боллоо. Энэ бол шинэчлэл биш ухралт. Манай багш нар шинэчлэл болохгүй байгааг шүүмжлэн УИХ-ын гишүүд, БШУ-ы сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид хандсан ч хариу алга. Хэрэв энэ байдал хэвээрээ байвал бид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ” гэв. Мөн тэд дэлхийн жишигт нийцсэн сургууль болохыг дэмжиж байгаа ч шинэчлэлийг ойлгохгүй байгаа гэнэ. Сургуулийн удирдлагууд шинэчлэл нэрээр цэвэрлэгч нарыг хүртэл солих болжээ. Түүнчлэн 40-50 их, дээд сургуулийн удирдлага оролцсон хуралд “Шинэчлэл болохгүй байна” гэж хэлсэн багшид хариуцлага тооцохоор тэнхим рүү нь бичиг хүртэл явуулсан гэлээ. Харин ахмад багш нар нь түүнийг “Идсэн хоол руугаа нулимлаа” гэж загнаж, ажлаа хийхэд хүндрэлтэй болжээ.
МУИС-ийн залуу багш нарын төлөөлөл П.Түвшинтөр “Шинэчлэл бүхэлдээ болохгүй байна. Шинэчлэх гэж байгаа бол хөрсөө бэлдэх ёстой. Гэтэл хүчээр бүтцийн өөрчлөлт хийж, “Үүнд тааруулж ажиллавал ажилла. Үгүй бол боль” гэж байна. Оюутнуудад тааруулж сургалтын чанараа дордуулах биш, харин манай сургалтын шаардлагад хүрсэн оюутнуудыг элсүүлэх ёстой” гэв.
Үүсээд байгаа асуудалтай холбогдуулан МУИС-ийн ректор А.Галтбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Танай сургуулийн багш нар үг хэлэх, танхимынхаа эрхлэгчийг ч сонгох эрхгүй байгаа гэлээ. Энэ үнэн үү?
-Багшийн үг хэлэх эрхийг боогдуулсан зүйл байхгүй. Манай сургуулийн бодлогын чанартай стратеги, төлөвлөгөө, дүрэм журмыг багш нарын нээлттэй хэлэлцүүлэг болон багш нараас бүрдсэн Ажлын хэсэг байгуулж, олонхоороо шийддэг. Энэ ажлын хэсгүүдэд ажиллах, саналаа хэлэх эрх нь нээлттэй. МУИСийн дүрэмд тэнхимийн эрхлэгчийг Тэнхимийн хурлаас санал болгосон гурав хүртэлх хүнээс захирал томилно гэсэн байгаа. Тус дүрмийг бүх түвшинд хэлэлцээд, өнгөрсөн аравдугаар сард баталсан. Энэ дагуу л явж байгаа. Саяхан манай сургуульд БШУЯ-ны “Дээд боловсролын шинэчлэл” төслийн зөвлөх шалгаруулах уулзалт болсон. Энэ үеэр нэг залуу багш “МУИС-д дунд сургуулийн физикийн хичээл орж байна. Шинэчлэл хэрэгжсэнээр сургалтын чанар муудлаа” гэж ярьсан. Манай дэд захирал Физикийн тэнхимийн эрхлэгчид нь “Танай багш сургалтын чанар муудсан талаар хэллээ. Дунд сургуулийн хичээл ороод байгаа юм биш биз, хичээлийн чанарт анхаарна уу” гэсэн агуулгатай албан бичиг явуулсан байсан. Тэнхимийн эрхлэгч нь багш нараа цуглуулан ярилцахад ийм зүйл байгаагүй гэсэн. Гэтэл энэ процессыг хэвлэлийн хурал хийсэн нөхөд жишээ болгон авч, дарамталсан мэтээр гуйвуулан ярьж байна билээ.
-“Залуу багш нар ажлын байрны шаардлага хангахгүй байна. Болохгүй бол хална, эсвэл өөрсдөө ажлын байраа сулла” гэсэн гэж байсан.
-Бид шинэчлэл эхлэхэд л ажилтнуудаас нэг ч хүнийг халахгүй гэж хэлсэн. Жишээ нь, манайд сургалтын инженер нэртэй, хичээл заадаг мөртлөө багш бус, ажилтны статустай орон тоо бий. Үүнийг бид нэг мөр болгож байна. Ямар ч байсан хүнийг ажилгүй болгохгүйгээр асуудлыг шийдэх бодлого баримталж байгаа.
-Энэ жилээс нэгдүгээр курсийн оюутнууд мэргэжил сонголгүйгээр суурь хичээлүүдээ үзэж байгаа. Ирэх жил мэргэжлээ сонгоно. Гэхдээ эдийн засагч болох хүсэлтэй 300 хүүхэд байлаа гэж бодоход бүгд эдийн засагч болох боломжгүй. БШУЯ-наас өгсөн квот гэж байгаа. Шалгалтад тэнцээгүй, голч оноо нь хүрээгүй хүүхдүүд яах вэ. Дахиад л суурь хичээлээ судлах уу?
-Энэ жил квотыг БШУЯ-наас Хууль зүйн сургууль, Олон улсын харилцааны сургууль гэх мэт сургуулиар нь өгсөн. Мэдээж нэг мэргэжлийг бүх оюутан сонгох боломжгүй. Мэргэжил сонгохтой холбоотой журам гаргаж байгаа. Оюутнуудын дунд гурван удаа мэргэжил сонголтын тандалт явуулна. Энэ тандалтын үр дүн, тухайн хөтөлбөрийг заах багш нарын ачаалал, анги танхимын хүчин чадлыг тооцоод квот тогтооно. Өмнө нь хүүхэд МУИС-д орж л байвал яах вэ гээд дургүй мэргэжлээ сонгодог, дараа нь түүнийгээ солих гэж өргөдөл гаргаж, ихэнхдээ сольж чаддаггүй байсан. Одоо мэргэжил сонголт хүүхдийн судалсан хичээл, голч онооноос хамаараад квотоороо зохицуулагдана. Бид оюутнуудад нэг, хоёр, гурав гэсэн сонголт өгч байгаа. Нэгдүгээр сонголтдоо оноо нь хүрэхгүй бол хоёр дахиа, дараа нь гурав дахиа сонгоно. Мөн тодорхой кредит нэмж судлаад, давхар мэргэжил ч сонгох боломжтой.
-Танай сургууль энэ хичээлийн жилд төлбөрөө 13 хувиар нэмсэн. Гэсэн хэрнээ багш нарын цалинг нэмэхгүй байгаа гэх юм. Мөн засах шаардлагатай анги танхимыг биш, шаардлагагүйг нь засдаг гэж ярьж байсан.
-Бид өнгөрсөн жил захиргааны зориулалттай болон ашиглалт муутай олон өрөөг суллаж, хичээлийн, эсвэл судалгааных болгож өөрчилсөн. Нийт 50 шахам өрөө засах шаардлага гарсан. Ихэнхийг нь бид яамны хөрөнг өөр заслаа. Оюутны дотуур байруудыг ч засаж, тохижуулсан. Уг нь анги танхимуудаас аль шаардлагатайг нь л засаж байгаа. Харин багш нарын цалинг сургалтын төлбөрийн нэмэгдэлтэй уялдуулан нэмнэ. Энэ нь ажлын үр дүнтэй уялдсан байдлаар харилцан адилгүй байна.
-Магистр, докторын хөтөлбөрийг яагаад шинэчлээгүй юм бэ?
-Бүх асуудлыг нэг дор шийдэх боломжгүй. Өнгөрсөн хугацаанд бакалаврын хөтөлбөрөө шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнийгээ ч хийсэн. Харин энэ жил магистр, докторын хөтөлбөрөө шинэчилж байна.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ